• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Хонины дотрын халдварт хордлого өвчин


1. Тодорхойлолт: Гэдэс дотрын цусархаг үрэвсэл, мэдрэлийн тогтолцооны эмгэг, бөөр зөөлрөх болон ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрдэг хонины хавьтлын бус халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Clostridium perfringens–ийн С, Д гэсэн хоёр хэвшлээр үүсгэгдэх бөгөөд С хэвшлийн үед гэдэсний цусархаг эмгэг хувиралтаар илрэх бол Д хэвшлээр үүссэн үед мэдрэлийн тогтолцооны эмгэг, бөөр зөөлрөх шинжээр илэрнэ. Хордлого үүсгэгч омог өвчтэй малд төдийгүй хөрс, ус, бууц, сэвс, баасанд байдаг учир онош тогтооход онцгой анхаарна. Cl. perfringens нь грам эерэг, богино, бүдүүн савханцар бөгөөд хөдөлгөөнгүй, бүрээс, үрэнцэр үүсгэдэг, агааргүйтэн нян юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Дотрын халдварт хордлого өвчний үүсгэгчийн хэвшлүүд нь нарны гэрэл, хуурай халуун, буцалгахад нилээд тэсвэртэй ч химийн бодисуудад амархан үхнэ. А, Е хэвшлийн зарим омгийг буцалгахад 2–3 цаг тэсвэрлэж үржих чадвараа хадгалдаг байхад D, С хэвшлийн омог нь өндөр хэм хийгээд буцалгахад 15–20 минутын дотор үхнэ. Ер нь уг өвчний үүсгэгч үрэнцэр үүсгэсэн үедээ сайн тэсвэрлэх ба үрэнцэр үүсээгүй нөхцөлд гадаад орчинд тэсвэр муутай. 
3. Халдвар дамжих зам: Бүх насны хонь өвчлөх ч 8–10 сарын настай хурга илүү мэдрэмтгий байна. Үүсгэгч өвчтэй юм уу өвчилж эдгэрсэн малын баасаар гадаад орчинд тархаж ус, тэжээл, хэвтэр, тоног хэрэгслийг бохирдуулна. Халдвар тэжээл боловсруулах замаар дамжина. Өвчин үүсэх шалтгаан, нөхцөл харилцан адилгүй бөгөөд ходоод гэдэсний замын шүүрэл, үйл ажиллагааны хямрал, мөн урьд нь өвчилсөн өвчнүүдийн суурин дээр тухайлбал цусан суулга, колиэнтерит, цагаан хорхойн өвчнүүд нөлөөтэй. Өвчин улирлын чанартай бөгөөд ДХХ-ын үүсгэгч нь хонины гэдсэнд байнга байдаг учир зун шүүслэг ургамал идснээс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасч гүзээ хийгээр дүүрч үүсгэгч үржих нөхцөл бүрдэн хороо ялгаруулан цусаар дамжин бие махбодийг хордуулна. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэвийн тохиолдолд үүсгэгч болон хор баастай хамт гадагшилна. Өвчтэй малаас эрүүл малд шууд халдварладаггүй.

4. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе хэдхэн цаг байна.Хонины дотрын халдварт хордлого нь хэт цочмог, цочмог, цочмогдуу болон ужиг явцтай байна. Дугжрах, саажих гэсэн хэлбэрээр илэрнэ. Хэт цочмог явц нь хурга, тарга хүч сайтай хонинд тохиолдох бөгөөд гэнэт идэхээ болих, хөдөлгөөний зохицол алдагдан гуйвж дайвах, ам хамраас хөөстэй шингэн гоожих, цустай чацга алдах, шилэн хүзүү нь татаж шүдээ хавирах, шүлс гоожих, амьсгаадах, таталдан унаж тасралтгүй тийчлэх зэрэг шинж тэмдэг илэрч гэнэт юм уу 2–3 цаг болоод үхнэ. Биеийн халуун нэмэгддэггүй.
Цочмог явцтай өвчилсөн үед дээрхи шинж тэмдгүүдээс гадна 40-410С хүртэл халуурах, номойрох, тэжээлийн дуршилгүй болох, цус, залхагтай чацга алдах, цустай шээх, нүдний салст бүрхүүл нь улайж нүд нь улаанаар эргэлдэх, шүдээ хавирах, амнаас хөөстэй унжралдсан шүлс гоожих, хөл нь саажих ба хагас дугжрах байдалд орсон шинж тэмдгүүд илрэх бөгөөд 1–2 хоноод үхнэ.
Цочмогдуу явц нь туранхай хонинд юм уу энзоотын төгсгөлд ажиглагдана. Шинж тэмдгийн хувьд адил ч илрэл нь бүдэг байна.
Дугжрах хэлбэрийн үед таталдах, гуйвагнаж явах, эргэх хөдөлгөөн хийх, амьсгал давчдах, тэжээлийн дуршил алдагдах, амьсгаадах шинж илэрч 1–2 хоноод үхдэг бол таталдах хэлбэрийн үед таталдах, шүдээ хавирах, шил татах, нүд бүлтийх шинж илэрч 2–4 цаг болоод үхнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: С хэвшлээр үүсгэгдсэн үедходоод, нарийн гэдэсний цусархаг үрэвсэл, бөөр зөөлрөх хувиралт болдог бол Д хэвшлээр үүсгэгдсэн үед цуллагийн эрхтнүүдэд сөнөрлийн хувиралтууд илэрч бөөрний махам зутан маягийн цусархаг лагалдсан эд болсон, элэг сөнөрсөн, чацархайн булчирхайд голомтлосон үхжил болсон, тархи, тархины бүрхүүлд цус ихдэлттэй байна.

6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.4.12–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлал болон хор саармагжуулах урвал, ПГУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Боом, цусан халдвар, брадзот, өвс ургамал, тэжээлийн хордлогоос ялгаварлан оношлох шаардлагатай.

7. Эмчилгээ: Эмчилгээг өвчний эхний үед хийх хэрэгтэй бөгөөд эмчлэх, сэргийлэх хос цэнэт ийлдэс хэрэглэнэ.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.