• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Энтеробактериоз өвчин


1. Тодорхойлолт: Хөрөвжсөн хурганд үжлийн шинж тэмдэгтэй илэрдэг цочмог явцтай  халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Enterobacteriaсеае овгийн Escherichia төрөл, Escherichia coli зүйлд хамаарна.Үрэнцэр үүсгэдэггүй, бүрээс үүсгэдэг грам сөрөг савх хэлбэрийн нян юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: E.coli нь гадаад орчны нөхцөлд тэсвэртэй бөгөөд малын баасанд 30 хоног, ус, хөрсөнд хэдэн сараар амьдрах чадвартай байдгийн зэрэгцээ 55оС–д 1 цаг, 60оС–д 15 мин, 75оС–д 30 сек болоод үхнэ.Халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдэд мэдрэг, богино хугацаанд идэвхээ алдана.

3. Халдвардамжих зам: Энтеробактериозоор хөрөвжсөн, тарга хүч сайтай хурга өвчлөх бөгөөд 3–4 сараас дээш насны хурга голдуу өвчилнө. Өвчний үүсгэгч биеэс ихэвчлэн баастай заримдаа шээстэй хамт гадагшилна.Халдвар тоног хэрэгсэл, малчдын хувцас, нохой, муур, шувуугаар дамжин тархаж болно. Халдварын хөгжил нь үүсгэгчийн хоруу чанар, халдвар орсон зам, биеийн эсэргүүцэл зэргээс хамаарна.Дотрын халдварт хордлого, брадзот зэрэг өвчний үүсгэгч өвчний явцыг хүндрүүлж хам байдлаар өвчлүүлнэ. Мөн туузан хорхойн халдвар их байх нь өвчний гаралт, халдварлалтанд нөлөөтэй. Энэ өвчин ихэвчлэн 7–10 дугаар сарын хооронд гарна.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчин гэнэт эхлэнэ. Өвчний нууц үе нь хэдэн цагаас 2–3 хоног хүртэл үргэлжилнэ. Өвчний явц нь цахилгаан, цочмог байна. Цахилгаан явц эхний хоногуудад тохиолдох бөгөөд үжлийн шинж тэмдэг богино хугацаанд илрээд үхнэ. Өвчилсөн хурга бэлчээрт явж байгаад юм уу хотондоо шөнө үхээд хоносон байна. Цочмог явцтай үед биеийн халуун нэмэгдэж зүрх, амьсгалын тоо олшрох шинж тэмдэг илэрч ихэвчлэн хэвтэж эхийгээ хөхөхгүй болно. Заримдаа мэдрэлийн тогтолцооны эмгэг илэрч татах ба чацга алдахгүй, 12–24 цаг болоод үхнэ.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр амархан хөөх ба цээжин хэсгийн арьсны доорхи эслэгт цус ихдэлт болж улаан хүрэн өнгөтэй болсон байна. Тарга хүчний хувьд хамгийн тарган хурга үхнэ.Нарийн гэдсэнд цочмог салст юм уу салст цусархаг үрэвсэл болж чацархайн булчирхай үрэвсэж томорсон байна. Дотор эрхтнүүд болон салст бүрхүүлд цус харвасан байна. Мөн тархи, тархины бүрхүүл, уушгинд хаван үүсэж цус ихдэлт болсон байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.24–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын аргыг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Ижбалнад, диплококкын халдвар, цусан халдвар зэргээс ялгаварлан оношлоно.

7. Эмчилгээ: Эмчилгээг аль болох эрт эхлэвэл үр дүнтэй байдаг. Өвчтэй хургыг тусгаарлаж энтеробактериозын эмчлэх, сэргийлэх хэт дархлаат ийлдсийг өвчилсөн хурганд эмчлэх, эрүүл хурганд сэргийлэх зорилгоор зааварт заагдсан тунгаар тарина. Мөн антибиотикийг өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт тохируулан сонгож хэрэглэх нь зохимжтой бөгөөд антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлсны үндсэн дээр сонголт хийнэ.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Энтеробактериозгарсан айл, аж ахуйн нэгж, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.