1. Тодорхойлолт: Бруцеллёз нь бүх төрлийн мал, амьтад, хүнийг цочмог, архаг явцтайгаар өвчлүүлэн дэлүү, элэг, үе мөч, нөхөн үржихүйн эрхтэн зэргийг эмгэгшүүлдэг халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Бруцеллёз Brucella-ын төрөлд хамаарах B. abortus, B. melitensis, B. suis, B. canis, B. neotoma, B. ovis зүйлийн нянгуудаар үүсгэгдэх бөгөөд зүйлүүд нь дотроо 3–9 амь хүрээтэй. Грам сөрөг будагддаг, 0.5-2 мкм урт, 0.3-0.5 мкм өргөн, нэг, хоёроор болон бөөнөөр байрласан оршилтой, үл мэдэг зуйван, савханцар хэлбэртэй, жижиг нян юм. Бруцелла нь хөдөлгөөнгүй, үрэнцэр үүсгэдэггүй, тодорхой нөхцөлд бүрээс үүсгэх чадавхтай, бусад нянтай харьцуулахад сафраниныг биедээ сайн шингээдэг онцлогтой, агаартан нян. Бруцелл нь өөрийн гэсэн тодорхой эзэнтэй бөгөөд хонь, ямааныхыг B. melitensis, үхрийнхийг B. abortus, гахайнхыг B. suis, хуцныхыг B. ovis, бутны хулганыхыг B. neotoma, нохойныхыг B. canis гэх боловч үндсэн эзнээ сольж өөр төрлийн мал, амьтныг өвчлүүлэх тохиолдол байдаг.
3. Үүсгэгчийн тэсвэрт чанар: Бруцелл нь халуунд тэсвэр муутай боловч хүйтэн сэрүүнд удаан амьдарч чаддаг онцлогтой нян. Тасалгааны дулаанд байгаа сүүнд 15-30 хоног, хөлдүү цөцгийнд 22 хоног, маханд 1-1.5 сар, +100С хэмд байгаа ноос, ноолуур, хөөвөр, хялгасанд 2 сар гаруй, газрын хөрсөнд 40-60 хоног, тогтоол усанд зун 3 сар, өвөл, хавар, намарт 5-6 сар, чийгтэй бууцанд 1.5-2 сар хүртэл тус тус амьд байна.
4. Халдвар дамжих зам: Бруцеллёзоор адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахайнаас гадна, цаа буга, нохой, муур, туулай, үслэг ан амьтад мөн хулгана, зурам хүртэл өвчилнө. Бруцеллёзын халдварын эх булаг нь өвчтэй мал, амьтад юм. Өвчилсөн малын шээс, баас, зулбадас, хаг, төлийн ус зэргээр бруцелл хэдэн арван тэрбумаар гадагш хаягдан хашаа хороо, бэлчээр ус, хэвтэр бууц, тэжээл, тоног хэрэгсэл, малчны гутал хувцас зэргийг бохирдуулан улмаар эрүүл мал, амьтан, хүнд шууд хавьтал болон хоол тэжээл, амьсгал, шархалсан арьс зэргээр халдварлаж өвчин цаашид тархах үндэс болно. Мөн бруцеллёзтой малын сүү, бохирлогдсон хүнсний ногоо зэрэг нь хүн бруцеллёзын халдвар авах нэгэн эх сурвалж болно. Бруцеллёз мал олноор төллөх, тэдгээрийг саах, ноослох, сүрэглэх, өвчтэй мал нядлах үед халдварлан тархдаг онцлогтой. Мөн хонь, гахайд бэлгийн замаар халдварлаж болно.
5. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг: Нууц үе нь 2–3 долоо хоног үргэлжлэх ба өвчний явц нь цочмог, архаг, далд хэлбэрээр явагдана. Гол шинж тэмдэг нь хээлтэй мал зулбах шинжээр илэрнэ. Хээлтэй үнээ, гунж 5-8, ингэ 6-8, хонь, ямаа 3-5 сартайдаа, мэгж 4-12 долоо хоногтойдоо тус тус хээлээ зулбана. Бруцеллёзоор өвчилсөн хээлтэй малын үтрээ, дэлэн хавагнаж үтрээнээс салслаг шингэн гарах, хээл хаях, хаг саатах, өвдөг, бэрэвхийн үе хавагнаж доголох, бух, хуц, ухна, бодонгийн төмсөг хавагнан үрэвсэх зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Бруцеллёзоор тайван сүрэгт илрэх хамгийн түгээмэл шинж нь хээл хаях бөгөөд хээлтэгчийн 50–90 хувь нь хээл хаях ба цаашдаа хээл хаялт багасаж 2–3 жилийн дараа хээл хаяхаа больдог онцлогтой ч тээгч болж гадаад орчинд үүсгэгчийг олноор ялгаруулж бохирдуулна.
6. Эмгэг бие бүтцийн хувиралт: Зулбасан малын хагны товч, төлийн бүрхүүл хальс зузаарсан, цус харвасан, идээт ширхэгэнцрээр хучигдсан, зулбадсыг задлахад арьсан доорх эслэгт шүүрдэс хурж хүрэнтсэн, хүй нь зузаарч хавагнасан, салст болон усавхи бүрхүүлд цус харвасан, чацархайн булчирхай ба дэлүү нь томорсон, элгэнд үхжлийн голомтууд үүссэн, ходоодны агуулагдахуун булингартсан зэрэг эмгэг хувиралтууд илэрнэ. Мөн хээл хаясан малын сав, өвчилсөн бух, хуц, ухна, бодонгийн төмсөг, хэт зэрэгт идээт үрэвсэл үүссэн нь ажиглагдана. Өвчтэй малын нядласны дараах хувиралт гэвэл хээлтэгчийн элгэн дээр жижигхэн цагаан голомтууд үүссэн байхын дээр дэлүү, тунгалгийн зангилаанууд томорсон, хээлтүүлэгчийн төмсөг, хэт, түрүү булчирхай үрэвссэн байна.
7. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт, НУ, РБУ, ЭЛИЗА, харшил сорилын шинжилгээний дүнг үндэслэн онош тогтооно. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.16–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын арга, ПГУ–ыг ашиглах бол цусны дээжид РБУ, НУ, ХХУ, ЭЛИЗА урвалын аргаар шинжилгээ хийнэ. Мөн сүүний дээжид цагирган урвалын аргаар шинжилгээ хийнэ.
8. Ялгаварлах онош: Бруцеллёзыг трихомоноз, кампилобактериоз, иж балнад, лептоспироз, листериоз зэргээс ялган оношлох шаардлагатай.
9. Эмчилгээ. Бруцеллёзтой мал, амьтныг эмчлэх арга хараахан боловсрогдоогүй байна. Иймээс шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, амьтныг ялгаж тусгаарлан нядлана.