• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Зөгийн үжил өвчин


1. Тодорхойлолт: Америк үжил нь зөгийн үрвэлдэйн халдварт өвчин бөгөөд ихэвчлэн зуны улиралд 7 сард тохиолдоно.Европ үжилихэвчлэн задгай үрвэлдэйг өвчлүүлэх бөгөөд хавар хүйтэрсэн, үүрний дулаалга болон тэжээл хомсдсоны улмаас илрэн гарна.
2. Үүсгэгч: Америк үжил нь Paenibacillus larvae- спорт бактериар үүсгэгддэг бол европ үжил Melissococcus pluton, Enterococcus faecalis, Bacillus alvei, Bacillus laterosporus зэрэг үүсгэгчээр үүсгэгдэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Paenibacillus larvae-ийн үрэнцэр гадаад орчинд  нэлээд тэсвэртэй, зөгийн бал, зөгийн хүүр, лавны үйрмэг зэрэгт 3-10 жил хоруу чанараа алдалгүй хадгалагдана. 900С–д 3 цаг, 950С–д 1 цаг, 1000С - д 15 минутын дараа үхнэ.
Melissococcus pluton, Enterococcus faecalis, Bacillus alvei, Bacillus laterosporus зэрэг нь гадаад орчинд тэсвэртэй, тасалгааны дулаанд үхсэн үрвэлдэйд 3 жил хүртэл хугацаагаар хадгалагдана. Зуны улиралд хоосон үүрэнд 50–55 хоног, сархиагт 45 хоног, баланд 15 хоног, усанд 84 хоног хүртэл хугацаагаар хоруу чанараа хадгална. Харин 600С - ийн халуун усанд 15 мин, 2% карболын хүчилд 6 цаг, 3%-ийн йодын хлорын уусмалд 20 мин, 0,5% формалины уусмалд 10 минут болоод идэвхээ алдана.

3. Халдвар дамжих зам: Халдварын эх уурхай нь өвчилж үхсэн үрвэлдэй болно. Америк үжлээр өвчилсөн үрвэлдэйн биед 250 тэрбум үрэнцэр агуулагдана. Ажилчин залуу зөгий ташаалавчид байх өвчилсөн үрвэлдэйг зайлуулж ташаалавчийг цэвэрлэх явцдаа халдварыг дамжуулна.
Европ үжил өвчин зөгийн аж ахуй эрхэлдэг улс орнуудад өргөн тархсан байна.  Халдварын эх уурхай нь өвчтэй бүл болно. Эдгээр өвчнүүдийг нэг сууриас нөгөө суурьт, нэг бүлээс нөгөө бүлд тархах зам нь үүсгэгчээр халдварлагдсан үүр, багаж хэрэгсэл, сархиаг, тэжээл болно. Түүнчлэн төрөл бүрийн хачиг, шоргоолж зэрэг нь дамжуулагч болно.
4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Америк үжлийн үед өвчилсөн үрвэлдэй ташаалавчин дотроо зунгааралдсан, өмхий үнэртэй, цайвар бороос хүрэн өнгөтэй болж үхсэн байна. Харин хатсан үрвэлдэйнээс хар хүрэн өнгийн гадар хальс ташаалавчны доод хананд бэхлэгдэн үлдсэн байна. Өвчилсөн бүлийн сархиагийг гаднаас харахад ташаалавчны битүүмж нь алдагдан алаг цоог нүх гарсан, эсвэл дотогшоо хонхойсон байдалтай харагдана.
Европ үжлийн үед өвчилсөн үрвэлдэйн гадна хальс шарлах, үрчийх шинж тэмдэг илэрч үхнэ. Үхсэн үрвэлдэйнүүд бараан өнгийн хатсан хальс болон хувирч ташаалавчнаас амархан сугарч унана. Өвчилсөн бүлийн  ташаалавчинд байх задгай үрвэлдэй исгэлэндүү үнэртэй болно. Хаалттай үрвэлдэйн ташаалавчны битүүмж алдагдан нүх гарах эсвэл хар бараан өнгөтэй болдог.
Эдгээр өвчний үед бүлийн хүч сулрах, үүрний уланд үхсэн зөгийн тоо олшрох, ажилчин зөгийн тоо цөөрч ажиллах идэвхи нь буурах, эх зөгийн өндөглөлт татрах, бүтээгдэхүүний гарц эрс буурах зэрэг эмнэлзүйн ерөнхий шинж тэмдэг илэрнэ.

