1. Тодорхойлолт: Миксоматоз бол нүдний гэмтэл, салст бүрхүүлийн үрэвсэл, арьсан дорх эслэгт булдруут хаван үүсэх эмгэгээр илэрдэг молтогчин болон туулайн хурц халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Poxviridae (цэцгийн) овгийн Leporipoxvirus төрөл миксоматозын вирус юм. Энэхүү вирус ДНХ агуулсан, эсийн дотор оршихуун үүсгэдэг, туулайн бөөрний анхдагч эс, RK-13 шугаман эсэд сайн, тахианы хөврөлжүүлсэн өндөгний хориоаллантойсийн бүрхүүлд аажим үржинэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Гадаад орчинд тэсвэртэй, туулайн хатсан баасанд 10 сар, үхсэн туулайн хүүрэнд нэг хүртэл жил хадгалагдана. Глицерины 50% уусмалд 2 жил идэвхээ хадгална. 50°С халуунд нэг цаг, буцалгахад нэг минутын хугацаанд идэвхгүйжинэ.
3. Халдвар дамжих зам: Миксоматозоор тэжээвэр болон зэрлэг туулай, молтогчин аль аль нь өвчилнө. Байгалийн нөхцөлд өвчин үүсгэгчийн тээгч нь зэрлэг туулай юм. Халдвар үүсгэгчийн эх булаг нь нус, нулимсаар вирус ялгаруулж байгаа өвчтэй туулай бөгөөд хавьтлаар, агаараар халдварлана. Миксоматозын вирус тэжээл, ус, тоног хэрэгслээр дамжина. Вирус хатгадаг болон хатгадаггүй шавьжаар дамжиж болно. Богино хугацаанд олон туулай зэрэг өвчлөнө. Миксоматоз анх гарч байгаа аж ахуйд эхлээд бүжин, дараа нь том туулайд өвчний шинж тэмдэг илэрнэ. Өвчлөл 50-аас дээш хувь, үхэл 20–90 хувьд хүрнэ.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Далд үе 3-10 хоног. Туулайн миксоматоз хоёр хэлбэртэй. Сонгомол хэлбэрийн үед өвчилсөн туулай эхлээд халуурч нудний салст бүрхүүл үрэвсэж улайх (улаан нүдэн), дараа нь салслаг идээтэй нулимс гарах, зовхи улмаар чихний уг, толгой, нурууны хэсэг хавагнаж үс нь өрвийнө. Үүний улмаас толгойн үс сэгсийн арслангийн толгой мэт болно. Мөн бэлэг эрхтэн, хошного болон биеийн бусад хэсгийн арьсан дорх эслэгт хэсэг хэсэг хаван үүсэж томбойн гүвдрүүтнэ. Гүвдрүү нь вандуйн чинээгээс грек самрын хэмжээтэй байна. Энэ үед салст бүхүүлүүд хөхөрч 2-5 хоногт үхнэ. Уушигны хэлбэрийн үед өвчний явц аажим бөгөөд нудний салс бүрхүүл үрэвсэж улайх ба арьсан дорх эслэгт үүсэх гүвдрүү цөөн, жижиг байна. Өвчилсөн туулай арай ядан амьсгалах, амьсгаадах, турж эцэж байгаад 14-30 хоногийн дараа үхнэ. Гэвч олонх нь амьд үлдэнэ.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр туранхай, нудний салст бүрхүүл үрэвсэж улайсан, зовхи идэт салсаар бохирдон наалдсан байна. Арьсан дорх эслэгт том жижиг янз бүрийн хэмжээний хавант гүвдрүү олон байна. Гүвдрүү хатуу, цайвар өнгөтэй, хөндлөн зүсэхэд ягаавтар шингэн шүүрнэ. Элэг, дэлүү, бөөрний гадна бүрхүүлийн доорх эдэд цэглэг болон ургэлжилсэн цус харвалт үүснэ.
7. Онош: Өвчний эпизоотологийн байдал, шинж тэмдгийн илрэл, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн тогтоох ба лабораторийн шинжилгээгээр батлана.
Ялгаварлах онош: Миксоматозыг туулайн цэцэг, туулайн вируст цусан халдвар, пастереллёзоос ялган оношлоно.
9. Эмчилгээ: Эмчилгээний арга боловсруулагдаагүй.