• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

УМЭАЦТЛ-ИЙН ЗӨВЛӨХ, СЕРОЛОГИЧ ИХ ЭМЧ ГУНГААГИЙН ЮРА "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшил, тэр дундаа хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбартаа өндөр хувь нэмрээ оруулж, ажил хөдөлмөрөөрөө ямагт манлайлан тэргүүлсэн УМЭАЦТЛ-ийн Зөвлөх ахмад эмч, ийлдэс судлаач Г.Юра нь төрийн дээд одон медаль болох “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Г. Юра нь 1978 оноос эхлэн Говь-Алтай аймгийн мал эмнэлгийн сум дундын оношлох кабинетийн эрхлэгч, шинжлэгч эмчээр ажиллаж, 1991 оноос эхлэн 20 гаруй жилийн хугацаанд УМЭАЦТЛ-ийн халдварт, паразиттах өвчний оношлогоо, тандалтын лабораторийн эрхлэгч, ийлдэс судлаач эмчээр ажиллаж вирусын болон нянгийн гаралтай олон төрлийн өвчнийг ХХУ, ЕЛИЗА зэрэг ийлдэс судлалын олон аргаар оношилж, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн ийлдэс судлаач эмч нарыг сурган дадлагажуулах, гадаад дотоодын олон сургалт, хөтөлбөр, уулзалт семинарт оролцож сурч мэдсэн зүйлээ хамтран ажиллаж байсан болон залуу хойч үедээ харамгүй зааж сурган өөрийн үнэт хувь нэмрийг оруулсан болно.

Г.Юра нь одоо хүртэл УМЭАЦТЛ-ийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлгийн лабораторийн аюулгүй ажиллагаа, хог хаягдлын менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж, тухайн үеийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, цаашид мөрдөх зөвлөмж бүхий гарын авлага, мал, амьтны халдварт “Бруцеллёз өвчнийг ийлдэс судлалын шинжилгээний аргаар оношлох гарын авлага” зэргийг боловсруулан түгээсэн ба лабораторит ажиллагсадын өдөр тутам мөрддөг ширээний ном болон хэрэглэгдэж байна.

Г.Юра танд өөрийн олон жил хуримтлуулсан, мэдлэг туршлагаа хуваалцан хүн, мал эмнэлгийн залуу мэргэжилтнүүдийг лабораторийн нарийн арга зүйд сурган дадлагажуулахад бодитой хувь нэмэр оруулан, онцгой хичээл зүтгэл гаргаж ирсэн явдалд УМЭАЦТЛ-ийн хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж, баяр хүргэе.

Танд сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.