• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Нохойн гударга өвчин


1. Тодорхойлолт: Халуурах, салст бүрхүүлийн цочмог үрэвсэл, амьсгал, хоол боловсруулах болон мэдрэлийн тогтолцооны эмгэгийн шинж тэмдгээр илэрдэг нохой, чоно, үнэг, булга, өмхий хүрнэ зэрэг бусад махан тэжээлт амьтдыг өвчлүүлдэг, цочмог явцтай, хавьтал халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Гударга өвчин нь парамиксовирусын овгийн РНХ агуулсан вирусээр үүсгэгдэнэ.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Гудрагын үүсгэгч гадаар орчин болон физик химийн хүчин зүйлд маш тэсвэртэй.Цусанд 40С хүйтэнд 14 хүртэлх хоног, дэлүүнд 2 сар хүртэл, үхсэн амьтны хүүрний эд, эрхтэнд –200С–д 6 сар,  цусанд 3 сар, нусанд 1-2 сар хүртэл хугацаагаар тус тус хадгалагдана. Харин 600С - ийн дулаанд 30 минут, буцалгахад агшин зуур идэвхээ алддаг байна. Вирус нь хлороформ, эфирт мэдрэмтгий бөгөөд 0,05%-ийн формалины уусмалд 4 цаг, 01%-ийн β–пропиолактонд 2 цагийн дотор идэвхээ алдана.

3. Халдвар дамжих зам: Өсвөр насны амьтад мэдрэмтгий байна. Өвчний эх булаг нь өвчтэй зэрлэг махчин амьтад, золбин нохой байдаг. Өвчний эх уурхай өвчтэй амьтад юм. Өвчтэй амьтны нус, нулимс, шүлс, шээс, баасаар үүсгэгч нь гадагшлана. Өвчлөөд эдгэрсэн амьтан нь 3 сар тээгч байдаг. Агаар дуслын замаар дамжин халдварлах ба өвчилсөн булганы 100%, нохойн 50% нь үхнэ.  Жил аль ч улиралд тохиолдох ч хавар, намар илүүтэй тохиолдоно. Өвчний явц нь хоёрдогч халдвараар хүндэрнэ.

