1. Тодорхойлолт: Уушиг, гялтангийн үрэвсэл, өндөр халуурах байдлаар зонхилон ямаанд илэрдэг цочмог явцтай, хавьтал халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Энэ өвчний үүсгэгч нь Mycoplasma capricolum–ын дэд зүйл capripneumoniae микоплазмаар үүсгэгдэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Бага хэмд тэсвэртэй бөгөөд 10–120С–д 50 хоног, 00С ойролцоо хэмд хэдэн сар амьдрах чадвараа хадгална. Халаахад амархан үхнэ. Халдваргүйжүүлэх бодисын үйлчлэлд амархан идэвхээ алдана.
3. Халдвар тархах зам: Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчлөхгүй. Ямаа нь нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр өвчлөх боловч өсвөр насны ямаа илүү өвчлөмтгий болно. Мөн янгир ямаа өвчилнө. Өвчин гарсан суурийн ямаа бараг толгой дараалан өвчилж үхнэ. Ердийн нөхцөлд халдвар агаар дуслын замаар дамжина. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварлагдсан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно. Архаг өвчтэй болон тээгч ямаа нь эрүүл сүрэгт халдвар тараах боломжтой.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 3-10 хоног, зарим үед 45 хоног хүрнэ. Гол төлөв цочмог явцаар илэрнэ. Годрон өвчин шинээр гарч байгаа нутагт өвчний шинж тэмдэг тод илэрнэ. Хуурай ханиалгаж улмаар сүргээсээ хоцрох, яваандаа тэжээлийн дуршилгүй болж, амьсгалах нь хүнд, эмзэглэлтэй болж улмаар биеийн халуун 41-430С хүртэл нэмэгдэнэ. Цаашид амьсгалын замын эрхтний хямралын шинж улам тод илэрч, амьсгал нь хурдсан, эмзэглэлтэй хүчтэй ханиалгана. Улмаар ямаа хөдөлж чадахгүй болж, зогсохдоо хөлөө солбин, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс, хамраас салс, идээт шингэн гоожно. Халдвар шинээр авсан малд 2-3 хоног үргэлжлэх ба улмаар үхлээр төгсөнө. Годрон өвчин байнга гардаг нутагт архаг, архагдуу хэлбэрээр илэрч шинж тэмдэг бүдэг, хааяа ханиалгах шинж зонхилно. Хавирганы завсраар дарахад маш хөндүүр, чагнахад хэрчигнүүртэй байх, тогшиход уушигны дотор хязгаарын зарим хэсэгт битүү чимээ сонсогдоно.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Ил харагдах эмгэгийн хувирал нь голдуу нэг талын уушиг, цээж гялтанд илэрнэ. Уушиг элэгжиж, улаан хүрэн өнгөтэй болно. Уушгийг хөндлөн зүсэж үзэхэд янз бүрийн өнгөтэй, жижиг мөхлөгт гадаргуутай байх боловч хэлтэр хоорондын хэсгүүд нь зузаараагүй байна. Ихэнх тохиолдолд цээжний гялтан үрэвсэж, хөндийд нь шүүрлийн шингэн ихээр хуримтлагдан цэлцгийрч заримдаа уушгийг бүхэлд нь бүрхэнэ. Цочмог явцтай үед цээжний хөндийд ширхэнцэр бүхий их хэмжээний шингэн хуримтлагдана. Архаг явцтай үед уушигны эд харлах, үхжих, уушиг гялтангийн хооронд зузаан наалдац үүсэх нь элбэг байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд эцсийн оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.4.7–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд ПГУ, нян судлал, эмгэг эд судлалын аргыг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох:.Бог малын мялзан, хэл хөхрөх өвчин, цусан халдвар, уушигны үрэвслүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Ямааны годрон өвчнийг эмчлэх арга боловсрогдоогүй байна.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Годрон өвчингарсан тохиолдолд халдварын тархалт, хүрээ, нөхцөл байдлыг харгалзан мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.