• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтдын трипаносомоз (Trypanosoma evansi) өвчин


1. Тодорхойлолт. Трипаносомоз нь халуурах, хавагнах, тунгалгийн зангилаа томрох, турах зэрэг шинж тэмдгээр илэрдэг цочмог, ужиг явцтай, тэмээ, адуу, үхэр, нохой болон бусад төрлийн мал, амьтдын өвчин. Трипаносомоз (T.evansi) манай улсын Ховд аймгийн Дөргөн, Зэрэг, Чандмань сумдын нутгийн тэмээнд өргөн тархжээ.

2. Үүсгэгч: Trypanosoma evansi зүйлийн шилбүүртнээр үүсгэгдэнэ.

3. Халдвар дамжих зам: Tabanus (хөх түрүү) болон Musca (ялаа) төрлийн шавж Trypanosoma evansi-г дамжуулна. Өвчтэй малын тоо 5-9 дүгээр сард нэмэгдэж, намар хамгийн дээд хэмжээнд хүрнэ.

4. Өвчний шинж тэмдэг. Өвчний эхэн буюу цочмог үед  өвчтэй тэмээний биеийн халуун 400С-ээс дээш нэмэгдэн, сэлгээ маягаар халуурч амьсгал, судасны лугшилтын тоо олширно. Өвчтэй адуу, тэмээ ихэнхдээ хэвтэх ба амархан хөлөрч хамраас усархаг шингэн гоожиж, чацга алдаж үе мөч саажиж, салст бүрхүүл улайж, тэжээлдээ дургүй болон өнгө зүсээ алдаж, үс  бүрзийнэ. Дээрх шинж тэмдгүүд 3-7 хоног үргэлжилж, өвчилсөн мал үхэх буюу өвчин ужиг хэлбэрт шилжинэ.
Ужиг трипаносомозтой тэмээ турж эцэн гол төлөв хэвтэх хандлагатай болж салст бүрхүүл цайж, ноос амархан зулгарна. Тарга тэвээргээ ихэд алддаг учир нутгийн малчид тэмээний “хатиар”, “хатгах өвчин” гэж нэрлэдэг. Хатиартсан тэмээний бөх унаж, сүүлний үзүүрийн 1-2 дугаар үе хатаж, нарийсна.
Өвчилсөн адуу номойрч эдэлгээнд амархан ядрах, тэжээлдээ дургүй болж, ус руу байн байн тэмүүлэх, уруул, хамар, зовхи, чих, эрүүний доод хонхор, цээж, бэлэг эрхтэн, хөл хавиар хавагнаж, амьсгал, судасны лугшилт түргэсэх, хэт догшин буюу хэт номой болох, хөлөрч булчингууд чичрэх шинж тэмдэг илэрнэ. Мөн усавхи бүрхүүл дээр толбон цус харвалт үүснэ. Ингэ хээл хаяна.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр маш туранхай, салст болон усавхи бүрхүүлүүд цайж тунгалгийн зангилаанууд, дэлүү томорч цус усархаг болж бүлэгнэлт муудсан байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид дээжийг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.9.6–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид дурандах шинжилгээ хийж төрөл, зүйлийг тодорхойлно. Мөн цусны ийлдсийг ФХЭБУ, кард наалдуулах урвал, латекс наалдуулах урвалаар шинжилнэ.
Ялгаварлан оношлох: Тэмээний трипаносомозыг цагаан хорхойн өвчин, сүрьеэ, адууны трипанасомозыг нийлүүлгийн өвчин, бабезиоз, халдварт цус багасах өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Монгол улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бэлдмэлүүдийг зааврын дагуу хэрэглэнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.