• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Хонь, ямааны сохор догол өвчин


1. Тодорхойлолт: Хонь, ямааны дэлэн, үе, нүдний эмгэг, заримдаа хээл хаях шинж тэмдгээр илрэх хавьтал халдвар бүхий өвчин юм.

2. Үүсгэгч: Хонь,ямааны сохор догол өвчний гол үүсгэгч нь Mycoplasma agalactiae бөгөөд M. capricolium, M. mycoides, M. putrefaciens нь ямаанд ижил төстэй шинж тэмдэг бүхий өвчнийг үүсгэх ба ихэвчлэн уушигны үрэвсэл хавсарсан байна.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Сохор доголын үүсгэгч 0–250С хэмд 4 сар амьдрах чадвартай бол сүүнд ердийн нөхцөлд 8 хоног, харанхуй орчинд 150С–д 3 сар идэвхээ алдахгүй. Усанд 40 хоног, хөрсөнд 15 хоног, бууцанд 10 хоног идэвхтэй байна. Үүсгэгчийг 500С хүртэл халаахад 90 минут, 600С–д 5 мин, формалины 0.5–1 хувийн уусмалд 4 цагийн дараа, марганц хүчлийн калийн 1:250–500 уусмалд 2 цаг болоод үхнэ.

3. Халдвар дамжих зам: Сохор догол өвчнөөр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүйгээр өвчилнө. Ямаа хонийг бодвол илүү мэдрэг байна. Бог малын сохор догол өвчин үүсгэгч нь өвчтэй, өвчлөөд эдгэрсэн тээгч малын бие махбодид хадгалагдан, энэ өвчин тухайн аж ахуйн нэгжид байнга шахам илэрч байдаг онцлогтой. Сохор догол нь хавьтал халдвартай тул өвчтэй мал байсан хашаа хороо, бэлчээр, ус, малын тоног хэрэгслээр дамжин эрүүл малд халдварлана. Өвчний үүсгэгч өвчтэй юм уу тээгч хонь, ямааны сүү, нулимс, шээс, баасаар гадагшлах ба 7 сар хүртэл хугацаагаар ялгарна.
Өвчний үүсгэгч тэжээл боловсруулах зам болон шарх, хөхний сүвээр дамжин халдварлана. Халдвар мал төллөлт, саалийн үед эрчимтэй тархана. Ихэвчлэн хавар гарах ба зун халдварлалт аажим нэмэгдэж сүргийн 30–40 хувийг өвчлүүлнэ. Намар намжиж өвөл илрэхгүй. Халдвар тархахад саальчид, гувшаа хурга, ишиг их нөлөөтэй.

