1. Тодорхойлолт: Мал, зэрлэг амьтдын хөлийн туруу, туурайн орчмын холбогч болон булчингийн эдийн идээт, үхжилт үрэвслийн шинж тэмдгээр илэрдэг цочмог явцтай хавьтал халдварт өвчин юм. Хүн өвчилнө. Манай малчид бог малын хөлийнхийг балцруу, ам, хамар орчимд гэмтэл үүсснийг амруу, адууныхыг сөдрөг, тэмээнийхнийг хар тавхайтах, зээрийнхийг догол гэж нэрлэдэг.
2. Үүсгэгч: Fusobacterium necrophoriumнь агааргүйтэн, хөдөлгөөнгүй, янз бүрийн хэлбэртэй харагддаг, үрэнцэр, бүрээс үүсгэдэггүй, грам сөрөг савханцар юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Некробактериозын үүсгэгч нь гадаад орчинд тэсвэр муутай, бууцанд 50, газрын хөрсөнд 20–60, шээсэнд 15, сүүнд 35, усанд 15 хоног хадгалагдах бол 65оС-т 30 мин, 70оС-т 15 мин, буцалгахад 1 минутын дараа үхэж идэвхээ алдана. Нарны шууд гэрэлд 8–10 цагийн дараа үхнэ. Халдваргүйжүүлэх бодисуудын үйлчлэлээр 5 – 30 минут болоод идэвхгүйжнэ.
3. Халдвар тархах зам: Халдварын эх уурхай бол өвчтэй юм уу өвчлөөд эдгэрсэн тээгч мал, амьтан байхын дээр эрүүл малын тухайлбал хивэгч мал, амьтны гүзээнд энэ үүсгэгч байнга агуулагдаж байна. Эрүүл малын баас, шүлсээр ялгарахын дээр өвчтэй малын үхжсэн эдтэй гадагшилж бууц, хэвтэр, бэлчээр, хөрс, нуур, усны эх булгийг бохирдуулна. Эрүүл мал, амьтны арьс, салст бүрхүүлийн бүрэн бүтэн байдал алдагдснаас үүсгэгч нэвтрэн орох үүд нээгдэнэ. Шүүдэртэй, нам дор газрын болон намаг ус ихтэй бэлчээрт бэлчээх, нойтон бууц, хэвтэр, шавхайд олон хоногоор хэвтүүлэх, хаших, шивээ зэрэг хатгадаг өргөс бүхий өвсөөр тэжээх, удаан хугацаагаар чулуу ихтэй замд туух, арьсаа үрэх, шөргөөх, шүдээрээ зуулах зэрэг нь арьс, салст бүрхүүлийн бүтэн байдлыг алдагдуулна. Мөн өөрөөсөө халдвар авах магадлал бий. Өвчин мал, амьтны арчилгаа, маллагааны нөхцлөөс хамаарч биеийн эсэргүүцэл муудсан үед юм уу үүсгэгч мэдрэмтгий мал, амьтдын биеэр олон удаа зорчин дамжснаас эмгэг төрүүлэх чанар нь нэмэгдсэн үед олон мал, амьтан хамран өвчүүлнө. Мөн шөвөг яр, шүлхий, цэцэг өвчний үед хоёрдогч халдвар үүсгэж өвчний явцыг хүндрүүлнэ. Энэ өвчин бэлчээрийн болон байран маллагаатай мал, амьтанд адил илэрнэ. Ихэвчлэн дулааны улиралд гарна.
4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 1–3 хоног байна. Өсвөр насны мал, амьтанд цочмог явцтай, нас гүйцсэн мал амьтанд цочмогдуу ба архаг явцтай тохиолдоно. Хөнгөн болон хүнд хэлбэрийн гэж хувааж үзнэ.