4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Нууц үе нь 14–40 хоног байна. Өвчний явц цахилгаан, цочмог, цочмогдуу, архаг  хамааран эмнэлзүйн шинж тэмдгээр уушигны, гэдэсний, арьсны, мэдрэлийн болон хавсарсан хэлбэрээр илэрнэ. Заримдаа хээл хаяулах хэлбэрээр тохиолдоно.
Цахилгаан явц нь маш ховор тохиолдоно. Биеийн халуун гэнэт 40 - 410С хүрч хоол, тэжээлдээ дургүй болж номойрох бөгөөд 2 – 3 хоноод үхнэ.
Цочмог явц нь хааяа тохиолдох бөгөөд биеийн халуун 39,5-400С хүрч 1 – 2 хоногийн дараа хэвийн хэмжээнээс доош буурах ба биеийн халуун тогтворжино. Амьтны зан авир өөрчлөгдөж хөдөлгөөн нь муудах, чичрэх, хоншоороо сарвуугаараа үрэх шинж ажиглагдана. Хамраас салст, усархаг, шингэн гоожих ба цаашид идээтэй болно. Эхлээд хуурай, огцом ханиалгаж байгаад бөгшүүлсэн, нойтон, эмзэглэлтэй ханиалгана. Зовхи үрэвсэж нүдний эвэрлэг бүрхүүлийн идээт үрэвсэл, гялтан, уушигны үрэвсэл болно. Хоол боловсруулах зам эмгэгшснээс бөөлжих, цус, залхагтай чацга алдана. Өвчин 15–21 хоногийн турш үргэлжилнэ.
Цочмогдуу явц байнга тохиолдоно. Биеийн халуун 1–2 хоног өндөр байж судасны цохилт олширч, тэжээлийн дуршил муудаж хамрын нүх идээт гоождсоор бөглөрснөөс амьсгалах нь хүндэрсэн байдаг. Гэрлээс айх, зовхи хавагнах, улайх, нүднээс нуух гоожих ба зовхи нь хоорондоо наалдана. Хоншоор, ам, гуя, хэвлийн орчимд улаан тууралтууд гарах ба цаашид цэврүүтэж идээлнэ. Цэврүү нь хагарч тавжина. Зарим нохойн чих нойтон намирс болох ба үений арьс зузаарч эвэршинэ. Өвчин 3 – 4 долоо хоног үргэлжилнэ.
Архаг явцтай үед мэдрэлийн хэв шинж давамгайлна. Өвчтэй нохой сэрлийн байдалд орж догшрох, булчин мах таталдах, нүүрний булчин, давсаг, хошногоны хуниас саажих, сохрох, дүлийрэх, үнэрлэхээ болих ба өвчин нэг сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ.
Хавсарсан хэлбэр байнга тохиолдох бөгөөд амьсгал, тэжээл боловсруулах зам, мэдрэлийн тогтолцооны эмгэгийн шинж хамт илэрнэ.
Хээл хаяулах хэлбэр ховор тохиолдох бөгөөд халуурах, тэжээлдээ дургүй болох, амьсгаадах шинжтэй хавсарч илэрнэ.
Үслэг амьтдад илрэх шинж тэмдэг нь нохойхтой адил байна. Үнэгэнд ихэвчлэн зовхи, хамрын хөндийн үрэвсэл болох ба өвчний төгсгөл рүү мэдрэлийн шинж илэрнэ.
Булганд зовхи, хамрын хөндийн үрэвсэл болох ба бүх биеийн арьс үрэвсэж болно. Өвчний төгсгөлд хөдөлгөөний тэнцвэр алдагдаж хөл саажиж, чацга алдана.
Бүх хэлбэрийн үед өвчилсөн амьтны биеийн халуун 39,5-40,0 хэм хүрч, ихэвчлэн сэлгээ заримд тохиолдолд удаан хугацаагаар халуурна. Улмаар өвчтэй амьтан номой байдалд орж, 2-3 хоногтоо хамраас нь салст шингэн гоожих, хамраа маажих, эхлээд нүднээс нь зовхины салст бүрхүүл улайх, салсархаг дараа нь идээтэй шингэн гарч нуухтах, зовхи нь хавдах, нүд цийнэ. Өвчилсөн амьтны биеэс маш эвгүй өмхий үнэр үнэртэнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Цахилгаан явцтай үед үнхэлцгэнд усавхи шингэн хуримтлагдсан байх ба зүрхний булчингууд дээр цус харвасан байна. Цочмог явцтай үед амьсгалын дээд замын салст бүрхүүлийн салст болон идээт үрэвсэл, гялтангийн үрэвсэл болсон байна. Уушгинд үрэвслийн цагаан, улаан бүсүүд илрэхийн дээр уушиг авчсан байна. Ходоод, гэдсэнд цус харвалт, шархлаа, яршилт үүссэн байна. Нохойн гудрагын өвөрмөц эмгэг хувиралт бол хоёр хуруу гэдэс, шулуун гэдэс, давсганд цэглэг болон тууш цус харвалт үүссэн байна. Дэлүү байнга томорсон байна. Тархи, нугасанд идээгүй үрэвсэл болсон байна.

6. Онош: Гударга өвчнийг тархвар судлалын байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн урьдчилсан онош тогтоож лабораторийн шинжилгээний дүнгээр батлагаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.7.2–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид үүсгэгчийг ялган авах болон вирус саармагжуулах, ХХУ, ПГУ, ЭЛИЗА, НТУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Вирусын гепатит, галзуу, Ауескийн өвчин, булганы энтерит, паратиф, цусан халдвар, парвовирусын гаралтай энтерит, хордлого, В амин дэмийн дутагдлаас ялгаварлан оношлох шаардлагатай.

7. Эмчилгээ: Өвчний эхний үед улаан бурханы эсрэг гаммаглобулиныг 1–3 мл–ээр тарих ба гэдэсний үйл ажиллагаа хямарсан бол фталозол, левомицетиныг 1 кг жинд 0.25–0.5 г–аар тооцож өдөрт 3 удаа олгоно. Хоёрдогч халдвараас сэргийлж пенициллиныг 1 кг амьдын жинд 10 мянган нэгжээр булчинд юм уу арьсан дор тарина. Бусад антибиотикуудыг хэрэглэж болно. Шинж тэмдгийн эмчилгээний чиглэлээр глюконат кальци, анальгин, димедрол зэргийг тарьж хэрэглэнэ. Халуурсан үед ацетилсалицилийн хүчил 0.25–0.5 г–аар дотуур олгоно.  Зовхины үрэвслийн үед нүдийг борын хүчлийн уусмалаар 2–3 удаа угааж антибиотиктой нүдний тосон түрхлэг хэрэглэнэ. Булчингийн саажилтын үед массаж хийж  спиртээр арчих ба физик эмчилгээ хийнэ. Люминал 0.1–3 г–аар олгохын дээр 2–3 г бромт калийг 100 мл усанд найруулж өдөрт 3 – 4 удаа өгнө.  Сувиллын тэжээл өгч агааржуулалт сайтай байранд байлгана.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.