• Утас
  • (976) 7011-1050
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Нийтлэл хайх

Шинэ мэдээ

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн хөдөлмөрийн дотоод журам


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1            Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (цаашид ''төв лаборатори''

гэх)-ын хөдөлмөрийн харилцаанаас үүсэх аливаа асуудлыг Монгол Улсын ''Төрийн албаны тухай'', "Хөдөлмөрийн тухай", "Төсвийн тухай", "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай", зэрэг хуулиудын холбогдох заалтууд тэдгээрт нйцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжууд, төв лабораторийн дүрэм, байгууллагын ҮЭХ-той байгуулсан хамтын гэрээ энэхүү хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

1.2            Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх үүргийг тодорхойлох, ажилтанг ажилд авах, давтан сургах, чөлөөлөх халах, ажлын цаг, цалин хөлс, амралтыг зохицуулах, чөлөө олгох, объектод хүн, бараа нэвтрүүлэх, харуул хамгаалалт, ажлын гүйцэтгээлийг үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, нөхөн төлбөр, тусламж, хөнгөлөлт үзүүлэх, дотоод хяналт, хөдөлмөрийн сахиалга, эд хөрөнгийн хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.

1.3        Төв лаборатори нь улсын онцгой объект тул дотоодын цэргийн харуулын хэсгийн бие бүрэлдэхүүн журмын холбогдолтой заалтуудыг дагаж мөрдөнө.

1.4         Зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны ажлын байр, өрөө тасалгаа. архив, агуулах, граж, лабораторийн байрлалыг шийдэх, өөрчлөхөд холбогдох нэгжийн даргын саналыг үнднслэн захирал шийдвэрлэнэ.

1.5           Жилийн төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, захиран зарцуулах ажлыг төв лабораторийн захирал, нягтлан бодогч нар хариуцаж дотоод журманд заасан нөхөн төлбөр, тусламж, хөнгөлөлт үзүүлэх, зэрэг асуудлыг батлагдсан төсвийн дагуу шийдвэрлэнэ.

1.6        Хууль тогтоомжинд заасан зөвлөл комисс, ажлын хэсэг зэргийг томилон, холбогдох дүрэм, зааврыг баталж, хэрэгжилтйг зохион байгуулж үр дүнг тооцно.

2.1.            Төв лабораторийн албан тушаалыг удирдах албан тушаалтан, мэргэжлийн, техникийн, бага тушаалын албан хаагч гэж ангилна.

2.2.           Удирдах албан  хаагчийн  ангилалд  захирал,  дэд  захирал,  ерөнхий  эмч, бүтцийн нэгжийн дарга, мэргэжлийн албан хаагчийн ангилалд чанарын менежер, нягтлан бодогч, хүний нөөцийн мэргэжилтэн, инженер, малын эмч, шинжээч, мэргэжилтэн нар, техникийн албан хаагчийн ангилалд техникч, жолооч, цахилгаанчин, слесарь, лаборант, санитарч, тогооч, нярав, амьтан маллагч, бага тушаалын албан хаагчид үйлчлэгч, хувцас олгогч, угаагч, зөөгч нар тус тус хамаарна

2.3.           Төв лабораторийн албан хаагч бүр Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн үйл ажиллагааны, хүний нөөцийн бодлогын, төсөв санхүүгийн, бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллана.

2.4.           Төв лабораторийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө нь ерөнхий менежер /захирал/-ийн үр дүнгийн гэрээний нэг хэсэг байна.

2.5.           Байгууллага ажлаа хагас, бүтэн жилээр, бүтцийн нэгж улирал, хагас жил, жилийн эцсээр, удирдах албан тушаалтан болон мэргэжлийн албан хаагч үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сараар гарган дээд шатны нэгж, даргаараа баталгаажуулан тайлагнана.

2.6.           Төрийн үйлчилгээний албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэх ба төрийн албаны зөвлөлийн журмыг дагаж мөрдөнө.

2.7.           Онцгой нөхцөлийн үед ажиллах төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулж жилд 1-2 удаа тодотгон дадлага сургууль хийнэ.

2.8.           Албан тушаалтан, албан хаагч, ажилтан нарт ажлын үнэмлэх олгоно. Үнэмлэхийг байнга биедээ авч яван ажилдаа ирэх, ажлаас тарахдаа үзүүлэн явганаар болон машинтайгаа нэвтэрнэ. Үнэмлэхээ мартсан үрэгдүүлсэн ажилтныг байгууллагад нэвтрүүлэхгүй, ажил тасалсанд тооцно.

