1. Тодорхойлолт: Цусан халдвар нь пастереллийн нянгийн үйлчлэл дор мал амьтны эд, эрхтэнд цусархаг болон үжилт үрэвсэл үүсгэдэг халдварт өвчин юм. Энэ өвчнөөр үхэр, хонь, ямаа, адуу, гахай, тахиа, шувуу зэрэг гэрийн тэжээвэр болон зэрлэг ан амьтад өвчилдөг.
2. Үүсгэгч: Төрөл бүрийн мал амьтны цусан халдварын үүсгэгч Pasteurella multocida нь пастереллийн төрлийн эмгэг төрүүлэх бичил биетний бүлэгт хамаарах бөгөөд грам сөрөг будагддаг, хөдөлгөөнгүй, 0,3-1,5 мкм урт, 0,15-0,3 мкм өргөн зуйвандуу бөөрөнхий савханцар юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Pasteurella multocida нь харьцангуй тэсвэр муутай нян бөгөөд амьдрах чадвар нь улирал, цаг уур, хөрсний бүтэц зэрэг бусад олон хүчин зүйлээс шалтгаална. Малын баас, хэвтэр, бууц, хүүр сэг, хөрсөнд 12 хоногоос 5 сар хүртэл, усанд 6–35 хоног, өвчтэй малын гэдэс ходоодонд 6–10 хоног, цусанд 10–190 хоног амьд байдаг. Пастерелла нь 45-550С–д 45 минут, 630С–д 10 минут тэсвэрлэх бөгөөд, 70–900С–д 5-10 минут, буцалгахад хоромхон зуур үхнэ. Pasteurella multocida нь үрэнцэр үүсгэдэггүй мөртлөө хүйтэнд тэсвэртэй байдаг онцлогтой нян юм.Пастереллууд халдваргүйжүүлэх бодисууд тухайлбал 3%-ийн карболын хүчил, креолин, лизол ба хлорын шохойн 10%-ийн уусмалд амархан үхнэ. Хүчиллэг орчинд тэсвэр муутай бол сул шүлтлэг орчинд амьдрах чадвараа хадгална.
3. Халдвар тархах зам: Халдварын эрчимжилт, тархалтын хэмжээ нь зөвхөн эпизоотын хэлхээний харилцан үйлчлэлээр тодорхойлогдоно. Цусан халдварын үүсгэгч бие махбодид нэвтрэхдээ ус, тэжээлээр буюу тэжээл боловсруулах замаар, агаараар буюу амьсгалын замаар, цус сорогч шавьжаар буюу завсрын эзнээр, мөн ихсээр дамжин халдварлаж болно. Мөн шинээр суурь зохион байгуулах, мал шилжүүлэх, нэгтгэн тууварлах үед халдвар тээгч мал өвчний үүсгэгчийг нэгээс нөгөөд халдааж өвчин тархана. Халдвар тээгч мал нь өвчний ямар нэг шинж тэмдэг үзүүлэхгүйгээс өвчин амархан тархана. Өвчний үүсгэгч нь өвчилсөн малын ялгадас, шүлс, нулимс зэргээр гадагшилж орчин тойрныг бохирдуулахаас гадна өвчтэй малд өгч байсан тэжээл, усны үлдэгдэл нь өвчин тараах эх уурхай болдог. Амьсгалын дээд замд өвчин үүсгэгч нь сапрофит хэлбэрээр шимэгчлэх ба энэ нь идэвхжин малын биеийн эсэргүүцлийг даван цусан халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Pasteurella multocida нь халдвар авсан малын цусанд хэсэг хугацаанд үржин үжил болгож улмаар эд эрхтэнд тархаж биеийн эсэргүүцэл болон өөрийн бодис солилцооны бүтээгдэхүүн агрессины нөлөөгөөр залгиур эсийн үйлчлэлийг дарамтлаж дотор хор ялгаруулна. Ус, тэжээлийн хамт малын амаар орсон пастереллын нэг хэсэг ходоодны шүүсний нөлөөгөөр үхэж нөгөө хэсэг нь баасаар гадагшлах бол үлдсэн хэсэг нь ходоод нарийн гэдэсний салст бүрхүүлд наалдан үлдэж тэндээ үржин дотор хор ялгаруулснаар чацархай, булчирхайн эд эс үрэвсэж томрох ба цаашлаад цус, тунгалаг, хялгасан судсанд орно.Цусанд орсон үүсгэгч олширч өвчний эхний үед залгиур эсэд баригдахын хамт зарим нь цааш цусаар тээгдэх бөгөөд залгиур эсийн идэвхи суларсан үед цусанд үржиж үжил үүсгэхээс гадна элэг, бөөр, дэлүүнд очин үхжлийн голомт үүсгэнэ. Ингэж идэвхжсэн пастереллууд цус, тунгалгийн шингэнээр тархан цуллагийн эрхтнүүдийг гэмтээж 12-36 цагийн дотор үхүүлнэ.