• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтны шүлхий өвчин


1. Тодорхойлолт: Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм. Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог.

2. Өвчний үүсгэгч: Шүлхий өвчнийг үүсгэгч вирус нь Пикорновиридэ ангийн Афтовирус зүйлд хамаарна.  Шүлхийн вирус нь А, О, Ази-1, С, САТ-1, САТ-2, САТ-3 гэсэн дархлаа төрүүлэх чанараараа өөр долоон хэвшил байх ба тэдгээрийн дотор 60 гаруй дэд хэвшил тодорхойлогджээ. Гэвч шүлхий өвчин байнга гардаг нутагт цөөн хэдэн дэд хэвшлээр өвчин үүсдэг. Шүлхийн вирусын аль нэг хэвшлээр өвчилсөн мал, амьтан бусад хэвшлээр өвчлөх магадлалтай.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Шүлхийн вирус нь устөрөгчийн ионы төвшрүүлгийн (рН) өөрчлөлтөд мэдрэг тул түүнийг 6 - аас доош эсвэл 9 - өөс дээш рН бүхий орчинд үйлчлүүлэхэд идэвхээ алдана. Мах загссаны дараа түүний рН 6-аас доош болоход шүлхийн вирус идэвхгүйжих ба харин ясны чөмөг, тунгалгийн зангилаанд вирус удаан амьдарна. Орчны хэм, нарны гэрэл, чийг, рН төвшрүүлгээс хамаарч шүлхийн вирус гадаад орчинд нэг сар хүртэл халдварлах чадвартай байна. Цууны хүчлийн 2 хувийн уусмал, нимбэг хүчлийн 0, 2 хувийн уусмал зэрэг хүчиллэг эсвэл идэмхий натрийн 2 хувийн эсвэл карбонат натрийн 4 хувийн уусмал зэрэг шүлтлэг уусмалд шүлхийн вирус тэсвэргүй бол иодын нэгдэл, хлорын шохой, фенол, аммонийн нэгдэлд шүлхийн вирус харьцангуй тэсвэртэй.

3. Халдвар дамжих зам: Халдварын голомт нь  өвчтэй, өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үр зэрэгтэй хамт ялгаран гарсан вирүсээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирлогдсон зүйлээр  дамжин тархах бөгөөд өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед  шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой.

Шүлхий өвчтэй малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал, амьтантай газар очихыг хориглоно.

4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе ихэнхдээ 3-5 хоног ба заримдаа 21 хоног хүрдэг.       Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрнэ.

Үхэр. Шүлхийрсэн үхэрт эхлээд 39.4-40.60C хэм халуурах, номойрох, тэнцвэрээ алдах, тэжээлдээ дургүй болох, сүү нь татрах шинж илэрнэ.  Шүлс нь гоожих, урсах, хамраас нь шингэн гоожих, хөлөө савлах, тийрэх эсвэл доголох, үлхий үүсэх шинж дагалдана. Ихэвчлэн хэл, буйл, жавьж, зөөлөн тагнай, хамрын толио, турууны салаа, турууны титэм, хөхөн дээр үлхий үүснэ. Үлхий ил харагдахгүй гарах нь бий. Үлхий үүссний дараа шүлс нь мэдэгдэм ихсэж хамраас нь шингэн урсах, мөн доголох шинж зэрэгцэнэ. Үнээ хээл хаях, нялх тугал үлхий үүсэхийн зуургүй үхэж болно. Шүлхий өвчин 2-3 долоо хоног үргэлжилнэ. Хоёрдогч халдвараас шалтгаалан эдгэрэлт удааширч болно. Дэлэнгийн эдийн гэмтлээс шалтгаалан саалийн малын сүү эрүүл үеийнхээсээ татарна.

Гахай.Эхлээд 40-40.60C халуурч, тэжээлдээ дургүй болон хөдөлгөөн нь удааширна. Дараа нь турууны титэм, өсгий, турууны салаа, хоншоороор нь үлхий гарна. Амны хөндийд гэмтэл гарах нь нийтлэг биш ч хэрэв гарвал хэмжээ нь бага, үхрийг бодвол хурдан эдгэрэх “хуурай” хэлбэрийн гэмтэл үүснэ. Харин шүлс гоожихгүй. Мэгж хээл хаях, торой ямар нэгж шинж тэмдэггүйгээр үхэх нь бий.

