• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн мялзан өвчин


1. Тодорхойлолт: Байнга халуурах, цус ихдэх эмгэгшил, тэжээл боловсруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийн үрэвсэлт үхжил болох, тунгалаг төст эдийн тогтолцооны эмгэг үүсэх шинж тэмдгээр илэрдэг үхрийн цочмог явцтай, гоц халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Үхрийн мялзан өвчин нь парамиксовирусын овгийн РНХ агуулсан вирусээр үүсгэгдэнэ.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Физик химийн хүчин зүйлд тэсвэр муутай. Эфир, хлороформд мэдрэг бөгөөд шээс, баасанд 30 цагийн дараа, дулааны улиралд хүүрэнд 20–30 цаг, бууцанд 30 цаг, бэлчээрт 36 цаг, тасалгааны дулаанд 3–4 хоног, 600С–д хэдхэн минутын дараа идэвхээ алдана. Харин ясны чөмгөнд 30 хүртэл хоног хадгалагдана. Халдваргүйжүүлэх бодисуудын үйлчлэлээр маш амархан идэвхээ алдана. Хатаасан арьс ширэнд эмгэг төрүүлэх чанараа 24–48 цагийн дотор алдана. Шинэ маханд 4–6 цаг, давсалсан маханд 28 хоног идэвхээ хадгална.

3. Халдварын эх үүсвэр: Энэ өвчнөөр үхэр, сарлаг өвчилнө. Өвчтэй үхэр, сарлаг халдварын эх булаг  болно. Өвчилсөн үхрийн нус, нулимс, сүү, шээс болон үтрээний салс, цус зэргээр  үүсгэгч гадагшилна. Өвчин дамжих нөхцөлд үхсэн үхрийн хүүр, зориуд нядласан үхрийн мах, үхрийн арьс шир, яс, үс зэрэг нөлөөтэй. Өвчний халдвар агаар дуслын болон нүдний зовхиор дамжих бөгөөд тэжээл боловсруулах замаар дамжих нь маш ховор байдаг. Халдвар зэрлэг салаа туурайтан амьтдаар дамжин тархах нөхцөл бий.

4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Нууц үе нь 3–17 хоног байна. Өвчин ихэвчлэн цочмог явцтай байх бөгөөд цахилгаан, цочмогдуу явцтай байх нь ховор. Хэв шинжит, хээл хаяулах, далд хэлбэрээр тохиолдоно.  Цочмог явцтай үед биеийн халуун гэнэт, огцом нэмэгдэх, амьсгал, судасны тоо олшрох, цангаг болох, ил харагдах салст бүрхүүлүүд бага зэрэг улайх, үргэмтгий болох, сүү татрах, цагаан эсийн тоо цөөрнө. Гэрлээс дальдчих, нулимс гоожих, хамрын хөндийн салст бүрхүүл үрэвсэх шинж тэмдэг илэрч өвчний 3–4 дэхь өдрөөс уруул, завьж, буйл, хэл, тагнай, багалзуурын салст бүрхүүлд үхжилт гэмтлүүд гарч нэвчмэл цус харвалт, олон тооны саарал, шардуу өнгөтэй жижиг үхжлийн голомтууд үүснэ. Голомтууд нь задарч улаан ёроолтой, тэгш бус захтай, цус гоожсон шарх болох ба зовхины идээт үрэвсэл, хамрын хөндий, үтрээний салст идээт үрэвсэл болно. Салст бүрхүүл гэмтэхийн гадна шүлс ихээр гоожиж хамраас цусны хольцтой салст идээтэй гоождос, үтрээнээс идээтэй буртаг гарна. Зовхи хавагнаж цус ихдэх ба цус харвасан байна. Өвчилсөн үхэр ханиалгах, найтаалгах ба хээл хаяна. Өвчний төгсгөлд малын биеийн байдал эрс доройтож шардуу юм уу хар хүрэн өнгөтэй, цус, салс, залхаг бүхий усан чацга сул гоожуулна. Биеийн халуун буурч амьсгал эмзэглэлтэй, хэвлийн хэлбэртэй болно. Усаа алдснаас амархан эцэж турах ба хүзүү нугалж хэвтэнэ. 4–10 хоноод үхнэ.

Хэт цочмог явцтай үед маш өндөр халуурч үжил, цус ихдэлтийн эмгэгшил болж 1–2 хоноод үхнэ.

Цочмогдуу явц нь мялзан өвчин байнга гардаг нутагт тохиолдоно. Халуурч нүд, хамар, амны хөндий, ходоод гэдэсний замын салст бүрхүүл үхжлийн гэмтэлгүйгээр үрэвссэн байна. Өвчний 6–7 дахь хоногт биеийн халуун буурч яр, шарх нь эдгэрч чацга алдахаа болино. Өвчин нь 2–3 долоо хоног үргэлжилж ихэвчлэн эдгэрэх ч тугал олноор хорогдоно.

Хээл хаяулах хэлбэрийн үед түр зуур халуурах, чацга алдах бөгөөд амны салст бүрхүүлд гэмтэл илрэхгүй. Үхэл байдаггүй. Далд хэлбэрийн үед эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд халдварыг зөвхөн шинжилгээгээр илрүүлнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Амны хөндий, багалзуур, нарийн гэдэс болон хааяа бүдүүн гэдэс, олгой, шулуун гэдэсний салст бүрхүүлд үхжилт гэмтлүүд гарч нэвчмэл, үргэлжилсэн улайлт, цус харвалт, үхжил, олон тооны саарал, шаргалдуу өнгөтэй жижиг үхжлийн голомтууд, улаан ёроолтой, тэгш бус захтай яр, шарх үүссэн байна. Улаан хоолойд ямар нэгэн өөрчлөлтгүй байх ба чацархайн булчирхайнууд томорч цус ихэдсэн, цус харвасан, үхжлийн голомтууд үүссэн байна. Уушиг цусаар дүүрсэн, хавагнасан, цус харвасан, идээт ширхэгэнцрээр хучигдсан, заримдаа сахуулайт юм уу хэлтэрийн үрэвсэл болсон байна. Элэг өмрөмтгий, шавар шиг өнгөтэй болсон байна. Бөөр хавагнасан, цус ихдэлттэй, цус харвасан байхын дээр шээс тунадастай, улаан өнгөтэй байна. Цөсний уут хар хүрэн өнгөтэй цөсөөр дүүрсэн байна.

6. Онош: Үхрийн мялзан өвчнийг тархвар судлалын байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн урьдчилсан онош тогтоож лабораторийн шинжилгээний дүнгээр  батлагаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.3.2–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид үүсгэгчийг ялган авах болон ПГУ, ЭЛИЗА, НТУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.

Ялгаварлан оношлох: Хорт салст халуурал, шүлхий, вирүсийн диарей, цусан халдвар, бабезиозоос ялгаварлан оношлох шаардлагатай.

7. Эмчилгээ: Хийдэггүй.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ. Үхрийн мялзан өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн өвчний тархалттай уялдуулан Засгийн газар, аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.