2.9.           Төв лабораторийн захирлыг дэд захирал,  ерөнхий эмчийг гоц халдвартын нэгжийн дарга, дэд захирлыг бүтцийн нэгжийн дарга орлох бөгөөд түр эрх нь захирлын тушаалаар баталгаажна. Шинжилгээний дүнгийн хуудсанд ерөнхий эмч, тухайн нэгжийн даргын хамт гарын үсэг зурна.

2.10.        Бүтцийн нэгжийн дарга, ажилтанг захирал болон нэгжийн даргаас томилсон ажилтан орлоно. Ажилтны сул орон тоог түр хугацаагаар орлуулан гүйцэтгүүлж сарын үндсэн цалингийн 40 хүртэлх хувийг олгохыг захирлын тушаалаар шийдвэрлэж болно.

2.11.      Захирал, бүтцийн нэгжийн дарга нартай Даваа гараг бүр, ерөнхий эмч, дэд захирал эмч, мэргэжилтэн, ажилтан нартай Баасан гариг бүр ажил мэргэжлийн зөвлөгөөн, хурал хийнэ. Зөвлөлийн хурлыг захирлын шийдвэрээр, хамт олны хурлыг жилд хоѐроос доошгүй удаа, тасгийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийж хэрэгжилтийг хангуулж ажиллана.

2.12.        Захирамжлалын, зохион байгуулалтын болон бусад баримт бичгийг ажилтан төслөөр боловсруулж холбогдох албан тушаалтан (хөрөнгөтэй холбоотой бол нягтлан бодогчоор), нэгжийн дарга, дэд захирлаар хянуулсны дараа захиралд танилцуулан зөвшөөрөл авч захирлын туслахад өгнө. Захирлын туслах албан бичгийн бланк дээр хэвлэн гарын үсэг зуруулж тамга, тэмдэг дарж дугаар олгоно.

 Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг

3.1.           Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн доoд жишгийг үндэслэн цалин хөлсийг тогтоох, эрдмийн зэрэг цол, мэргэжлийн зэрэг, ур чадварын нэмэгдлийг зохих журмын дагуу олгоно.

3.2.         Ажилтныг  шагнал  урамшуулал,  салбарын  болон  төрийн  дээд  шагналд тодорхойлох, ажилтны ажлын нөхцөл, аюулгүй байдлыг хангах ажил зохион байгуулж, тэдний ахуй амьдрал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.

3.3.           Ажилтны өдөр тутмын ажлыг бүтцийн нэгжийн дарга нараар дамжуулан удирдаж хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдний мэргэшил, мэргэжлийн дагуу ажиллуулах, давтан сургах, тэдгээрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажил үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцлөөр хангасан орчин, ажлын байр, бичгийн болон техник хэрэгслээр хангана.

3.4.         Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанар,  хөдөлмөрийн нөхцлийг дээшлүүлэх, өрөө тасалгааны тохижилтыг сайжруулах арга хэмжээ авч хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж ажлын эмх цэгц, ажлын цагийн ашиглалт, хөдөлмөрийн бүтээмжид хяналт тавина.

 

3.5.           Цалин хөлс, урамшууллыг Ажилдаа ирж, буцах нийтийн тээврээр зорчих унааны болон хоолны зардлын 50 хувийг сар бүр байгууллагаас ажилтан бүрт олгох, цалингийн зээл авах, зээл тусламжид хамрагдах зэрэгт тодорхойлолт гаргаж өгнө.

3.6.           Ажиллагсдыг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт бүрэн хамруулах, мэргэжлээс шалтгаалах өвчний шинжилгээг жил бүр хийлгэж лабораторийн шинжээч эмч нарыг халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтанд тухай бүр хамруулж, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн олгож, ажлын хувцас, хэрэглэл, үйлчилгээнд шаардлагатай материалаар хангана.

3.7.           Ажилтан иргэнээс амаар болон бичгээр гаргасан өргөдөл,  гомдлыг захирлын туслах хүлээн авч бүртгэн холбогдох албан тушаалтанд танилцуулах, хариу өгөх асуудлыг хариуцана.

3.8.           Ажлын  дэглэм,  дотоод  журам,  технологийн  горимыг  сахиулах,  зөрчил  гаргасан  тохиолдолд  гэм  буруутай  ажилтанд  хууль  тогтоомжийн  дагуу  хариуцлага хүлээлгэнэ.

