• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал амьтны колибактериоз өвчин


1. Тодорхойлолт: Төрөл бүрийн мал, амьтны нялх төлд төрсний дараах эхний хоногуудад чацга ихээр алдах, дотрын хордлого үүсэх, шингэнээ алдах, цус үжих болон мэдрэлийн шинж тэмдгээр илэрдэг цочмог явцтай  халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Enterobacteriaсеае овгийн Escherichia төрөл, Escherichia coli зүйлд хамаарна. E.coli нь гадаад орчин, эрүүл мал амьтны бүдүүн гэдсэнд байнга байдаг үрэнцэр үүсгэдэггүй, бүрээс үүсгэдэг грам сөрөг савх хэлбэрийн нян юм.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: E.coli нь гадаад орчны нөхцөлд тэсвэртэй бөгөөд малын баасанд 30 хоног, ус, хөрсөнд хэдэн сараар амьдрах чадвартай байдгийн зэрэгцээ 55оС–д 1 цаг, 60оС–д 15 мин, 75оС–д 30 сек болоод үхнэ.Халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдэд мэдрэг, богино хугацаанд идэвхээ алдана.

3. Халдвардамжих зам: Колибактериозоор бүх мал, амьтан, шувуу, үслэг ангийн төл өвчлөх бөгөөд зөвхөн нялх төл тухайлбал 10 хүртэлх хоногийн бойжилттой тугал, 2–3 долоо хоногийн бойжилттой хурга, ишиг, 20 хүртэл хоногийн бойжилттой торой өвчилнө. Торойд өвчин цэлхрэх хэлбэрээр илэрнэ. Өвчтэй юм уу өвчилж эдгэрсэн төл мал, мөн нян тээгч том мал халдвар тараах үндсэн эх булаг болно.Өвчний үүсгэгч мал, амьтны биеэс ихэвчлэн баастай заримдаа шээстэй хамт гадагшилна.Халдвар тоног хэрэгсэл, малчдын хувцас, ялаа, хачиг, ширх, мэрэгчид, нохой, муур, шувуугаар дамжин тархаж болно. Халдвар ихэвчлэн тэжээл боловсруулах замаар дамжина.  Халдварын хөгжил нь үүсгэгчийн хоруу чанар, халдвар орсон зам, нялх төлийн биеийн эсэргүүцэл зэргээс  хамаарна.Тэжээл боловсруулах замаар орсон үүсгэгч нь төл малд гадаад орчны зохисгүй хүчин зүйл үйлчлэх, гал уургаар хожуу амлуулах, амьдрах чадвар сул төл гарах зэрэг тохиолдолд эмгэг үүсгэнэ. Өвчний нэг онцлог бол нялх төлийн 50–75 хувийг хамаарч 60–90 хувь нь үхэж хорогддог явдал юм.

4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Тугалд өвчин гэнэт эхлэнэ. Өвчний нууц үе хэдхэн цагаас 2–3 хоног байна. Өвчний явц цахилгаан, цочмог, цочмогдуу байна. Цахилгаан явц эхний хоногуудад тохиолдох бөгөөд үжлийн шинж тэмдэг богино хугацаанд илрээд 1–2 хоноод үхнэ. Цочмог явц 3–7 хоногийн бойжилттой тугалд илрэх бөгөөд чацга ихээр алдах, бие махбодь усгүйжих, саажих зэрэг шинж тэмдэг ажиглагдаж 3–4 хоноод үхнэ. Цочмогдуу явц 6–10 хоногийн бойжилттой тугалд илрэх бөгөөд үргэлжилсэн чацга алдалтаас бие усгүйжиж махаа барж үений болон уушигны үрэвслээр хүндэрнэ. Өвчтэй тугалын 60 хувь нь 7–10 дахь хоногт үхэж хорогдоно.

Өвчний хэлбэрээр нь гэдэсний, үжлийн, дотрын хордлогын гэж хуваана. Гэдэсний хэлбэрийн үед номойрох, тэжээлийн дуршилгүй болох, байнга чацга алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Баас нь шингэрч цагаан өнгөтэй, сүүний боловсроогүй хэсгүүд болон хий, хөөстэй байна. Биеийн халуун нэмэгдэхгүй. Чацга аяндаа гоожих бөгөөд хурдан усгүйжиж  махаа барж 2–3 хоноод үхнэ. Үжилт хэлбэрийн үед биеийн халуун нэмэгдэж зүрх, амьсгалын тоо олширч номойрох, хамрын толио хуурайших шинж тэмдэг илэрч ихэвчлэн хэвтэж эхийгээ хөхөхгүй болно. Заримдаа мэдрэлийн тогтолцооны эмгэг, цусархаг хаван, полинефрит ажиглагдах ба чацга алдахгүй, 12–24 цаг болоод үхнэ. Дотрын хордлогын хэлбэрийн үед ходоод гэдэсний замын эмгэг, нянгийн ялгаруулсан хор цусанд орсноос үүсэх хордлогын шинж тэмдэг илрэх ба номойрох, бөөлжих, эхийгээ хөхөхгүй болох, үргэлжилсэн чацга алдах бөгөөд 2–3 хоноод үхнэ.

