• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Хонь, ямааны маеди - висна өвчин


1. Тодорхойлолт: Хонь, ямааны Маеди–Висна нь үндсэндээ хоёр төрлийн өвчин бөгөөд хонь, ямааны Маеди нь уушигны цулцангийн хананы эдийн лавширмал үрэвсэл, Висна нь тархины эдийн үрэвслийн эмгэгээр илэрдэг зонхилон ямаанд тусдаг аажим явцтай хавьтал халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Маеди–Висна өвчин нь Retroviridae язгуурын лентивирусээр үүсгэгдэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Лентивирус гадаад орчинд хэдэн өдөр байх бөгөөд хэт ягаан туяаны үйлчлэлд герпесвирусээс 10 дахин тэсвэртэй боловч тос уусгагч, угаагч бодис, иодын хэт ислийн нэгдлүүд, фенолт бодис, формальдегид зэрэг түгээмэл халдваргүйжүүлэх бодисууд болон бага рН <4.2-д тэсвэргүй.

3. Халдвар тархах зам: Маеди–Висна өвчнөөр ихэвчлэн 2-оос дээш насны хонь, ямаа хүйс болон үүлдрийн хамаарахгүйг‎‎ээр өвчлүүлнэ‎. Жилийн аль ч улиралд энэ өвчин илрэх бөгөөд өвөл, хавар өвчлөл нэмэгддэг. Ердийн нөхцөлд хонь, ямаа амьсгалын болон тэжээл боловсруулах замаар халдварлана. Өвчний үүсгэгч агаар дуслаар, тэжээл, ус, уураг, сүүгээр дамжина. Мөн цус, сүү, үр хөврөлөөр дамжиж болно. Өвчний үүсгэгчийн эх булаг нь Маеди – Виснагийн вирусээр халдварласан болон өвчилсөн хонь, ямаа юм.

4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Маеди өвчний нууц үе ихэвчлэн хоёроос дээш жил, Висна өвчний нууц үе 2-8 сар байна. Маедигийн вирусийн халдварын үед өвчилсөн хонь, ямаа үлбэгэр дорой болж амьсгаадах, хааяа ханиах, сүргээс хоцрон арай ядан явах, лавшран турсаар эцүүрдэн тамиргүйдэх, ихэнхдээ аргагүйтсэн байдалтай эвхрэн хэвтэх, хөхүүл хонины дэлэн хатууран томорч сүүгүйдэх зэрэг шинж архаг явцтайгаар илэрч улмаар үхнэ. Виснагийн вирусийн халдварын үед өвчилсөн хонь, ямаанд урд хөл сулран тэнцвэр алдах, доголох, шургачих, булчингууд чичрэх, улмаар саажих, турж эцэх зэрэг мэдрэлийн эмгэгийн шинж үзүүлнэ. Эн‎эхүү өвчний шинж тэмдэг нь 3-10 сар үргэлжилнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Уушгинд булчирхайлаг нягт улаан, хүрэн улаан, бор саарал алагласан хавдар үүсч хатууран томрох, тэр хавийн тунгалгийн зангилаанууд улаан, хүрэн улаан болж томорч зөөлрөх, мөгөөрсөн хоолойд ялимгүй хөөсөрхөг салслаг шингэн хуралдах нь Маеди–Виснагийн түгээмэл онцлог эмгэг өөрчлөлт юм. Ихэнх тохиолдолд хоёрдогч халдварын улмаас уушиг, цээжний хөндий идээлэн ногоон, шар–ногоон, улаан өнгөөр алагласан байдаг. Тархи, дэлэнгийн үрэвслийн эмгэг элбэг биш.

6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд э‎цсийн оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.4.6–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд ПГУ, ЭЛИЗА, НТУ, эмгэг эд судлалын аргыг ашиглаж шинжилгээ хийнэ.
Малын эмч үзлэг шинжилгээ хийхдээ тухайн айлын бүх хонь, ямааны уушигны орчимд чагнах (ус буцалж байгаа мэт авиа сонсогдоно), хамрын гоождос шинжлэх (бөгснөөс нь өргөж толгойг унжуулахад хамраас салслаг шингэн гоожино), амьсгалын ажиллагааг сорих (20 минут хөөж туусны дараа эсвэл хамрыг бөглөн нэг минут амьсгааг түгжихэд амьсгаадаж, хэрчигнүүртэй удаан ханиана), биеийн халууныг хэмжих (бусад өвчний хүндрэлгүй бол биеийн халуун хэвийн байна) зэрэг аргуудаар гүйцэтгэнэ.
Ялгаварлан оношлох: Маедиг аденоматоз, диктокаулёз, хуурамч сүрьеэ, нокардиоз, уушигны идээт архаг үрэвсэл, цусан халдвараас; Виснаг листериоз, скрепи, галзуу, тархины бусад үрэвслээс ялган оношлоно.

7. Эмчилгээ: Маеди-виснаг эмчлэх, сэргийлэх өвөрмөц арга х‎эмж‎‎ээ одоогоор  боловсрогдоогүй байна.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Маеди-висна өвчингарсан хот айлд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.