1. Үүсгэгч: Гахай болон махчин амьтад, хүний нарийн гэдсэнд шимэгчилдэг, маш жижигхэн, 1.4–4 мм орчим урттай, эмэгчин нь эрэгчнээсээ 2 дахин том нематод бөгөөд авгалдай нь амьтан, хүний мах булчинд очиж байршин шимэгчилнэ. Эмэгчин хорхой амьд авгалдай төрүүлнэ.
2. Халдвар дамжих зам: Эмэгчин трихинелл гахай, хүн, махчин амьтад, хулгана, зурамны нарийн гэдсэнд шимэгчилж байхдаа авгалдай төрүүлэх ба авгалдай гэдэсний ханаар нэвтрэн гарч хөндлөн судалт булчингийн ширхгийн завсарт хүрч гадуураа бүрхүүлээр хучигдан эзэн амьтны насан туршид, хүнд 40 хүртэл жил амьдарна. Гахай болон махчин амьтад трихинеллтэй амьтдын сэг зэм идэх, хүн, гахай болон бусад амьтдын трихинеллтэй түүхий мах буюу дутуу боловсруулж шүүрхий идснээс халдварлана.
3. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчтэй гахайд эмнэл зүйн тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд харин цусны эозинофилийн тоо эрс олшрох, улаан эсийн тунах урвал түргэсэх зэргээр өөрчлөлт орно.
4. Эмгэг бие бүтцийн хувиралт: Булчингийн ширхгийн хэвийн байдал өөрчлөгдөж гэмтсэн, авгалдай байрласан хэсэгт бүдүүрч хөндлөн судал аажмаар өөрчлөгдөн устаж бөөм нь томорч булчингийн ширхэг уусч мөхлөгжинө. Араг ясны булчинд гинжилсэн үрлэн мөхлөгүүд бий болж хатууран цагаан өнгөтэй болсон байна.
5. Онош: Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.28–д заасны дагуу авч хүргүүлнэ. Гахай, адууны маханд MNS 5813 : 2007 стандартын дагуу шинжилгээ хийнэ.
6. Эмчилгээ: Байхгүй