Бог малын балцруу ихэвчлэн архаг явцтай байхын дээр хүнд хэлбэрийн байдаг. Хөлийн туруу эмгэгшиж идээт–үхжилт үрэвсэл болохын дээр турууны салаа, магнай, гахай зэргийн холбогч эд, булчин, шөрмөс, яс үхжиж ялзарна. Өвчний гол шинж тэмдэг нь доголох юм. Бог малын урд хоёр хөл өвчилсөн тохиолдолд өвдгөөрөө юм уу сагагны үеэрээ мөлхөж явна. Өвчний эхний үед турууг барилж үзэхэд маш эмзэглэлтэй, халуун, хавагнасан байх ба дараа нь яршиж маш өмхий үнэртэй идээ гоожно. Үхжлийн процесс маш түргэн тархаж шөрмөс, холбогч эд, яс, үеийг гэмтээнэ. Үүний улмаас туруу мултарч унах явдал элбэг тохиолдоно. Үхжлийн процесс уруул, хамар, амны хөндий болон гадна бэлэг эрхтэн, элэг, уушиг, зүрх, тархинд илэрнэ. Өвчин хэдэн долоо хоногоос сараар үргэлжилж тураал, хоёрдогч халдвар, үсэрхийлэл зэргээс болж үхнэ.
Цаа бугын некробактериоз нь ихэвчлэн хүнд хэлбэрээр тохиолдоно. Туурайн хэсэгт идээт үрэвсэл үүсэх бөгөөд үений идээт үрэвсэл, тэжээл боловсруулах замын болон дотор эрхтнүүдийн үхжлийн гэмтлээр илэрнэ. Өвчин ихэвчлэн үхлээр төгсөнө. Цагаан зээрэнд мөн адил шинж тэмдэгтэй илрэх ба зарим зээрийн өвдөг, борвины үений мөгөөрс яршсан байдаг.
Адууны сөдрөгийн үед доголох шинж илэрч туурайн орчмын арьсны идээт үхжилт үрэвсэл болохын дээр уушигны идээт–үхжилт үрэвслээр хүндэрнэ.
Тэмээний хар тавхайтах өвчний үед доголж хөлийн тавагны орчим идээт–үхжилт үрэвслээр илрэх бөгөөд хүнд хэлбэртэй тохиолдоно. Холбогч эд, булчин, шөрмөс, яс үхжиж ялзран алтан хумс, хурууны яснууд унана.
Гахайн некробактериоз ховор тохиолдох бөгөөд ихэвчлэн хөхүүл торойн ам, хамрын хөндий, гэдэсний салст бүрхүүл, биеийн арьсны үхжилт үрэвслээр илэрнэ. Өвчилсөн бол бараг бүгд үхнэ.
Нохойн некробактериоз хөнгөн хэлбэрээр явагдах бөгөөд хошного, сарвуу, сүүл, уруул, хоншоор орчимд хэсэг газрын гэмтэл үүснэ.
Туулайн некробактериозын үед амны болон хамрын хөндийн салст бүрхүүлийн үхжилт үрэвсэл, заримдаа биеийн янз бүрийн хэсгийн арьсанд юм уу арьсан дор идээт буглаа үүснэ.
Шувууны некробактериоз маш ховор тохиолдоно. Дэгдээхэйн амны хөндийн үхжилт үрэвслээр илэрнэ.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Анхдагч голомтын орчимд идээлж үхжсэн эд, шүүрдэстэй байх ба арьс нь хар өнгөтэй болсон байна. Хүнд хэлбэрийн үед эдийн гүнд хүртэл холбогч эд, шөрмөс, үе үхжиж задарсан, хурууны яс унасан байна. Уушиг, элэг, дэлүү, бөөр, тархинд идээт буглаа, янз бүрийн хэлбэр хэмжээний идээт үхжлийн голомт үүснэ. Мөн ходоод, гэдэс гэмтсэн байж болно.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.11–д заасны дагуу авч хүргүүлнэ. Ирсэн эмгэгт дээжид нян судлал, амин сорилын шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Шүлхий, туурайн илжрэл, шөвөг яр зэрэг өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Өвчтэй мал, амьтныг ялган тусгаарлаж гэмтсэн хэсэгт 5 хувийн марганц хүчлийн кали, 10 хувийн зэсийн цэнхэр, 3 хувийн устөрөгчийн хэт ислийн уусмал, 5 хувийн йодын ханд зэргийг хэрэглэж мэс заслын ажилбар хийж эмчилнэ. Тетрациклин, пенициллины бүлгийн антибиотикууд, сульфаниламидын эмүүдийг хослуулан цацлага байдлаар хэрэглэнэ.