1. Үүсгэгч: Малд шимэгчлэгч хүрд хорхой нь Siphonaptera багийн Vermipsyllidae овгийн Dorcadia, Vermipsylla төрөлд хамрагдана. Манай орны малд 3 зүйл хүрд Vermipsylla (Dorcadia) ioffi–алаг хүрд, V.alacurt–цоохор хүрд, Dorcadia dorcadia - хөх хүрд шимэгчилнэ.
2. Халдвар дамжих зам: Хүрд нь гол төлөв өвөлжөө, хаваржааны бууц, түүний орчмын газарт олноороо байж хонь ялангуяа төл мал, мөн үхэр, сарлаг, ямаа нэрвэгдэнэ. Цоохор хүрд малын сүүл хондлой, ууц, сэрвээг дагаж шимэгчлэдэг бол алаг болон хөх хүрд омруу, хэнхдэг, хүзүүний хоёр тал, чихний уг, эрүүний орчимд шимэгчилнэ. Хүрд 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхнээс дараа жилийн 4 дүгээр сар хүртэл малд асч 6 дугаар сар хүртэл шимэгчилнэ. Хүрд өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн шатыг дамжин үржиж хөгжинө. Бие гүйцсэн эмэгчин малд шимэгчилж 12–13 хоногтоо өндөглөж эхлэнэ.
3. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвөл, намар, хаврын улиралд хүрд хорхой нь урт хүчирхэг хошуугаараа малын арьсыг цоолон цус сорж амьдардаг тул малын үс ноос унах, арьс үрэвсэх, загатнах, цус багасаж турах, тамирдах зэргээр ужиг хэлбэрээр өвчилж сул дорой, давжаа болох шалтгаан болно. Мөн өвөл, хаврын улиралд өсвөр насны мал хорогдох шалтгаан болно. Хүрдтсэн мал тайван бус болж хад, чулуу, мод шөргөөж үрснээс үс ноос нь халцарч шархлана.
4. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид дээжийг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.9.14–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид дурандах шинжилгээ хийж төрөл, зүйлийг тодорхойлно.
Ялгаварлан оношлох: Хүрдтэх өвчнийг гадаад үзэгдэх шинж тэмдгийн хувьд таних нь амар боловч хамуу, арьсны элдэв эмгэгээс ялгаварлах шаардлагатай.
5. Эмчилгээ: Хүрдэтсэн малд малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавж устгагч бэлдмэлийг ашиглаж эмчилгээ хийнэ.