1. Тодорхойлолт: Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл буюу Гамборогийн өвчин нь чацга алдах, чичрэх, хэтэвч, бөөр үрэвсэх шинж тэмдгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Энэ өвчний үүсгэгч бирнавирусийн язгуурт хамаарах РНХ агуулсан вирус юм. Уг вирус нь 32 капсомертэй, бүрхүүлдээ VP1, VP2, VP3, VP4, VP5 гэсэн уурагтай, дотроо 2 ийлдсэн хэвшилтэй бөгөөд 1–р ийлдсэн хэвшил нь 6 дэд хэвшилтэй, харин 2–р ийлдсэн хэвшлийг цацагт хяруулаас гарган авсан бөгөөд дэд хэвшилгүй.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Өвчний үүсгэгч шувууны байр, тоног хэрэгсэл, сангасанд 120 хоног хүртэл хадаглагддаг. Орчны хүчиллэг, шүлтлэг байдал түүний тэсвэрт чанарт нөлөөлдөггүй бөгөөд орчны pH 2.0–11.0–ын хооронд байхад идэвхээ алддаггүй. Дулаанд мэдрэг бөгөөд 560С–д 5 цаг, 600С–д 30 минутанд идэвхээ алддаг бол хуурай орчинд 300С–д 150-180 хоног идэвхтэй байна. Эфир, хлорформд нилээд тэсвэртэй бол 0,5%-ийн формалинд 6 цагт, 0,5%-ийн хлораминд 3 цагийн дотор идэвхээ алдана.
3. Халдвар тархах механизм: Халдварын эх үүсвэр нь өвчтэй ба сэжигтэй мөн өвчилж үхсэн шувуу байхаас гадна шувууны байр, хэрэглэж байсан бохирдсон тоног хэрэгсэл, дэвсгэр, бууц, сангас зэрэг болно. Тахианы 2–15 долоо хоногийн бойжилттой дэгдээхэй мэдрэмтгий бөгөөд Леггорн үүлдрийн тахианы 3–6 долоо хоногтой дэгдээхэй илүү мэдрэмтгий ажээ. Мөн агаар дуслын замаар болон халдварласан өндгөөр дамжина.Өвчний үүсгэгчийг цацагт хяруул, сарьсан багваахайнаас гаргаж авсан мэдээлэл байдаг. Эд, эрхтнээс гадагшлах төрөл бүрийн шүүрэл нь үүсгэгчийг гадаад орчинд тарааж халдвар дамжуулна.Мөн төрөл бүрийн шимэгч хорхой, ширх, зэрлэг шувууд завсарын дамжуулагч болж халдвар тарахад нөлөөлдөг гэж үздэг.
4. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе богино. 3–6 долоо хоногтой дэгдээхэй ихэвчлэн цочмог явцтай өвчилнө. Өвчилсөн шувуу цайвар шар өнгөтэй чацга алдан, толгой нь салганах шинж тэмдэг илэрнэ. Өвчилсөн шувууны хэтэвч эмгэгшиж тунгалаг эсүүд нь үрэвсэнэ. Эмгэгшсэн хэтэвчний эсийн митхондри томрон Гольджийн аппарат нь хатинхайрна. Мөн өөр үрэвсэж цусанд шээсний хүчил ихэснэ. Өвчилсөн дэгдээхэйн булчин хатинхайрна.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Цээжний хөндий, хөлийн булчин хар хүрэн өнгөтэй болж цус ихэдсэн байх ба булчирхайт ходоодны салст бүрхүүлд цус харвасан байна. Элэг хар ногоон өнгөтэй болж дэлүүн дээр голомтууд үүссэн байна. Мөн бөөр томорч, цайвар бор өнгөтэй болсон байна. Хэтэвч нь хавагнаж хөөж цэлцгийрхүү шингэнээр хучигдсан байх ба гадна бүрхүүлд нь цус харваж цайвар өнгөтэй болсон байна. Сэрээ булчирхай чанасан мэт өнгөтэй болно. Чөмөг шар юм уу ягаан өнгөтэй тосорхог байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.6.14–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялгах болон НТУ, БХ–ПГУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Шувууны уушиг, гуурсны халдварт үрэвсэл, Марекийн өвчин, тунгалаг эдийн лейкоз, Ньюкаслийн өвчин зэрэг төстэй шинж тэмдэг бүхий өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Байхгүй.