• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Гүүний иж балнад өвчин


1. Тодорхойлолт: Гүүний иж балнад нь гүү олноор хээл хаях, амьгүй юм уу амьдрах чадваргүй унага төрөх, нялх унаганы үе хавдах шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм 2. Үүсгэгч: Enterobacteriaсеае овгийн Salmonella төрөлSalmonella abortus equiхэвшилд хамаардаг.
2. Үүсгэгчийн тэсвэрт чанар: Salmonella abortus equiнь усанд удаан хугацаагаар,  нарны шууд гэрэлд 10 өдөр, хөрсөнд 0.5 см гүнд 2 сар, нарны шууд бус гэрэлд 5 сар хүртэл амьд байна. 56-60оС-т 30 мин, зарим тохиолдолд омгуудын онцлогоос хамааран 72оС-т 1.5 цагийн дараа үхнэ. Харин ампулд хадгалсан шөлөн өсгөвөрт 3 жил, тасалгааны дулаанд агарын өсгөвөрт 1.5 жил, шөлөнд н‎эг жил хүртэл хугацаагаар амьд байна. Salmonella abortus equi нь халдваргүйжүүлэх бодисуудад харьцангуй тэсвэр муутай ба 1%-ийн карболын хүчил 30 мин, 1.5–2%-ийнх нь 5 мин, 0.5%-ийн формалин 5 минутын дотор үхүүлнэ.
3. Халдвар тархах зам: Халдварын эх уурхай бол өвчтэй мал юм. Мөн үүсгэгчийг биедээ тээгч шувуу, зэрлэг амьтан, өтөг бууц, тогтоол ус зэрэг нь халдвар тархах нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн зэрлэг амьтан, харх, гүрвэл, мэрэгч зэрэг нь байран маллагааны хашаа байр болон бэлчээрт их хэмжээгээр байсан тохиолдолд тэжээл усыг бохирдуулж халдвар тархах эх уурхай болно.
Гүү хээл хаях үедээ болон хээл хаяснаасаа хойш 3 сар ба түүнээс удаан хугацаагаар Salmonella abortus equi-г ялгаруулна. Хээл хаясан гүүний баас болон цуллагийн эрхтнүүдэд үүсгэгч удаан хугацаагаар тээгдэнэ.Salmonella abortus equi элэг, цөсний сувагт байнга байх бөгөөд дэлүү, өндгөвч, савны хана, хээлийн шингэн, ихэс, хүй, буртганд хэдэн арван тэрбумаар агуулагдаж малын хашаа байр, хэвтэр бууц, малчны хувцас, өвс тэжээл, бэлчээр усыг бохирдуулан халдвар тархах нөхцлийг бүрдүүлнэ. Өвчилж үхсэн мал, төлийн хүүр сэг, түүнийг идсэн нохой, шувуу, өвчтэй малын хэрэглэж байсан тэжээл, усны үлдэгдэл зэрэг нь мөн халдварын эх булагт тооцогдоно. Иж балнадаар хээл хаясан гүүний савны буртгаар үүсгэгч нь 2-3 сар турш гадагшилна. Иж балнадаар өвчилсөн юм уу нян тээгч гүү болон адууны мах, сүү нь хүн иж балнадаар өвчлөх, хүнд хоолны хордлого үүсгэх шалтгаан болно.
4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Хээл хаялт нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Гүү   ямар ч шинж тэмдэггүйгээр хээл хаядаг бол зарим тохиолдолд үтрээнээс цусархаг шингэн гарах, тайван бус болох, хөлрөх, чичрэх, биеийн халуун нэмэгдэх, дэлэн томрох, үхсэн төл гаргана. Унага ихсээр дамжин халдвар авдаг тул нялх унага цочмог явцтай өвчлөх нь иж балнадаар тайван бус адуун сүрэгт тохиолдох ба амьдрах чадваргүй унага гарч үхэх явдал ч цөөнгүй тохиолдоно. Үүсгэгч нь ихэвчлэн тэжээл боловсруулах замаар халдварлах боловч амьсгалын замаар шууд халдварлаж болно. Өвчний нууц үе нь халдварын зам, үүсгэгчийн тоо, хоруу чанар, малын биеийн эсэргүүцэл, арчилгаа тэжээллэг, хэвтэр, байрны нөхцөл зэргээс хамааран 3–10 хоног үргэлжилнэ. Өвчилсөн гүүнд 40-41оС хүртэл халуурах, чичрэх, тэжээлээс гарч номойрох, цангаг болох, өнгө зүсээ алдах, хээл хаях зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Цочмог явцтай өвчилсөн гүү эдгэрдэг ч нян тээгч халдвар тараагч эх уурхай болно. Ийм адуу сүргийн эрүүлжилт, нийтийн эрүүл мэндэд туйлын урхагтай байдаг. Халдварын эх булаг болсон өвчтэй, нян тээгч адуунаас үүсгэгч эрүүл адуунд дамжин халдварлаж шинэ голомт үүсгэн олон адуу өвчлүүлж хүрээгээ тэлнэ.

Salmonella abortus equi нь халуунд тэсвэртэй дотор хор үүсгэх бөгөөд ходоод гэдэсний салст бүрхүүлийг цочроож чацга алдуулах, цусанд нэвчин хялгасан судсуудыг гэмтээх, төв мэдрэлийн тогтолцоог саажуулах, эд, эрхтнийг хордуулж мөхөөх үйлчилгээ үзүүлнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Адууны ходоод гэдэсний салст болон усавхи бүрхүүл, давсаг, бөөр зэрэгт цус харвалт үүснэ. Хээл хаясан гүүний хагны гадаргуу цусархаг, судас нь өргөсөхийн дээр 2.5–3.0 см хэмжээтэй үхжлийн голомтууд илэрнэ. Элэг, дэлүү цусаар дүүрч ирмэг нь мохоо болон томорно. Эмгэг бие бүтцийн шинжилгээгээр элгэнд гистоцит эсийн нэвчрэл, үхжил, салст цусархаг үрэвсэл, хагны судас цусаар хэт дүүрсэн, зарим хэсэгтээ цус харвалт үүссэн, дэлүүний бүрхүүл болон улаан махамд ширхгэнцэрт шүүрдэс хуримтлагдан саармаг эсийн нэвчрэл бий болно. 6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.23–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлалын болон ийлдэс судлалын наалдуулах урвал (MNS5431:2005), нэвчин тунадасжих урвал (MNS5432:2005), иммунофлуоресценцийн арга (MNS 5434:2005), ЭЛИЗА (5721-1:2007), латекс  наалдуулах урвал зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.

6. Ялгаварлан оношлох: Вирусын халдварт хээл хаялт, тэжээллэг, арчилгаа маллагаанаас хамаарах механик гэ‎мт‎эл болон халдваргүй хээл хаялтаас ялгаварлан оношлох шаардлагатай.

7. Эмчилгээ: Гүү хээл хаясны дараа үржлийн эрхтнээр дамжин хоёрдогч халдвар авах, савны буртгаар халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хээл хаясан гүүний гадна бэлэг эрхтнийг өдөрт 2 удаа, 2–3 хоног туршид халдваргүйжүүлэх бүлээн уусмалаар угаана.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.