1. Тодорхойлолт: Листериоз бол мал, амьтан (мал, амьтан, шувуу, мэрэгч амьтад, загас) -д тусдаг халдварт өвчин бөгөөд хүн өвчилнө.
2. Үүсгэгч: Listeria monocytogenes нь грам эерэг, хөдөлгөөнтэй, спор үүсгэдэггүй савх хэлбэртэй нян юм. Листери гадаад орчин, мал амьтны биед хааяагүй тархсан бичил биетэн.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Листери нян нь 5-8 рН бүхий хөрс, ус, бууц, ургамлын гадаргууд амьд байх ба 4°С–43°С–д үржих чадвартай. Нарны шууд гэрэл 2–15 хоногт, 2.5%-ийн формалин болон идэмхий натрийн уусмал 20 мин, 0.1 хувь идэвхт хлортой хлорын шохойн уусмал нэг цагийн хугацаанд үхүүлнэ. Буцалгахад 5–10 минутад идэвхгүйжнэ.
3. Халдвар дамжих зам: Листериозын халдварын эх булаг нь баас, шээс, сүү, нус, нулимс, үтрээний шингэний хамт үүсгэгчийг гадагш ялгаруулж байгаа өвчилсөн болон өвчилж эдгэрсэн мал, амьтан юм. Листериоз үүсгэгчийг тээж байгаа мэрэгч амьтад, шувуу болон цус сорогч үе хөлтөн, бэлчээрийн хачиг нь байгалын голомтыг нөхцөлдүүлнэ. Өвчилж эдгэрсэн мал 30–аас дээш, хулгана зэрэг зарим мэрэгчид 260 хүртэл хоног, бэлчээрийн хачиг 500 гаруй хоног тээх ба бог малын сүүгээр 3 сар, үнээний сүүгээр 300 хоногийн турш ялгарна.
Листериоз бол байгалийн голомтот, зарим нутагт давтан гардаг өвчин юм. Листериозоор хонь, ямаа, үхэр, нохой, гахай, тахиа, туулай, усан гахай, адуу, болон зэрлэг амьтад, загас өвчилнө. Энэ өвчин нь хонь, ямаа, үхэрт өвөл хавар, бусад мал амьтанд улирлын онцлоггүй ганц нэгээр буюу энзоот хэлбэрээр тохиолдоно.
Мал амьтан листери нянгаар бохирдсон ус, тэжээл идэж тэжээл боловсруулах зам, агаар тоосыг амьсгалж амьсгалын зам, мөн гадаад орчноос гэмтсэн арьсаар, хээлтүүлгийн үед бэлгийн замаар тус тус халдварлана. Чанар муу дарш (pH 5.5-аас их) нь листери нян үржих таатай орчин болдог учир эпидемиологийн чухал холбогдолтой.
4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Листериоз сүүн тэжээлт амьтанд мэдрэлийн, хээл хаях, үжлийн хэлбэрээр илрэх ба дэлэнгийн үрэвсэл болон далд хэлбэрээр тохиолдоно. Мэдрэлийн хэлбэр элбэг тохиолдох бөгөөд нүдээ аньж гуйвагнан зогсох, нэг тийш эргэх, шургачин унах, хараагүй болж тэмтчин явах, шүлс гоожих, хүзүү муруйх шинж илрэх ба удалгүй хөл нь саажиж хажуулдан хэвтэж тийчилсээр 2–15 хоногийн дараа үхнэ. Хээл хаях хэлбэрийн үед хээлийн сүүлийн хагаст хээл хаях, амьдрах чадваргүй эсвэл үхсэн төл гаргана. Үжлийн хэлбэрээр ихэвчлэн нэг хүртэлх насны өсвөр насны мал өвчлөх ба тодорхой онцлог шинж тэмдэг илрэхгүй боловч халуурах, сульдан доройтох шинж илэрч улмаар гэнэт үхнэ. Листериозоор хааяа усны шувуу нь үжлийн, мэдрэлийн хэлбэрээр өвчилнө.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Листериозоор өвчилсөн мал, амьтны бие эрхтэнд өвөрмөц онцлог бүхий өөрчлөлт илрэхгүй боловч тархины хатуу бүрхүүлийн үрэвсэл, цусны судасны өргөсөлт, улайлт, цус харвалт ажиглагдаж болно. Савны товчинд идээт үхжил, зулбадсын дотор эрхтнүүдэд цус харвалт, үжлийн үед элэгний бүрхүүл хальсны дор олон жижиг цайвар саарал идээт голомтууд үүснэ.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.19–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлал болон ПГУ, ЭЛИЗА, ХХУ, НУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан онош: Галзуу, Ауески, хорт салст халуурал, бруцеллёз, кампилобактериоз, трихомоноз, эргүү, тэжээлийн хордлого зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Өвчний шинж тэмдэг илэрсэн болон халуурсан малыг тусгаарлаад малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн пенициллин, ампициллин, хлортетрациклин зэрэг эмээр эмчилнэ.