4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Нууц үе нь 12–60 хоног байна. Өвчин цочмогдуу юм уу архаг явцтай байна. Цочмогдуу явц ямаа, хөхүүл хурга, ишгэнд ажиглагдах ба 5–7 хоног үргэлжилнэ. Архаг явц нь хэдэн сараар үргэлжлэх ба заримдаа үхнэ. Өвчний хэлбэрийн хувьд дэлэнгийн, үений, нүдний, холимог заримдаа нугасны гэж хуваана.
Өвчилсөн малын биеийн халуун эхлээд 1–1.50С–ээр нэмэгдэж хэд хоног үргэлжлэх ба тэгээд хэвийн хэмжээнд орно. 7–8 хоноод дахин биеийн халуун нэмэгдэнэ. Биеийн ерөнхий байдал доройтож тэжээл идэхээ болино. Хээлтэй хонь, ямаа хээлийн 3 юм уу 4 дахь сардаа хээл хаяж болно.
Нас гүйцсэн малд дэлэн, үе, нүд өвчлөх шинж тэмдэг илэрнэ. Хөхүүл хурганд үений болон нүдний үрэвсэл илэрнэ. Хурганы дал, нуруу, үенд идээт буглаа үүсэх нь элбэг тохиолдоно. Үсэрхийлснээс болж уушиг үрэвсэж болно. Өвчилсөн хурганы хөдөлгөөн удааширч сүргээс хоцорно. Хамар, амнаас салслаг шингэн гоожно. Эхлээд хуурай ханиалгах ба цаашид эмзэглэлтэй болж амьсгалын тоо олшрох, амьсгаадах шинж илэрнэ. Уушиг үрэвссэн үед үхэл 50 хувь хүрнэ.
Дэлэнгийн хэлбэрээр ихэвчлэн сааж байгаа хонь, ямаа өвчилнө. Ихэвчлэн дэлэнгийн нэг хэлтэр заримдаа хоёр хэлтэр гэмтэнэ. Өвчний эхний үед биеийн халуун бага зэрэг нэмэгдэх ба сүү нь огцом татарч, найрлага нь өөрчлөгдөх шинж илэрнэ. Дараа нь дэлэн томорч халуун, эмзэглэлтэй болно. Дэлэнгийн гэмтсэн хэлтэр хатуурна. Сүү нь хөхдүү туяатай, усархаг болж амархан ширгэх ба сүүлдээ өтгөрч шаргалдуу өнгөтэй болно.
Цаашдаа сүүний оронд бүржрүүтэй тунгалаг биш шингэн гарч байгаад тунгалаг болдог. Хөхийг нь имэрч үзэхэд хатуу зангилаа юм уу хүйтэн буглаа мэдрэгдэх ба шувтарч үзэхэд заримдаа идээ гарна. Заримдаа дэлэнгийн үрвсэлийн явц түргэн явагдаж арилах ч сүү нь дараа жилийн саалийн үед хэвийн хэмжээнд хүрнэ.
Үений хэлбэрийн үед ихэвчлэн өвдөг, борви, бугалга, түнх, бэрэвхийн үе гэмтэнэ. Нэг зэрэг 3–аас олон үе гэмтэх нь ховор байдаг. Эхлээд шалтгаангүйгээр доголж эхлэнэ.
Дараа нь гэмтсэн үе томорч халуун, эмзэглэлтэй болно. Өвчилсөн мал хөлөө сэлгэж зогсоно. Гэмтсэн үе 2–3 хоногийн дараа хавдах ба хатгаж үзэхэд 2–3 мл булингартай унжралдсан шингэн гоожих ба заримдаа цустай, лавстай байна. 10–15 хоноод үений идээт үрэвсэл болно. Ихэвчлэн үений болон шөрмөсний гэр үрэвсэнэ. Ийм тохиолдолд үений урд хэсэгт тагтаа юм уу тахианы өндөгний хирийн уутархуу хавдар үүснэ. Мал өвчтэй хөлөө сойж зогсоно. 2 үе гэмтсэн үед ихэвчлэн хэвтэх бөгөөд мөлхөж явна. Өвчин  2–8 долоо хоног үргэлжилж үхнэ. Хөнгөн хэлбэрийн үед эдгэрч болно.
Нүдний хэлбэрийн үед нулимс ихээр гоожиж сормуус хоорондоо наалдах ба гэрлээс дальдрах, нүдний орчимд загатнана. 2–3 хоногийн дараа нүдний эвэрлэг бүрхүүлийн өнгө өөрчлөгдөж булингартаж цайвар цагаан өнгөтэй болно. Нүдний үүл нь хэсэг газар юм уу нэлэнхүйдээ байна. Голд нь бичгийн зүүний толгойн хэмжээтэй 2–4 цагаан голомт байна. Үүл хөндийрч тэгш бус захтай яршил үүсч болно. Яршил нь тэгш, гялгар, тунгалаг байна.  Хөнгөн хэлбэрийн үед яршил нь алга болох ба үүл нь арилж эдгэрнэ. Ихэвчлэн шаргалдуу туяатай 1–2.5 см хэмжээтэй цагаа унана. Гэмтсэн эвэрлэг бүрхүүл нь шовх төвгөр хэлбэртэй байдаг бөгөөд 3–4 мм зузаарна.
Хэсэг хугацааны дараа цагаа нь ховхорч яршина. Заримдаа эвэрлэг бүрхүүл хагарч нүдний цөцгий гоожно. Нүдний хэлбэр 6 хоногоос 2 сар үргэлжилнэ.
Нугасны хэлбэрийн үед мал маш амархан ядрах ба үргэлж хэвтэнэ. Биеийн мэдрэг байдал нэмэгдэнэ. Мал маш болгоомжтой явах ба гуйвах байдал ажиглагдана. Цаашид саажиж явж чадахгүй болно.
Холимог хэлбэр нь элбэг тохиолдоно. Дэлэн, нүд, үе зэрэг өвчилнө.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвчний хэлбэрээс хамаарна. Үхсэн мал маш туранхай байна. Арьсан дор, булчинд идээт буглаа үүссэн байна.
Нүдний хэлбэрийн үед дээр бичсэнтэй адил хувиралт байна. Дэлэнгийн эмгэгийн үед сүүний цүнхээл томорч олон тасалгаат хөндий үүссэн байх ба шаргал юм уу ногоондуу туяатай цагаан өнгөтэй шингэн байх эсвэл унжралдсан зүйлээр дүүрсэн байна. Заримдаа цагаан шаргал өнгөтэй бүлхэрсэн шингэнтэй байна. Дэлэнгийн гэмтсэн хэлтэрийн цуллаг нь хатанхайрч хатуурсан, цөцгийрхүү шингэн агуулсан жижиг юм уу том голомтууд байна.
Гэмтсэн үений хөндийд ширхэгэнцэрт шүүрдэсний хатуурсан хэсгүүд байна. Үений гэрийн хана зузаарсан, үений мөгөөрс яршсан, цус ихэдсэн байна. Үений хөндийд улаан өнгөтэй булингартай шингэн байна. Заримдаа идээлсэн байх тохиолдол бий. Шөрмөсний гэрний хана зузаарч ногоондуу туяатай цагаан өнгөтэй шингэн байна. Чөмөг хайлж цэлцгийрхүү болж цус ихэдсэн байна. Нугасны хэлбэрийн үед бага тархи болон нугасны цусны судаснуудад  цус ихэдсэн байна. Заримдаа нугасны бор бодис хайлсан, нугасны шингэн булингартсан байдаг. Нугаламын үений орчимд идээлсэн байна. Дэлүү томроогүй ч огтлолын гадарга мөхлөгжсөн байна. Дэлүүний цуллагт шар будааны хэмжээтэй цайвардуу өнгөтэй зангилаанууд байх ба цуллагаас амархан сална.

6. Онош: Өвчний гаралтын онцлог, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэгийн хувиралт, эмгэгт дээжинд хийсэн нян болон ийлдэс судлалын шинжилгээний дүн, полимеразын гинжин урвал зэргээр тогтооно.
Ялгаварлан оношлох: бруцеллёз, хар дэлэн, хорт салст халуурал, телязиоз зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.

7. Эмчилгээ: Өвөрмөц эмчилгээний бэлдмэл байхгүй. Өвчний эхний үед хөнгөн хэлбэрээр өвчилсөн үед тетрацкиин, микралид, флорфеникол, тиамилин, флюрохинолоны бүлгийн антибиотикээр эмчилнэ.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Сохор догол өвчингарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.