Дөрөв. Ажилтны эрх, үүрэг

4.1.           Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, хууль тогтоомжоор олгогдох эрх хөнгөлөлтийг эдэлнэ.

4.2.           Сургалтанд хамрагдах, ажлаа үнэлүүлэх, өөрийн эрхэлсэн болон төв лабораторийн ажлыг сайжруулах талаар санал тавих, шүүмжлэх, хөдөлмөрийн зохих нөхцөл, ажлын техник багаж хэрэгслээр хангуулна.

4.3.           Ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж энэхүү журмаар тогтоосон дэг журмыг чанд мөрдөж, үүрэгт ажилдаа үнэнч сэтгэлээр хандаж өөрийн мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлнэ.

4.4.           Хууль тогтоомжийн дагуу албан тушаалд тавигдах зарчим, шаардлага, ѐс зүйн хэмжээг чанд мөрдөж ажиллана.

4.5.           Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авч дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэж өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлган архив, албан хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөж байгууллагын нууцыг чандлан хадгална.

4.6.           Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийг сахин биелүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон архи, тамхины хортой тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлнэ.

4.7.           Техник хэрэгсэл, эд хөрөнгө, бараа материалыг зориулалтын дагуу ашиглан нягтлан бодогч, хариуцсан няравын зөвшөөрлөөр ажилтан болон өрөө хооронд шилжүүлэх, ажлаас түр чөлөөлөгдөх, халагдахдаа эд хариуцагчид хүлээлгэн өгч тооцооны хуудас зуруулна.

 Тав. Ажилтанг ажилд авах, сургах, ажлаас чөлөөлөх, халах

5.1.           Төрийн албаны тухай, хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан ажлын байранд тавигдах шаардлага, болзлыг үндэс болгож сонгон шалгаруулах замаар сул орон тоог нөхнө. Сул орон тоог эхний ээлжинд ажиллаж байгаа албан хаагчаас, боломжгүй тохиолдолд ажлын байрыг зарлан  2-оос  доошгүй  иргэнээс  шалгаруулалт явуулах замаар нөхнө.

5.2.           Сонгон   шалгаруулахдаа    иргэний   бүрдүүлсэн    материалтай    танилцан шалгалт авч ярилцлага зохион байгуулна. Шалгалт авах, ярилцлага зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг захирал томилно. Комиссын санал дүгнэлтийг захирлын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ. Иргэнийг анх ажилд авахдаа захирлын тушаал гаргаж туршилтын хугацаа, цалин хөлсийг тогтоож өгнө. Туршилтын хугацаа 6 сар хүртэл байна.

5.3.           Хүний нөөцийн мэргэжилтэн, био аюулгүй чанарын менежер, нэгжийн дарга шинээр ажилд орсон албан хаагчид ажлын байр, дүрэм, дотоод журам, дотоод дэг, ажилтны эрх үүрэг, гүйцэтгэх ажил, цалин хөлс, амралт, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл баталгааг тайлбарлан таниулна.

5.4.           Зайлшгүй шаардлагатай ажил, үйлчилгээг байгууллага, иргэдтэй хамтран хууль тогтоомжид заасан журмын хүрээнд гэрээгээр гүйцэтгүүлж болно.

5.5.           Ажилтныг ажлын байран дээр болон дотоод гадаадын сургалтанд хамруулах замаар давтан сургана. Шаардлагатай тохиолдолд хэлний сургалтанд хамруулж болно. Ажилтан 3 сар хүртэлх хугацаатай дотоод, гадаадын дамжаа сургалтанд хамрагдахад ажлын байрыг хадгалж цалинг олгох бөгөөд гэрээ байгуулна.

5.6.           Сургалтанд 3 сараас дээш хугацаагаар хамрагдах тохиолдолд захиргааны санаачлагаар ажлаас түр чөлөөлж холбогдох тооцоог хийнэ. Ажлаас түр чөлөөлөгдөх тухай шийдвэрт заасан хугацаанд ажилдаа эргэж ороогүй бол гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө.

5.7.           Төрийн албаны тухай, хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх буюу хална.

5.8.           Ажил олгогч нь тооцооны хуудсыг үндэслэн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг ажилтанд олгож хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмж олгоно.

 Зургаа. Ажлын цаг ашиглалт, цалин хөлс, томилолт, амралт, чөлөө

6.1.           Долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байна. Ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны цагийг хуулийн дагуу богиносгоно.

