1. Тодорхойлолт: Аскосфероз нь ажлын болоод эр зөгийн үрвэлдэйн өвчин юм. Өвчилсөн бүлийн үрвэлдэй уян хатан чанараа алдаж, саарал туяатай цайвар, шохойлог хатуу биет болох ба ташаалавчин дотроо аль нэг ханандаа наалдсан байна.
2. Үүсгэгч: Ascosphaera apis зүйлийн мөөгөнцрөөр үүсгэгдэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Ascosphaera apis үүсгэгч зөгийн багаж хэрэгсэл, хоосон үүр, сархиаг, цэцгийн тоос зэрэгт 4 жил хүртэл амьдрах чадвараа алдалгүй хадгалагдана. Халдваргүйжүүлэлтийн бодист тэсвэртэй.
3. Халдвар дамжих зам: Аскосферозын халдварын эх уурхай нь өвчтэй бүл юм. Өвчтэй бүлээс эрүүл бүлд тэжээлтэй сархиаг тавих, хүч султай бүлд хүч сайтай ч өвчлөл бүхий бүлээс хүч сэлбэх зэрэг нь халдвар тараах үндсэн нөхцөл болно.Аскосферозоор ихэвчлэн хүч султай бүл өвчлөх бөгөөд хавар удаан хугацаагаар хүйтрэх, орчны чийгшил ихсэх нь өвчин даамжран тархах нөхцөл болно. Эдгээрээс гадна хүлэмжийн ногоог зөгийгөөр тоос хүртээлгэх ажил удаан хугацаагаар үргэлжлэх, халдвар бүхий цэцгийн тоосоор зөгийн бүлийг тэжээх үед өвчин гарч болно.
4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Аскосферозын үед өвчилсөн үрвэлдэй эхлээд цайвар шар өнгөтэй байснаа зуурмаг маягийн бүтэцтэй, гялтганасан цайвар өнгөтэй болно. Цаашид үрвэлдэй Ascosphaera –ийн цагаан эсвэл бараан саарал өнгийн утаслаг мицелээр бүрхэгдэн улмаар хэмжээгээр жижгэрч нягт хатуу болно.
5. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, өвчилсөн бүлд хийсэн мөөгөнцрийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.10–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлал болон ПГУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Аспергиллезоос (Aspergillus apis) ялгаварлан оношлох шаардлагатай.
6. Эмчилгээ: Аскосферозын эсрэг дараах эм бэлдмэлийг хэрэглэнэ. Апиаск-зөгийн аскосфероз, аспергиллёз өвчний эсрэг хэрэглэгдэх нунтаг болон хавтгай тууз хэлбэртэй бэлдмэл бөгөөд туузан апиаск нь идэвхт үйлчлэгч бодис фунгицидыг хатуу цаасанд шингээсэн байдаг. Ascosphaera мөөгөнцрийн их халдварлалттай бүлийн задгай үрвэлдэйг устгаж бүлийг сайтар дулаалсны дараа 5-6 зай зөгийд 1 тууз байхаар тооцож үүрний дунд хэсэгт сархиагны хооронд босоогоор бэхэлж тогтооно. Эмчилгээг 6-7 хоногийн зайтай 3-4 удаа давтан хийнэ. Энэ бэлдмэлээр боловсруулалт хийснээс хойш 10-14 хоногийн дараа бал хураалтыг явуулж болно. Харин үүрний хог хаягдал болон уланд үхсэн зөгийг шатааж устгана. Нунтаг апиаскийг 35-400С бүхий 1,25 литр 1:4 (1 хэсэг сахар, 4 хэсэг ус) харьцаатай сахарын уусмалд 2,5 г – ийг уусгаж гадаад орчны таатай нөхцөлд 1 сархиагт 10-12 мл орохоор тооцон шүршүүрээр шүршиж хэрэглэнэ. Эмчилгээг 6-7 хоногийн хугацаатай 3-4 удаа давтана. Гадаад орчны таагүй, бэлдмэлийг шүрших боломжгүй нөхцөлд 2,5 гр апиаскийг 2,5 литр 1:1 харьцаатай сахарын уусмалд уусгаж тэжээнэ.
Апиаскийн туузан болон нунтаг хэлбэрийн бэлдмэлээр эмчилгээ хийж байгаа үед үүр, сархиагт жааз болон бусад халдварлагдсан эд зүйлсийг халдваргүйжүүлэх боломжтой бол хуучин эхийг эрүүл, хээлтэй эхээр солино.
Унисан (уусмал) бэлдмэлийг хавар эрт бал хураалтаас өмнө эсвэл бал хураалтын дараа хийнэ. Унисан бэлдмэлийг хэрэглэхийн өмнө Ascosphaera болон Aspergillus-ийн мөөгөнцрөөр хэт их халдварлагдаж өвчилсөн бүлийн өвчний шинж тэмдэг тод илэрсэн үрвэлдэй бүхий сархиагийг үүрнээс гаргаж үүрийг цэвэрлэж халдваргүйжүүлэх юм уу бүлийг халдваргүйжүүлсэн цэвэр үүрэнд шилжүүлнэ. Нэг мл Унисаныг 1:4 харьцаатай бүлээн сахарын 500 мл уусмалд уусгаж бэлтгэнэ. Бэлтгэсэн уусмалаар зөгийтэй сархиагийн 2 талд адил хэмжээний уусмал жигд шүршинэ. 1 сархиагт 10-12 мл уусмал оногдохоор тооцно. Сэрүүн үед тэжээлтэй хольж өгнө. Үүний тулд 1 мл унисан бэлдмэлийг 1 л сахарын 1:1 харьцаатай уусмалд уусгаж 1 бүлд 250 мл байхаар тооцож тэжээнэ. Эмчилгээний журмаар 7 хоногийн зайтай 3-4 удаа давтан өгнө. Эмчилгээг хийх явцад үүр болон зөгийн бүх багаж хэрэгсэл, эд зүйлсийг халдваргүйжүүлэх нь эмчилгээний үр дүнд сайн нөлөөтэй. Уланд үхсэн зөгий болон хог хаягдлыг шатааж устгана. Мөн нистатиныг хэрэглэж болно.