• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн лейкоз өвчин


1. Тодорхойлолт: Үхрийн лейкоз нь вирусаар үүсдэг, архаг явцтай халдварт өвчин. Ямар ч нас, хүйсний үхэр өвчлөх боловч 4–өөс дээш настай үнээ, бух, ялангуяа сүүн ашиг шим арвин үнээ мэдрэг байдаг.

2. Үүсгэгч: Үхрийн лейкозын үүсгэгч нь ретровирусийн язгуур, хавдар үүсгэгч РНХ агуулсан вирусийн дэд язгуур, сүүн тэжээлтэн амьтдын С вирусийн төрөл, үхрийн лейкозын вирусийн бүлэгт хамаарах, РНХ бүхий вирус юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Өвчин үүсгэгч нь халуунд мэдрэг бөгөөд вируст материалыг ээлжлэн хөлдөөж, гэсгээхэд идэвхээ алдана. 560С–д 15 мин, 760 С–д 15 сек, нарны шууд гэрэлд 4 цаг тус тус байлгахад идэвхээ алдана. 0,5%-ийн натрийн шүлтэнд 30 мин, 2%-ийн этанолд; 4 цаг. 0.5%-ийн формальдегидэд 8 цаг, 0,5%-ийн фенолд 72 цагийн дараа тус тус идэвхгүйжнэ.
3. Халдвар тархах зам: Үхрийн лейкозын вирус нь 2  замаар халдвар үүсгэнэ. Өвчин үүсгэгчээр халдварласан үнээний хээлэнд  вирус нэвтрэн халдварлуулна. Эхээс төрсний дараа халдварлах бөгөөд өвчтэй үхэртэй хамт байх, лейкозоор эерэг үнээний сүүгээр тугал тэжээх, тарилгын зүү, мэс ажилбарын багаж хэрэгсэл, бээлий зэргийг ариутгалгүй дамжуулан хэрэглэх, лейкозоор эерэг урвалтай үхрийн цус ба эдээр бэлтгэсэн бэлдмэл хэрэглэх, өвчтэй, эрүүл үнээг нэг байранд төллүүлэх, үүсгэгч тээгч ялаа, шумуул бусад амьтад малын байранд орогнох зэрэг хүчин зүйлүүд нөлөөтэй. Өвчтэй малаас ялгарах янз бүрийн шингэн, сүүгээр үүсгэгч гадагшилна. Цэвэр үүлдрийн үхэр маш мэдрэмтгий бол нутгийн монгол үхэр тэсвэртэй байна.

4.  Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе үхэрт 2–6 жил байна. Өвчний явц архаг удаан үргэлжилнэ. Өвчилсөн үхрийн эмгэгтсэн эрхтнээс шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илрэнэ. Өвчний явцаас шалтгаалан 4 үе болгон хуваадаг
4.1    Лейкозын өмнөх үед өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй. Цусны цагаан эс нь 1.0 мкл-т 14,0 мянга болж нэмэгдэнэ.
4.2    Өвчний шинж тэмдэг илрэх эхний үед өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй боловч 1.0 мкл цусан дахь цагаан эсийн тоо 15,0-40,0 мянга болж нэмэгдэнэ.
4.3    Шинж тэмдэг илрэх үед 1.0 мкл цусанд байх цагаан эсийн тоо 40,0 мянгаас дээш гарч, залуу эс, хэвийн бус эсийн тоо цусанд 5%, эрхтэнд 20%-иас дээш байна. Үхрийн цус багасаж, анхны шинж тэмдэг илэрч эхлэнэ.
4.4    Сүүлийн буюу хавдрын үед үхрийн дотор эрхтэнд янз бүрийн эмгэг шинж тэмдэг илрэнэ. Үхэр хэт турж, цус нь багасан, зүрхний ажиллагаа илт сулрана. Аль нэг эрхтэнд хавдар үүсч даамжирснаас үхнэ. Зарим үед үхрийн дэлүү хэт томорч хагаран гэнэт үхэх шалтгаан болно.
5. Бие бүтцийн эмгэг өөрчлөлт: Өвчний эхний үед ил ажиглагдах эмгэг хувиралт байдаггүй. Лейкозоор үхсэн юм уу өвчний төгсгөлийн үед нядласан үхрийн цус төлжүүлэх  эрхтнүүдэд эмгэгийн хувиралт илэрнэ. Тунгалгийн зангилаа хэмжээгээрээ томорч зөөлөн уян хатан биежилттэй болсон байна. Огтлолын гадарга чийглэг, шар цагаан юм уу цагаан саарал алагласан өнгөтэй болсон байх ба цус харвасан байна. Дэлүү заримдаа 8–10 дахин томорсон, махам нь сэвсгэр болсон байна. Чөмгөнд шар ногоон юм уу саарал өнгөтэй үүрнүүд үүссэн байх цус төлжүүлэхээс бусад эрхтнүүдэд ч зүрх, элэг, бөөр, өндгөвч, сав, ходоод гэдсэнд эмгэг хувиралт илэрнэ. Эдгээр эрхтнүүд томорч, өнгө нь өөрчлөгддөг.

6. Эмчилгээ: Үхрийн лейкозыг эмчлэх өвөрмөц арга, бэлдмэл одоогоор байхгүй. Үхрийн биеийн эсэргүүцлийг тэтгэх болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

7. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.3.1–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон ПГУ, НТУ, ЭЛИЗА, ВСУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: актиномикоз, сүрьеэ, иж сүрьеэ, бруцеллёз зэрэг өвчнөөс ялган оношлоно.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Үхрийн лейкоз гарсан хот айл, саалийн фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.