1. Үүсгэгч: Эргүү (ценуроз) нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг Multiceps төрлийн, нэг метр орчим урт туузан хорхойн авгалдай (уйланхай)-гаар үүсдэг өвчин бөгөөд уйланхай нь малын тархи, нугасанд байрлаж, шимэгчилнэ.
Бэтэг (эхинококкоз) нь чоно, нохой болон бусад махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчлэгч, 3–4 үеэс тогтсон 0.6 см орчим урттай, туузан хорхойн уйланхай хэлбэрийн Echinococcus төрлийн авгалдайгаар үүсдэг өвчин.
2. Халдвар дамжих зам: Эргүү өвчин тус орны аль ч бүс нутагт тохиолдох ба голдуу өсвөр 1.5–2.0 насны бойжилттой мал илүүтэй өртөмтгий. Хавар, зун, намрын цагт хонь, ямаа, үхэр өвчлөхөөс гадна гахай, тэмээ, буга зэрэг хивэгч амьтдад ч үзэгдэх ба хүн өвчилсөн тохиолдол байдаг. Туузан хорхойн өндгөөр дүүрсэн үеүд нохойн ялгадастай гадагшилж гадаад орчныг бохирдуулан ус, тэжээлтэй хамт малд залгигдаж, улмаар авгалдай гарч гэдэсний ханаар ярган, цусаар дамжиж нугас, уураг тархинд хүрч 2-6 сарын дараа дотроо туузан хорхойн толгой (протосколекс) агуулсан, тахианы өндөгний хиртэй том уйланхай бий болж гавлын ясыг дарж хатинхайруулна. Өвчилсөн малын хөдөлгөөн алдагдаж, уйланхайтай тал руугаа эргэх, толгойгоо юманд тулж зогсох, татаж унах, хөлөө алцайж зогсох, эрүүл тал руугаа унах зэрэг шинж тэмдэг үзүүлэх ба барилж үзэхэд уйланхайтай хэсгийн гавлын яс нимгэрч зөөлөрсөн, уйланхайн эсрэг талын нүдний харааны мэдрэлийн хөхөнцөрт цус хурсан, харааны рефлексгүй болох буюу сохорно.
Хонь, ямаа, үхэр, тэмээ, буга, адуу, гахай, илжиг зэрэг олон төрлийн сүүн тэжээлтэн амьтад (завсрын эзэд)-аас гадна хүн бэтгээр өвчилнө. Манай орны нөхцөлд тэмээнд нилээд тохиолддог. Нохойн баастай хамт гадагшилсан, өндгөөр дүүрсэн эхинококкийн эцсийн үеийг завсрын эзэд өвс, тэжээл, устай хамт залгихад түүний авгалдай гэдэсний ханаар ярган элэг, уушиг зэрэг дотор эрхтнүүдэд хүрч, аажмаар өсөж хөгжин гадуураа олон давхар ууттай, дотроо олон мянган туузан хорхойн толгой агуулсан уйланхай болж 5-10 жилийн дараа хүүхдийн толгойн чинээ хүртэлх хэмжээтэй, гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй “бэтэг” болно.
3. Онош: Мал, амьтдыг нядалсны дараа дотор эрхтэнд үзлэг хийж бэтгийг оношлох бөгөөд бараг бүх эрхтэнд уйланхай байрлах ч элэг, уушгинд зонхилно. “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторид хүргүүлнэ.
Эргүү өвчний гаралт, шинж тэмдэг зэргийг харгалзан нүдний угийг харах, харшил сорил, ийлдэс судлалын шинжилгээ (цус наалдуулах шууд бус урвал)-гээр оношилно.
4. Эмчилгээ: Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бромт устөрөгчийн ареколин (0,001-0,002 г/кг тун), фенасал (0,1 г/кг тун), лопатол (25-60 мг/кг тун), мебендазол (40 мг/кг тун), дронцит буюу празиквантел (2,5-5 мг/кг тун) зэрэг бэлдмэлийг талх буюу маханд боож, зааврын дагуу нохойд олгоно.