5. Онош: Эдгээр өвчнийгЭмнэл зүйншинж тэмдэг, эпизоотологийн байдалд тулгуурлан эмгэгт материалаас авсан дээжид шинжилгээ хийж оношлоно. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.10–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлал болон ПГУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Америк үжлийг европ үжил, үрвэлдэйн хүүршилт, варрооз зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.
Европ үжлийг америк үжил, үрвэлдэйн хүүршилт, варрооз зэргээс ялгаварлан оношлоно.
6. Эмчилгээ: Америк үжлээр өвчилсөн үрвэлдэйтэй үүрийн сархиагийг үрвэлдэйнээс нь цэвэрлэж, лавыг нь хайлуулан аваад үлдэгдлийг  шатааж устгана. Бие гүйцсэн зөгийг халдваргүйжүүлсэн сархиаг, сэмж бүхий цэвэр үүрэнд шилжүүлнэ. Үүрний урд дэлгэсэн цаасан дээр зөгийг сэгсэрч үүрний зүг утан оруулна. Үүрний урд дэвссэн цаасыг шатааж устгана. Хэрэв өвчлөл бүхий суурьт өвчний шинж тэмдэггүй үрвэлдэй байвал тусгай инкубатор үүрэнд хийж болно. Үүрний нисгэвчийг жижиг нүхтэй тороор хааж эхийг эрүүл эхээр сольж бүлийг эмчилгээний уусмалаар тэжээнэ. Суурийн өвчлөл илэрсэн бүх бүлийг эмчилгээний зориулалтын бэлдмэлээр эмчилнэ. Лабораторийн шинжилгээгээр үүсгэгчийн антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлж сонгосон антибиотикийг сахарын сиропын хамт өвчилсөн бүлд өгнө.
Европ үжил гарсан тохиолдолд бүлийг сайтар дулаалах, сайн чанарын тэжээлээр хангах, хүч султай, өвчтэй бүлийг нэгтгэн залуу эрүүл, хээлтэй эхээр хуучин эхийг нь солих арга хэмжээ авна. Өвчтэй бүлийн эмчилгээ болон суурийн халдваргүйжүүлэлтийг америк үжлийнхтэй адил хийнэ.
Оксивитыг америк болон европ үжлийн эсрэг хэрэглэх бөгөөд хавар эрт эсвэл таваарын бал хураалтын дараа үжил өвчнөөс сэргийлэх зорилгоор 10 зай зөгийд 0.3-0.5 г – аар тооцож өгнө. Ажлын уусмалыг бэлтгэхдээ 35-400С - ийн буцалгасан эсвэл нэрмэл усанд найруулсан 1:4 (1 хэсэг сахар, 4 хэсэг ус) сахарын уусмалд бэлдмэлээ нэмж 1 сархиагт 10-15 мл байхаар тооцон шүршүүрээр шүршинэ. Мөн оксивитыг сахарын нунтагтай хольж хэрэглэнэ.
Оксивитээ 1 сархиагт 5-6 р сахарын нунтаг байхаар тооцон хольж ташаалавч дээр бургиулан хэрэглэнэ. Бэлдмэлийг тэжээлтэй нь хольж өгч болно. Сахарын 1:1 харьцаатай уусмалд 1 зай зөгийд 0.05 г бэлдмэл байхаар бодож бэлтгэсэн эмчилгээний уусмалыг 1 сархиагт 100 мл тэжээл ногдохоор тооцон бүлд өгнө. Оксивитаар сэргийлэх зорилгоор тэжээвэл 2 удаа, эмчлэх зорилгоор бол 3-4 удаа өвчний шинж тэмдэг арилтал 6-7 хоногийн турш тэжээнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.