• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Дуут хавдар өвчин


1. Тодорхойлолт: Дуут хавдар нь үхэр, бог малын биеийн янз бүрийн хэсгийн булчинд түргэн томрох, дуутай хаван үүсэх, халуурах шинжээр илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм.
2. Өвчний үүсгэгч: Дуут хавдар үүсгэгч Clostridium chauvoei нь туйлбартай агааргүйтэн грам эерэг үрэнцэр үүсгэдэг, хөдөлгөөнтэй, савханцар хэлбэрийн 0,5-1 мкм өргөн, 2-8 мкм урттай нян юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Дуут хавдар үүсгэгч газрын хөрсөнд 40 жил хүртэл, намаг шалбааг, тогтоол ус, нуур цөөрөмд олон жил хадгалагдана. Сэрүүн, харанхуй байранд 10-аас дээш жил амьд байх бөгөөд малын өмхийрсөн сэг зэм, хүүрэнд 6 сар хүртэл хугацаагаар хадгалагдаж мал өвчлүүлнэ. Үүсгэгчийн үрэнцэр нь 3%-ийн формалины уусмалд 10–15 минутанд үхнэ. Үүсгэгчийн үрэнцэр нь буцалгахад 2 цагийн дараа, автоклавдахад 30–40 минут болж байж үхнэ.
3. Халдвар тархах зам: 3 сараас 4 насны үхэр, хонь, ямаа, буга зэрэг мал амьтан өвчлөх бахалдварын эх булаг нь өвчтэй мал, үхсэн малын хүүр сэг, үүсгэгчийн үрэнцрээр бохирдсон хөрс, бэлчээр, ус, тэжээл болно.Халдвар тэжээл боловсруулах замаар голчлон дамжина Тэжээл боловсруулах замын эд, эрхтний салст бүрхүүлийн бүрэн бүтэн байдал алдагдснаас халдвар орох үүд нээгдэнэ. Дулааны улиралд цус сорогч янз бүрийн ялаа, шумуул халдвар тараагч хүчин зүйл болно. Үхлийн хувь 85–95 байна.
4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Дуут хавдар өвчний нууц үе 1–5 хоног байна. Өвчний явц цочмог байна. Өвчилсөн малын  биөийн халуун гэнэт 41-42°С хүртэл нэмэгдэж тэжээл, усандаа дургүй болж хивэхгүй бөгөөд судасны лугшилт сул мэдэгдэнэ. Мал доголох, хөлөө чирэх зэрэг шинж илэрч чээж, хүзүү, хаа, гуя, ууц, хондлой зэрэг зузаан булчинтай хэсэгт халуун эмзэглэлтэй, түргэн томордог, хатуу хаван үүссэн байх ба цаашдаа эмзэглэлгүй, хүйтэн хаван болно. Энэ хаванг дарж үзэхэд шажигнасан дуу, тогшиход хөндий чанга авиа гарна. Үүний хамт арьс хар хүрэн өнгөтэй болж дал, хүзүү, багалзуурын тунгалгийн зангилаанууд томорно. Хавантай хэсгийн булчинг зүсэхэд хар хүрэн өнгөтэй, хөөсөрхөг шингэн гоожих ба өвчний төгсгөлд хүрэн өнгөтэй, хуршсан тосны үнэртэй болно. Өвчилсөн мал 12-48 цагийн дотор үхэх ба хааяа 2-3 хоног үргэлжилнэ.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр задлалтыг зөвхөн хүүр устгах цэгт гүйцэтгэнэ. Задгай нөхцөлд хүүр задлах, арьс, ширийг нь авахыг хориглоно. Хүүр амархан хөөх ч удаан өмхийрнө. Гол эмгэг хувиралт нь хүзүү, хаа, гуя, ууц, хондлой зэрэгт шажигнасан дуу бүхий хаван үүснэ. Гэмтсэн булчингийн эд хар өнгөтэй, хөөс хий хуримтлагдснаас дарахад шажигнаж дуугарах ба гэмтсэн хэсгийн арьс хар хүрэн өнгөтэй болж заримдаа үхжсэн байна.  Чээж, хэвлийн хөндийд хүрэн улаан өнгөтэй, булингартай, ширхэгэнцэр бүхий шингэн хуримтлагдсан байхын дээр заримдаа үнхэлцэг, гялтанд ширхэгэнцэрт өнгөр үүснэ. Ил харагдах тунгалгийн зангилаануудад цусархаг үрэвсэл, ходоод, нарийн гэдсэнд цус харваж салст, цусархаг үрэвсэл болно. Тархинд цус ихэдсэн, уушиг, дэлүүнд хаван, цус ихдэлт, үхжлийн голомтууд үүснэ. Элгэнд үхжилт сөнөрөл үүснэ. Бүх цусны судсууд бүлэгнэсэн цусаар дүүрсэн байна.
6. Онош. Дуут хавдар өвчнийг эпизоотологийн байдал, шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг харгалзан урьдчилсан онош тогтоох ба лабораторийн оношийг микроскоп, нян судлал, амь сорилоор шинжилгээ гүйцэтгэнэ. Дээж авах, илгээх ажиллагааг лабораторийн шинжилгээнд эмгэгт материалаас дээж бэлтгэх ба илгээх журмын 5.3.3 зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.
Ялгаварлах онош. Дуут хавдар өвчнийг боом өвчнөөс ялгаварлан оношлоно.
7. Эмчилгээ: Дуут хавдраар өвчилсөн малыг эрт эмчилбэл үр дүнтэй бөгөөд пенициллин, хлортетрациклин зэрэг антибиотикоор эмчилнэ. Пенициллинийг нэг кг масст 5–10 мянган нэгжээр тооцож 6 цагийн завсартайгаар малын биеийг сайжиртал тарина. Хаванг тойруулан арьсан дор 3–5 хувийн карболын хүчил, 1–2 хувийн устөрөгчийн хэт исэл, 0.2 хувийн марганц хүчлийн калийн уусмал тарьж эмчилнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.