Торойд үжилт болон гэдэсний хэлбэр тохиолдох бөгөөд эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд тугалынхтай төстэй байдаг. Үргэлжилсан чацга алдалтаас үүдэн усгүйжиж махаа барж өвчилсөн торойн 60 хүртэл хувь нь 1–2 хоногийн дотор хорогдоно. Үжилт хэлбэрийн үед чацга алдах нь ховор бөгөөд үхэл 90 хувьд хүрнэ. Хөхүүл торойд гэдэсний ба цэлхрэх хэлбэрээр илэрнэ. Цэлхрэх хэлбэрийн үед саажих, таталдах, сэрэлд өртөх зэргээр төв мэдрэлийн тогтолцоо эмгэгшсэн шинж илэрнэ.  Мөн богино хугацаанд биеийн халуун 40.5–410С хүрч бөөлжих, салсаар бүрхэгдсэн хатуу баас гаргах, заримдаа чацга алдах, залгиур, зовхи орчимд тод харагдах хаван үүсэх, хэвлий, хөл, чих, хоншоор орчимд хөх туяатай, тогтонгишнолын цус ихдэлт болно. Зовхи үрэвсэж амны хөндийн салст бүрхүүлд цус ихдэлт болно. Өвчин 3 долоо хоног хүртэл үргэлжлэх ба өвчний шинж тэмдэг илэрснээс хойш хэдхэн цаг болоод үхэж эхлэнэ.

Хурга, ишгэнд үжилт ба гэдэсний хэлбэр тохиолдох бөгөөд шинж тэмдэг нь тугалынхтай төстэй байна. Унаганд дээр дурдсан шинж тэмдгүүд  үений үрэвсэлтэй хавсарч илэрнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Гэдэсний хэлбэрийн үед хүүр туранхай, нарийн гэдэс хааяа бүдүүн гэдсэнд цочмог салст юм уу салст цусархаг үрэвсэл, чацархайн булчирхайн цочмог усавхи үрэвсэл болсон байна. Цочмогдуу явцтай үед уушигны голомтлосон болон элэг, бөөрний үрэвсэл илэрдэг бол үжилт хэлбэрийн үед төрөл бүрийн эрхтэн болон салст бүрхүүлд цус харвасан байна. Мөн тархи, тархины бүрхүүл, уушгинд хаван үүсэж цус ихдэлт болсон байна. Дотрын хордлогын үед төрөл бүрийн эд, эрхтэнд хаван үүссэн байхын дээр зовхи хавагнасан, чих, нүд, хоншоор, багалзуур, дух, цавь, үений орчмын арьсан доорхи эслэгт цэлцгийрхүү хаван үүссэн байдаг. Эхээс нь салгасан торойн цэлхрэх өвчний гол эмгэг хувиралт зүрхний ховдлын хана (4 см хүртэл), чацархай, бүдүүн гэдэсний хана, уушиг, тархи хавагнасан байдаг.

6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.24–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын аргаар шинжилгээ хийнэ.

Ялгаварлан оношлох: Ижбалнад, диплококкын халдвар, цусан халдвар, лептоспироз, листериоз зэргээс ялгаварлан оношлоно.

7. Эмчилгээ: Эмчилгээг аль болох эрт эхлэвэл үр дүнтэй байдаг. Өвчтэй төлийг тусгаарлаж сүүний оронд төрөл бүрийн давсны уусмал, бэлдмэл, сувиллын тэжээл өгнө. Эмчлэх, сэргийлэх хэт дархлаат ийлдсийг колибактериозоор өвчилсөн төлд эмчлэх, эрүүл төлд сэргийлэх зорилгоор тарина. Өвчтэй төлд эмчилгээний тунгаар тариад 8–16 цаг өнгөрөхөд биеийн байдал нь сайжрахгүй бол дахин тарина. Эмчлэх зорилгоор антибиотик, сульфаниламид ба нитрофураны бэлдмэлийг дангаар юм уу хослуулан хэрэглэнэ. Мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн тетрациклины бүлгийн антибиотик, хлорамфеникол, неомицин, полимиксин зэрэг антибиотикийг хэрэглэх нь үр дүнтэй. Мөн  өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт тохируулан сонгож хэрэглэх нь зохимжтой бөгөөд антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлсны үндсэн дээр сонголт хийнэ. Хордлого тайлах эмчилгээ хийнэ.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.