• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Шувууны ларинготрахейт өвчин


1. Тодорхойлолт: Ларинготрахейт өвчин нь зэрлэг ба тэжээвэр шувууны амьсгалын замын гол эрхтнүүд болох залгиур, мөгөөрсөн хоолой үрэвсэх шинж тэмдгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Герпес вирусийн язгуурт хамаарах, ДНХ агуулсан вирус бөгөөд бүтцэндээ 8 төрлийн гликопротейнтэй байдаг. Энэ өвчний үүсгэгч нь ВСУ–аар дотроо 11 бүлэгт хуваагддаг ч ийлдсэн хэвшлээрээ өөр хоорондоо бараг ялгагддаггүй онцлогтой .
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Шувууны ларинготрахейт өвчний үүсгэгч хөрс болон -20–600С–д хэдэн жилээр хадгалагддаг бол 550С–д 10–15 минут, 380С–д  48 цагт идэвхээ алддаг дулаанд мэдрэг вирус юм. Эмгэгт материалд байгаа вирус нь – 8–100С–д 370 хүртэл хоног идэвхээ алдахгүй. Мөн шувууны  хөлдүү маханд 19 сар идэвхтэй байдаг. Харин дулаанд тэсвэр муутай учир нарны шууд гэрэл болон хэт ягаан туяан нөлөөнд амархан идэвхээ алдана. Мөн төрөл бүрийн химийн бодист тэсвэргүй.

3. Халдвар тархах зам: Өвчтэй ба өвчилж эдгэрсэн шувуу халдварын эх үүсвэр болж 2 жил хүртэл хугацаагаар вирус тээгч болно. Өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоногийн турш уг шувуунаас үүсгэгч гадагшлах төдийгүй цаашид ч вирус тээгч байж үе үе өвчин үүсгэгчийг гадагшлуулсаар байна. Үүсгэгч бэлгийн замаар болон өндөгний шохойн бүрхүүлээр дамжиж болно.Өвчилсөн шувууны амьсгалын замд үүсгэгч ихээр агуулагдах ба элэг, дэлүүнд ховор тохиолдоно. Амьсгалын замаас гарах бүх шүүрлүүд гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчилсөн шувууны мөгөөрсөн хоолойноос 2 жилийн турш вирус гадагшилсаар байдаг.

4. Эмнэлзүй шинж тэмдэг: Өвчний нууц үе 2–3 хоног байдаг ч энэ хугацаа шувууны биеийн байдал, өвчин үүсгэгчийн идэвхээс шалтгаалан өөр өөр байж болно. Өвчин цахилгаан, цочмог, архаг гэсэн явцтай  байна. Мөн хөнгөн ба хэвийн бус хэлбэр гэж байхаас гадна залгиур, мөгөөрсөн хоолойн ба зовхины хэлбэр гэж байна.Шувуу их төлөв цочмог явцтай өвчлөх бөгөөд энэ үед ханиах, амьсгал нь давхцах, амьсгалахад хэрчигнэх чимээ сонсогдоно. Зарим үед өвчилсөн шувууны хамрын салст бүрхүүл зузааран цус харвасан байна. Ингэж өвчилсөн шувууны  амны хөндийн салст бүрхүүлд цагаан өнгийн өнгөр тогтсон байдаг.
Өвчин үүсгэгч нь шувууны  зовхи,  хамрын хөндийгөөр биед нь ороод төвөнх мөгөөрсөн хоолойн хучуур эдэд үржиж үрэвсэл үүсгэнэ. Ингэж үржсэн вирус нь 42 цагийн дараа цусанд орж, улмаар амьсгалын замын салст бүрхүүлийг үрэвсүүлж мөгөөрсөн хоолойд цустай салсанд хуримтлагдаж гадагшилна. Үрэвсэл даамжирч амьсгалын зам нь нарийсч, зарим үед бөглөрснөөс амьсгал боогдож үхлийн нэг шалтгаан болно.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Үхсэн шувууны төвөнх, мөгөөрсөн хоолойд голлох эмгэг хувиралт ажиглагдана. Төвөнх ээдэм мэт зүйлээр бөглөрснөөс шувууны амьсгал нь боогдож үхэх нь элбэг. Амны хөндийн салст бүрхүүлд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй өнгөр тогтсон байна. Төвөнхөд үүссэн бөглөөг авахад салст бүрхүүл нь улайж зузаарсан байна. Бас мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл улайсан, цус харвасан, цус, салстай шингэн ихээр хуралдсан байна. Нарийн гэдэс, хам сүв, хэтэвчийн салст бүрхүүл үрэвсэнэ. Нүдний эвэрлэг бүрхүүл цийж зовхи нь хавагнаж наалдсан байдаг. Мөн зарим шувууны уушиг үрэвсэж гуурсанд нь бөглөө үүссэн байна.

6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.6.5–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялгах болон ПГУ, НТУ, ЭЛИЗА, ВСУ, эмгэг эд судлалын арга зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Уг өвчинтэй төстэй шинж  тэмдэг үзүүлдэг Ньюкаслийн өвчин, шувууны цэцэг, цусан халдвар, томуу, амьсгалын замын микоплазмоз зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.

7. Эмчилгээ: Байхгүй.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Шувууны ларинготрахейт өвчингарсан айл, өрх, шувууны ферм, аж ахуйд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, хот, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.