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчнийг явцаар нь цочмог, цочмогдуу, архаг гэж хуваадаг бөгөөд үрэвслийн байдал, байршил, эмнэл зүйн шинж тэмдгээр үжилт, цээжний, хавангийн, гэдэсний гэж ангилна. Цочмог явцтай үед шинж тэмдэг ажиглагдахгүйгээр гэнэт үхнэ. Өвчилсөн малын биеийн халуун огцом нэмэгдэж, үжлийн ерөнхий шинж ажиглагдана. Өвчилсөн малын хөдөлгөөн багасаж ус тэжээлээс гарч чичирч зогсоно. Зүрхний цохилт амьсгалын тоо түргэсэж, зүрхний хэм алдагдана. Өвчний ил шинж тэмдэг илэрснээс хойш 3–4 цагийн дотор үхнэ. Цочмогдуу явцтай үед тэжээлийн дуршил буурч, сүргээс хоцорно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, гүзээний агшилт удааширч гүзээ, гэдэс хийгээр дүүрэх, салс, цусны хольцтой чацга алдана. Ил үзэгдэх салст бүрхүүлүүд улайж чих унжих ба нүд үрэвсэж нулимс гоожно. Биеийн халуун 40,50С, амьсгалын тоо нэг минутад 26–60, судасны лугшилт 82–140 хүрнэ. Үхэхийн өмнө биеийн халуун буурч судасны лугшилт өнгөц болж олширно.Архаг явцтай үед гэдэсний үйл ажиллагаа хямарч чацга их алдснаас турж эцнэ. Хавангийн хэлбэр нь нас гүйцсэн үхэрт тод илэрнэ. Өвчний нууц үе 2–3 хоног үргэлжлэх бөгөөд өвчилсөн үхрийн биеийн халуун 40-420С хүртэл нэмэгдэнэ. Өвчилсөн мал номойрох, тэжээл, усанд дуршилгүй болох, заримд нь чацга алдах шинж тэмдэг ажиглагдана. Өвчилсөн үхрийн эрүүний доод хэсэг, хэл, хэвлий, бэлэг эрхтэн, үеийн орчмоор цусан халдварын хэв шинжит эмзэглэл ихтэй халуун хаван үүсэж хурдан тархана. Эрүүний доод хэсэг, багалзуур, төвөнх, хэл орчим хавагнасан тохиолдолд амьсгал боогдож хяхтнах, өвс тэжээл идэж чадахгүй, ус залгих ажиллагаа хүндэрч амнаас нь унжралдсан шүлс их гарна.Цээжний хэлбэрийн үед цээжний гялтан, уушгинд ширхэнгэнцэрт ба сахуулайт үрэвсэл үүсч, чагнахад хэржигнүүр сонсогдож хамраас нь шаравтар шингэн, идээрхэг зүйл гарч эмзэглэлтэй, хуурай ханиалгах ба хаа гуя нь чичрэх, амьсгал нь давхцан тоо нь олшрох зэргээр биеийн ерөнхий байдал доройтно. Ийм үед хивэхээ больж чацга алдана. Гэдэсний хэлбэрийн үед чацга алдана. Энэхүү хэлбэр нь тугалд элбэг тохиолддог. Мөн цээж, гэдэсний хэлбэртэй хавсарч тохиолдож болно. Өвчилсөн тугалын амьсгалын зам үрэвсэж гэдэс ходоодны ажиллагаа хямарч эвгүй үнэртэй, залхагтай, цустай чацга алдана. Гэдэсний хэлбэрийн үед өвс, тэжээлээс тэр бүр гарахгүй харин их цангаг болно. Өвчилсөн малын цус багасах, нүд амны салс бүрхүүл цайх ба үс нь өнгө алдан бүрзийж үе мөч, цээж, сэрвээгээр хавагнаж бие нь ерөнхийдөө дордоно.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Арьс, арьсан доорх эслэгт их хэмжээний цус харвасан байх ба мөгөөрсөн хоолой, цээжний гялтан, зүрхний булчин, салст бүрхүүлд цэглэг цус харвасан байна. Уушиг улаан хүрэн өнгөтэй болж томорсон байх ба зүсэж үзэхэд цусархаг үрэвсэл үүссэн байна. Цээжний хөндийд хүрэн улаавтар өнгөтэй шингэн хуримтлагдаж элэг, гэдэс, чацархайн тунгалгийн зангилаа хавагнаж томорсон нь өвчний нэг гол хувиралт байдаг.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.20–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлал болон ПГУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Үхэр, хонины цусан халдвар өвчнийг брадзот, боом, дуут, дотрын халдварт хордлого, иж балнад, ургамлын хордлого зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Цусан халдвар өвчний үед өвөрмөц, эмгэг жамын, шинж тэмдгийн эмчилгээ хийхийг зөвлөдөг. Өвчилсөн амьтны эмчилгээний үр дүн өвчний хэлбэр, явц зэргээс шалтгаална. Эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлсэн үхэрт эмчилгээний өвөрмөц ийлдэс тарих нь үр дүнтэй. Энэ өвчний үед үжил үүсдэг учир малын биеийн эсэргүүцлийг дээшлүүлж, бие махбодын ажиллагааг дэмжих, өвчин үүсгэгчийн үржлийг зогсоох, хор саармагжуулах, үрэвслийн явцыг намжаах эмчилгээ хийнэ. Өвчилсөн мал халуурч байгаа болон өвчний эхэн үед антибиотикийг дархлаат ийлдэстэй хослож хэрэглэх нь үр дүн сайтай.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Цусан халдвар өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.