• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Гахайн сонгомол мялзан өвчин


1. Тодорхойлолт: Гахайн сонгомол мялзан нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тоходолд  толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг.

2. Үүсгэгч: Flaviviridae язгуурын Pestivirus-ын төрөл, РНХ агуулсан дугуй хэлбэртэй, 35–40 нм хэмжээтэй вирус юм. А, В гэсэн хоёр ийлдсэн хэвшилтэй бөгөөд А хэвшил нь цочмог явцтай, үжил хэлбэрийн мялзан үүсгэдэг бол В нь хэв шинжит бус юм уу архаг мялзанг үүсгэх ба зөвхөн торойд хоруу чанартай байдаг.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй. Гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2–40С–д 4–6 сар,  хөлдөөсөн маханд 2–4 сар, давсалсан маханд 1 жил, арьсанд 1–2 сар, хатаасан гэдсэнд 3–6 сар, гахайн байранд 1 жил хадгалагдана. 560С–д 60 мин, буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн хүүр болон бууцанд 3–5 хоногийн дараа хөрсөнд 1–2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодисуудад мэдрэмтгий.

3. Халдвар дамжих зам: Зэрлэг болон тэжээвэр гахайн үүлдэр, нас харгалзахгүй өвчилнө. Өвчтэй юм уу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, хэвтэр бууц, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүмүүсийн хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3–10 сар тээгч болно. Шаардлагаар нядласан гахайн мах, гулууз, дотор эрхтнүүд халдвар тархах нөхцөл болно. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авснаас халдвар тархах бүрдэж болно. Шавж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна. Халдвар тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьталын замаар халдварлана. Улирлын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг хамарч үхлийн хувь өндөр байна.

4. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3–9 хоног байдаг ч заримдаа 12–20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.
Хэт цочмог явц ховор тохиолдох бөгөөд ихэвчлэн хөхүүл болон эхээс тусгаарласан торойд ажиглагдана. Биеийн халуун 41–420С хүрч тэжээлээс гарч гэнэт номойрч бөөлжих, зүрх, амьсгалын эрхтний ажиллагаа хүчтэй алдагдана. 24–48 цаг болоод үхнэ.
Цочмог явцтай үжилт хэлбэр нь хамгийн өргөн тохиолдоно. Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5–420С хүрч 7–8 хоног болно. 8–9 дэхь хоногт биеийн халуун 40–40.50С хүртэл буурах ба өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2–3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болно. Бөөлжих, баас хатах, цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдахын дээр зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус юм уу идээ, салстай нус гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэхийн дээр явахдаа гуйвагнаж шээхдээ зовиурлана. Зарим гахай саажин таталдаж бөгсөн бие нь мэдээгүй болно. Өвчний 5–9 дэхь хоногт арьсан дээр жижиг цус харвалтууд илрэх бөгөөд цаашид хоорондоо нийлж хар хүрэн өнгөтэй толбо болохын гадна дарж үзэхэд арилдаггүй онцлогтой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхөрнө. 7–10 хоноод үхнэ.
Цочмогдуу явц 3 долоо хоног үргэлжилнэ. Өвчилсөн гахайн биеийн халуун үе үе нэмэгдэж баас хатах, чацга алдах, турах шинж илэрнэ. Үхлийн хувь 30–60 байна. Цочмогдуу явцтай үед иж балнад, цусан халдвар өвчний хоёрдогч халдвараар хүндэрдэг бөгөөд иж балнадаар хүндэрсэн үед мялзангийн гэдэсний хэлбэр илэрч турж арьс үрэвсэх ба өмхий, цус, залхагтай чацга алдана. Цусан халдвараар хүндэрсэн үед цээжний хэлбэр тохиолдох бөгөөд турах, уушиг, гуурсны үрэвсэл болох, ханиах, хамраас салст идээтэй нус гоожих шинж ажиглагдана. Өвчин үхлээр дуусна.
Архаг явц хэдэн долоо хоногоос сараар үргэлжилнэ. Эмнэлзүйн шинж тэмдэг цочмогдуу явцынхтай адил байдаг. Тэжээлийн дуршил алдагдах, турах, баас хатах, чацга алдах, зовхи үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Архаг явцын үед иж балнад, цусан халдвар өвчний хоёрдогч халдвараар байнга хүндэрдэг бөгөөд үхлийн хувь 30–60 байна. Энэ хоёр өвчнөөр зэрэг хүндэрч болно.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Цочмог хэлбэрийн үед бүх эд эрхтэнд янз бүрийн хэлбэр, хэмжээний цусан харвалт илэрнэ. Тунгалгийн зангилаа томорч хүрэн улаан өнгөтэй болж зүсэж үзэхэд алагласан байна. Дэлүү томроогүй ч зах ирмэгээр нь шигдээс үүссэн байх ба бөөрний хальсан бүрхүүл, тархилаг, холтослог давхраа, давсагны салст бүрхүүлд цус харвасан байна. Элэг томроогүй ч цус тогтонгишнолын цус ихдэлт болсон, уушгинд цус харвасан, хавагнасан, цус ихэдсэн, салст, усавхи юм уу цусархаг үрэвсэл болсон байна. Зүрхэнд цус харвасан, заримдаа баруун ховдол тэлсэн байна. Тархи, нугас, тархины хатуу бүрхүүлд цус ихдэлт, хаван, цус харвалт үүссэн байна. Ходоод, гэдсэнд цочмог салст үрэвсэл болсон байхын дээр гүвдрүү үүссэн байна. Цочмогдуу болон архаг явцтай үед өвчний хүндрэлтэй холбоотой хувиралт тод ажиглагдана. Цусан халдвараар хүндэрсэн үед уушигны сахуулайт, цусархаг, үхжилт үрэвсэл, гялтан, үнхэлцэгний ширхэгэнцэрт юм уу цусархаг үрэвсэл, арьс, бөөр, төвөнх, багалзуур, мөгөөрсөн хоолой, гялтан, зүрхний гадарга дээр цус харвалт ажиглагдана. Иж балнадаар хүндэрсэн үед бүдүүн гэдэс, ходоодонд хааяа нарийн гэдсэнд эмгэг хувиралт үүссэн байна. Олгой болон хотронхой гэдсэнд цагаан шар өнгөтэй мялзангийн бундуу, бүдүүн гэдэсний салст бүрхүүлд цагаан шар өнгөтэй өнгөрөөр хучигдсан түгмэл сахуут үрэвсэл болсон байна.

6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.5.6–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялган авах болон дархан туяаралтын арга, БХ–ПГУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Гахайн гастроэнтерит, цусан суулга, цусан халдвар, ёлом, иж балнадаас ялгаварлан оношлоно.

7. Эмчилгээ: Хийдэггүй, шууд нядлаж устгана.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.