6.2.           Ажилтан бүр ажилдаа ирэх, ажлаас явах, ажлын цагийн дундуур гадагш явахдаа бүтцийн нэгжийн дарга нарт болон цаг бүртгэх төхөөрөмжид өөрийн биеэр бүртгүүлнэ. Ажлын цагаар гадагш гарахдаа хаашаа явах, ямар газар байхаа нэгжийн дарга нарт мэдэгдэж зөвшөөрөл авна.

6.3.           Ажлын цагийн нэгдсэн бүртгэлийг нэгжийн дарга сар бүрийн 25-нд гаргаж, захирлаар баталгаажуулан нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч цалин хөлсийг сар бүрийн 10, 26-ны өдөр бодож олгон, ажилтан бүрээр гарын үсэг зуруулна. Цаг бүртгэх төхөөрөмжийн ажиллагаа болон цагийн нэгдсэн бүртгэлийг гаргуулах, хяналт тавих ажлыг хүний нөөцийн мэргэжилтэн хариуцна.

6.4.           Ажилтанд үндсэн ажлынхаа зэрэгцээ эзгүй байгаа ижил буюу ахлах албан тушаалын ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингийн 40% хүртэл нэмэгдэл хөлс олгоно. Ээлжийн амралтаа эдэлж байгаа албан хаагч, ажилтныг орлоход энэ заалт хамаарахгүй.

6.5.           Албан ажлын зайлшгүй шаардлагаар эсвэл удирдлагын шийдвэрээр илүү цаг /байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүчний хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах, халдварт өвчний оношлогоо бусад тохиолдол/-аар болон нийтээр амрах баярын өдөр, бямба, нямд ажилласан ажилтныг нөхөн амруулах эсвэл түүнд дундаж цалин хөлсийг 1.5-2.0 дахин нэмэгдүүлж захирлын тушаалаар олгоно.

6.6.           Ажилтныг орон нутагт байгууллагаас баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллуулсан нөхцөлд албан томилолтын зардал олгоно. Албан томилолтын тооцоог ажилтан ирснээсээ хойш ажлын 5 өдөрт багтаан хийнэ. Удирдамжид тайлан бичихээр заасан ажилтны томилолтын үлдэгдэл зардлыг ажлын тайланг хүлээн авсны дараа олгоно.

6.7.         Өөр байгууллагын томилолтоор явахдаа захирлаас зөвшөөрөл  авч албан ажил, цалин хөлсөө шийдвэрлүүлнэ. Цалин хөлс давхардуулан олгохгүй байх зарчмыг баримтална.

6.8.           Ажилтан бүр жилд 1 удаа ээлжийн амралтаа тухайн жилдээ багтаан биеэр эдэлнэ. Хүний нөөцийн мэргэжилтэн жил бүрийн 1 дүгээр сард ажилтан бүрийн амралтын хуваарийн саналыг нэгтгэж Захирлын тушаалаар баталгаажуулж мөрдөнө. Ээлжийн амралт хоорондын хугацаа 6 сараас багагүй, шинээр ажилд орсон ажилтанд 12 сарын дараа ээлжийн амралтаа эдлэх эрх үүснэ.

6.9.         Их, дээд сургуульд өдрөөр суралцаж шууд ажилд орж байгаа тохиолдолд 10 хоногийн, эхнэр нь төрөхөд нөхөрт нь ажлын 5 хоногийн цалинтай чөлөөг тус тус олгоно. Төрсөн эхчүүдэд хүүхэд асрах чөлөөг хуульд заасан хугацаагаар олгоно.

6.10.        Ажилтанд ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар ажлын 3 хүртэлх өдрийн цалинтай чөлөөг нэгжийн дарга, 3-аас дээш өдрийн цалинтай чөлөөг захирлын тушаалаар олгоно. Энэхүү чөлөөг жилд 1 удаа олгоно. Бусад тохиолдолд цалингүй чөлөө олгоно. Цалингүй чөлөөг ажлын 22 хүртэлх хугацаагаар олгоно.

6.11.        Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил хийх санаачлагыг дэмжих зорилгоор магистрын төлбөрийн 40 хувь, докторын төлбөрийн 60 хувийг зэрэг хамгаалсны дараа ажилтанд нөхөн олгоно.

 Долоо. Объектод хүн, бараа нэвтрүүлэх, харуул  хамгаалалт

 7.1.           УМЭАЦТЛ-ийн захирал, дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн 2011 оны 18/40 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг ажилтан нар мөрдөж ажиллана.

