• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтны саркоцистоз


1. Тодорхойлолт: Мал, хүн, зэрлэг амьтад, шувуу зэрэг завсрын эздийн булчингийн ширхэгт шимэгчилдэг Sarcocystis төрлийн эгэл биетнээр үүсдэг байгалийн голомтот, зооноз юм. Нохой, муурын овгийн амьтад, хүн саркоцистийн жинхэнэ эзэд болдог.

2. Үүсгэгч: Үхэрт 3 зүйл (S.cruzi (S.bovicanis), S.hominins (S.bovihominis), S.hirsuta (S.bovifelis); хонинд 4 зүйл (S.tenella (S.ovicanis), S.arieticanis, S.giganta (S.ovifelis), S.medusiformes); гахайд 3 зүйл (S.meischeriana (S.suicanis), S.porcifelis (S.suifelis), S.suihominis), ямаанд нэг зүйл (S.capracanis), адуунд 2 зүйл (S.equicanis, S.fayeri) саркоцист шимэгчилнэ.
3. Халдвар дамжих зам: Саркоспоридийн жинхэнэ эзэд (нохой, муур, хүн) 4 спорозоит, 2 спороцист агуулсан ооцистийг баасаараа ялгаруулна. Эхний үед жинхэнэ эздийн баасанд споржоогүй болон споржсон ооцист, цаашид спороцист зонхилно. Жинхэнэ болон завсрын эзэд тэжээл боловсруулах замаар зонхилон халдварлана. Саркоцистийн спороцистээр бохирдсон тэжээл, усаар завсрын эзэн халдварлах, харин саркоцисттэй түүхий мах жинхэнэ эзэн халдварлах эх үүсвэр болно.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 6–14 хоног байна. Энэ өвчний үед хүн жинхэнэ ба завсрын эзэн болдгоороо онцлогтой. Ердийн нөхцөлд тодорхой шинж тэмдэг ажиглагдахгүй бөгөөд ихэвчлэн ужиг явцтай илэрнэ. Саркоцистозын цочмог явцын үед мал, амьтан 40.50С хүртэл халуурах, тэжээлд дургүй болох, зүрхний цохилт түргэсэх, амьсгаа давхцах, доголох, зарим тохиолдолд хээл хаях,чацга алдах, хэл, зовхины салст бүрхүүл ярших, өвчин ужиг явцтай болсон үед мал ихээр турах эрүү хоорондын зай хавагнах, сүү татрах, булчин хатингарших, доголох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
5. Бие бүтцийн эмгэг хувиралт: Өвчний цочмог явцын үед арьсны доорхи эслэг, биеийн болон зүрхний булчинд цус харвасан, чацархайн тунгалгийн зангилаанууд томорсон, элэг томорч хатуурсан, ходоод, гэдэсний салст бүрхүүл үрэвссэн, цээж, хэвлийн хөндийд цусархаг шингэн хуримтлагдсан, уушиг хавагнасан байна.
6. Онош: Саркоцистозыг эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийг харгалзан ийлдэс судлал болон бичил харуурын шинжилгээний дүнг үндэслэн оношилно.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.