Хонь, ямаа.Шүлхийн вирусийн халдвар авсан хонь, ямаанд  эмнэл зүйн шинж тэмдэг, хувиралт маш бүдэг буюу номойрох, буйл, уруул, жавьж, хэлэн дээр жижиг хэмжээтэй үлхий гарах байдлаар илэрнэ. Доголох нь бог малын шүлхийн гол шинж юм. Доголсон малын турууны титэм эсвэл салаанд нь үлхий, шархлаа үүссэн байж болно.  Халдвар авсан мал хээл хаях, хөхүүл хурга ямар нэг шинж тэмдэггүйгээр үхэх нь бий.

Тэмээнд илрэх шинж тэмдэг үхрийнхтэй төстэй бөгөөд хүндэрсэн үед тэмээний ширмэн таваг, өвчүүний бүдэрхийн сайр хуурах, алтан хумс унах шинж тэмдэг ажиглагдана.

Шүлхийгээр халдварласан үхэрт өвчний шинж тэмдэг, хувирал гахай, хонь, ямааг бодвол илүү түргэн, хүндээр илэрнэ.  Шүлхийн халдварт үхэр, гахай, хонь нэгэн зэрэг өртөхөд үхэр түрүүлж өвчилнө. Тэдгээрийн зарим нь шүлхийн вирус тээгч болно. Хивэгч ихэнх амьтад багалзуурынхаа эдэд шүлхийн вирусыг удаан хугацаанд хадгалж болно. Өвчилж өнгөрсөн эсвэл дархлаажсан үхэр өвчтэй мал, амьтантай хавьтах нөхцөлд өөрөө шинж тэмдэг үзүүлэхгүй ч вирусийг 6-24 сар тээж болно. Хонь шүлхийн вирусийг 4-6 сар тээнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Үхрийн ам, багалзуур, залгиурын цочмог салст үрэвсэл, салст бүрхүүл, усавхи бүрхүүлийн дорх цус харвалт болсон байна. Амны хөндий, залгиур, улаан хоолой, сархинаг, гүзээ, хамрын толио, уруул, хөх, туруу, турууны салаанд үлхий, шархлаа, яр үүссэн байна. Ходоод, 12 хуруу гэдсэнд олон тооны цус харвалт үүссэн байхын дээр салст бүрхүүлийн цусархаг, салст, усавхи үрэвсэл юм уу цус ихдэж хавагнасан байна. Уушгинд тогтонгишнолын цус ихдэлт, хаван үүссэн байдаг бол хөлөнд үлхий, шархлаа үүсэж үрэвсэнэ. Дэлэн дээр үлхий үүсэх ба хүндэрсэн үед идээт үрэвсэл болно. Ил харагдах тунгалгийн зангилаа томорч цус ихдэлт болсон байна.

Хорт хэлбэрийн үед зүрх, их биеийн булчинд сөнөрлийн, үхжлийн  шаргалдуу өнгөтэй голомтууд үүсдэг бол зүрхний булчинд цагаан судлууд үүсэх бөгөөд “баран зүрх” гэж нэрлэдэг. Хөл, нуруу, хавирганы завсар, хэлний булчингууд гэмтсэн байна.

Тугал, торой, хурганд ходоод, гэдэсний усавхи цусархаг үрэвсэл, заримдаа “баран зүрх”  илэрнэ. Бусад төрлийн мал, амьтанд ч үхэрт илэрсэнтэй адил эмгэг хувиралт ажиглагдана.

6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.1–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялган авах болон сонгомол ба бодит хугацааны БХ–ПГУ, эсрэгтөрөгч, эсрэгбием илрүүлэх ЭЛИЗА, ВСУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.

Ялгаварлан оношлох: Шүлхий өвчнийг амны хөндийн цэврүүт үрэвсэл, гахайн цэврүүт өвчин, гахайн цэврүүт экзентема, туурайн илжрэл, химийн болон халууны түлэгдэл зэргээс ялгаварлах хэрэгтэй. Мялзан, үхрийн халдварт хамар, уушигны үрэвсэл, үхрийн вируст чацга алдалт, үхрийн хорт салст халуурал, хэл хөхрөх өвчний үед үхрийн амны хөндийд илрэх шинж тэмдэг нь шүлхийн хожуу үеийн шинжтэй төсөөтэй байж болно. Хонинд хэл хөхрөх, амруу өвчний үед үзэгдэх шинж,  уруул, хөлөнд гарах яршил нь шүлхийн шинж тэмдэгтэй төстэй байж болно.

7. Эмчилгээ: Хийдэггүй, шууд устгана.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.