Жил бүр УМЭАЦТЛ нь “Оношлох эрдэм дэвшилтэт арга” онол үйлдвэрлэлийн бага хурлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хурал Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, тандалтын лаборатори үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдлаа. Анх Монгол Улсын Засгийн газрын 275-р тогтоолоор УМЭАЦТЛ-д малын гоц халдварт өвчнийг орчин үеийн ийлдэс судлал, молекул төвшний аргаар оношлох лабораторийг байгуулж, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагт нээлтээ хийж байжээ.
Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт болон гоц халдварт, халдварт өвчний онош тогтооход хэрэглэж байгаа аргазүйг хуваалцах, үр дүнг шийдвэр гаргах түвшний холбогдох байгуулагуудад түгээх зорилготойгоор зохион байгуулсан энэхүү хуралд төв болон 16 аймгийн нийт 80 гаруй мэргэжилтэн оролцов. Хурлын эхэнд гоц халдварт өвчний оношлогоо, тандалтын лабораторийн түүхэн яриа, бичлэгийг танилцуулж дараа нь судлаачдын илтгэлийг хэлэлцүүллээ. Уламжлал ёсоор илтгэх ур чадвар, сэдвийн агуулга, ач холбогдол зэргийг харгалзан 3 шилдэг илтгэлчийг шалгарууллаа. Мөн энэ удаагийн хурлаар ханын илтгэл буюу постер гаргаж, эхний 2 байрыг шалгарууллаа.
Шилдэг илтгэгчээр дараах судлаачид шалгарлаа. Үүнд:
1-р байр: Ц. Амартүвшин, Бог малын мялзан өвчний 2022 оны дэгдэлт, үүсгэгчийн (N) генийн хэсэгчилсэн дараалалд тулгуурлан удамзүйн хамаарлыг харьцуулсан дүн.
2-р байр: Ц. Оюундэлгэр, Дулааны аргаар боловсруулсан маханд нянгийн бохирдлын шинжилгээ хийсэн дүн.
3-р байр: Я. Давгадорж, Бог малын мялзан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан тандалтын үр дүн.
Шилдэг ханын илтгэгчээр
1-р байр: А. Улаанхүү, Зэрлэг гахайнаас африкийн гахайн мялзан өвчний үүсгэгчийг илрүүлж, тодорхойлсон тухай.
2-р байр: О. Энхмандах, Гахайнаас цусан халдвар өвчний үүсгэгч Pasteurella -multocida илрүүлсэн дүнгээс.
Хурлыг амжилттай зохион байгуулсан гоц халдварт өвчний оношлогоо тандалтын лабораторийн хамт олонд талархсанаа илэрхийлж, шилдэг илтгэгч нартаа баяр хүргэе.