7.2.        Ажилтан   бүр   ажлын   цагаар    үнэмлэхээ    үзүүлэн   нэвтрэхдээ   шалган нэвтрүүлэгчид цүнх болон автомашинаа шалгуулан авч яваа хувь, албаны эд зүйлсээ тэмдэглүүлнэ. Шалган нэвтрүүлэгч, харуулаас тавьсан хууль ѐсны шаардлагыг биелүүлж ажиллана.

 

7.3.           Зайлшгүй оруулах, гаргах автомашин, бараа материал, багаж, техник хэрэгсэл зэргийг ажил хариуцсан нэгжийн даргаас бичгээр зөвшөөрөл авч нэвтрүүлнэ. Зөвшөөрөлгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй.

7.4.           Захирал, дэд захирал, нэгжийн дарга  нараас бусад ажилтан  ажлын бус цагаар урьдчилан олгогдсон болон ажил хариуцсан нэгжийн даргын зөвшөөрлөөр нэвтэрнэ.

7.5.           Ажилтан бүр ажлаас явахдаа өрөөний техник, цахилгаан хэрэгслийг салгах, өрөө, агуулах, лабораторийн гэрлийг унтраан, цоожилж лацдан харуулын ээлж /харуул/- ийн даргад лацаа хүлээлгэн өгч, түлхүүр хүлээлцэх дэвтэрт бичилт хийнэ.

7.6.           Ажилдаа ирэхдээ харуулын ээлжийн даргаас түлхүүрээ авч өрөө, агуулах, лабораторийн лац, цоожийг шалган онгойлгоно. Лац хөдөлсөн, цоож нээгдсэн, өрөө онгойсон байвал харуулын ээлжийн дарга, харуулыг дуудаж үзүүлэн холбогдох арга хэмжээг авна.

7.7.           Лабораторид зөвшөөрөлтэй ажилтан картаар нэвтрэх бөгөөд карт уншигчийг байнга ажилтай байлгах үүргийг хариуцсан нэгжийн дарга хүлээх бөгөөд картыг үрэгдүүлсэн, ажилгүй болгосон тохиолдолд ажилтан өөрөө худалдаж авна.

7.8.           Эд аж ахуйн нярав өрөө, лаборатори, агуулах, танхим, цайны өрөө, орох, гарах болон нөөц хаалга, гражийн нөөц нэг түлхүүрийг лацтай хайрцагт байрлуулан жижүүрийн байранд хадгалж хариуцна. Шаардлагатай тохиолдолд жижүүр дэвтэрт тэмдэглэл хийн олгож буцаан хураан авч нөөц түлхүүрийн хайрцгийг няраваар лацдуулна.

7.9.           Гаднаас ирэгсдийг захирал, дэд захирал, нэгжийн дарга түүнээс зөвшөөрөл авсан ажилтантай уулзах тохиолдолд баримт бичгийг шалгаж нэвтрүүлнэ.

7.10.        Дээж шинжилгээнд өгөх, хариу авах иргэнийг дээжийн хамт дээж хүлээн авагч, хариу олгогч малын их эмчийн зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.

Найм. Шагнал урамшуулал, нөхөн төлбөр, хөнгөлөлт тусламж

8.1. Шагнал урамшуулал нь талархал илэрхийлэх, мөнгө, үнэ бүхий зүйл, үндсэн цалингийн хувиар шагнах, баярын бичиг,өргөмжлөл, жуухаар шагнах, тэргүүний болон аварга ажилтан цол олгох, лабораторийн хүндэт дэвтэрт бичих, дээд байгууллага, төр, засгийн шагналд тодорхойлох зэрэг хэлбэртэй байна. дүгнэх журмын 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээг авна.

8.3.           Ажилтан   өөрийн   санаачлагаар    болон   гадны   байгууллагатай   хамтран судалгааны ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх, түүнд оролцсон бол гэрээнд заасан урамшуулал олгоно.

8.4.           Ажилтан зайлшгүй шаардлагаар эмчилгээнд явах, ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол замын зардлын 1 талыг тухайн үед мөрдөгдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож 2 жилд 1 удаа олгоно.

8.5.           Ажилтны өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд жилд нэг сарын цалингаас нь хэтрүүлэхгүйгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно. Ажилтны гэр бүлийн гишүүдээс эхнэр, нөхөр, хүүхэд нас барсан тохиолдолд 300000 төгрөг, төрсөн аав, ээж, ах, эгч, дүү нас барсан тохиолдолд 100000 төгрөг, хадам аав, ээж нас барсан тохиолдолд 75000 төгрөг, ажилтан нас барсан тохиолдолд 500000 төгрөгийн буцалтгүй тусламж тус тус үзүүлнэ.

8.6.           Байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж буй  ажилтанд 50 насны ойгоор мөнгөн аягаар, албан хаагч шинээр гэр бүл болоход 100.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл дурсгана. Өндөр настны тэтгэвэрт гарахад нь дурсгалын зүйл олгож, хуулийн дагуу тэтгэмж олгоно. Өндөр настанд жилд 2 удаа хүндэтгэл үзүүлнэ. Гадны байгууллага, хувь хүмүүст үзүүлэх тусламж, шагналын хэмжээ 100000 төгрөгөөс хэтрэхгүй байна.

8.7.           Ажилтан ажлын байрандаа осол гэмтэлд өртөх, хордлого, халдвар авах байдлаар хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсан, нас барсан тохиолдол хуульд заасны дагуу тэтгэмж олгоно.

8.8.           Төв лаборатори (зээлдэн туслах сан) болон бүтцийн нэгжийн хамт олон дундын хуримтлалын сантай байж болно. Хуримтлалыг бүрдүүлэх, зарцуулах журмыг хамт олны хурлаар хэлэлцэж батална.

8.9.           Албан ажлын хэрэгцээнд хувийн унаагаа хэрэглэхэд шаардагдах шатахуун эсвэл уг шатахууны үнийг байгууллагаас батлагдсан лимитийн дагуу тооцож нөхөн олгоно.

8.10.        Оношлогоо,  шинжилгээ  болон  бусад  үйлчилгээнд  шаардагдах  хэрэгсэл, материал, түүхий эдийн үнийн зардлыг байгууллагаас олгоно.

Ес. Дотоод хяналт

9.1.           Дотоод хяналт нь төлөвлөгөөт буюу төлөвлөгөөт бус байна.

9.2.           Дотоод журмын ерөнхий хяналтыг дэд захирал, ерөнхий эмч хийнэ.

9.3.           Энэхүү журмын хэрэгжилтэнд чанарын менежер (ажил хариуцсан мэргэжилтэн) сар бүрийн төлөвлөгөөндөө тусгаж хяналт тавина.

9.4.           Дотоод журмын хэрэгжилтийг бүтцийн нэгжийн дарга шууд хариуцан зохион байгуулна.

Арав. Хөдөлмөрийн сахилга эд хөрөнгийн хариуцлага

10.1.        Дотоод журмын аль нэг заалтыг зөрчих, үүрэг даалгавар удаа дараа /2 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлэх, үл биелүүлэх, ажлын хариуцлага алдах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын дараалан 3 ба түүнээс дээш өдрийн ажил таслах, эд хөрөнгөүрэгдүүлэх /хулгайлах, шамшигдуулах, эвдэж гэмтээх/ хугацаат тайлан мэдээг хоцроох, буруу гаргах зэрэг хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

10.2.        Үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх, үл биелүүлэх, иргэдийн өргөдөл, гомдол хариутай бичиг, шинжилгээний хугацааг удаа дараа (2 ба түүнээс дээш) хэтрүүлсэн, онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн бол албан үүргээ биелүүлээгүй гэнэ.

10.3.        Ажлын байр, өрөө тасалгаа, агуулах, лаборатори дотор архи дарс хэрэглэх, тамхи татах, эрх үүргээ зөрчих, харьцааны болон ѐс зүйн зөрчил гаргах ажлаас хоцрох, баримт бичиг үрэгдүүлэх зэргийг дотоод журам зөрчсөнд тооцно.

10.4.        Санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, байгууллагын нууцыг задлах, албан тушаалын давуу талыг ашиглаж хээл хахуул авах, хуурамч баримт бичиг үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт шийдвэр гаргах зэргийг албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзнэ.

10.5.        Хэд хэдэн сахилгын зөрчлийг зэрэг гаргасан, гаргасан зөрчил нь байгууллагад хохирол учруулсан, хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан ажилтны гэрээг цуцалж ажлаас  хална.

10.6.        Ажилтанд сахилгын шийтгэл хүчинтэй байх /1 жил хүртэл/ хугацаанд шагнал урамшуулал олгохгүй.

10.7.        Төв лабораторийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийг үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн, шамшигдуулсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ.

10.8.        Өрөө, тасалгаа, лаборатори, агуулахын түлхүүр лац ломбыг хүлээлцээгүй, тохиолдолд эд хөрөнгө үрэгдсэн байвал эзэмшигч өөрөө хариуцна.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.