• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Гахайн иж балнад өвчин


 

1. Тодорхойлолт: Иж балнад нь олон төрлийн мал амьтан, хүн болон шувуу өвчлүүлдэг халдварт өвчин юм. Дэлхийд хамгийн өргөн тархсан халдварт өвчний нэг  бөгөөд ялангуяа эрчимжсэн мал аж ахуй түүний дотор гахай, үхэр, шувууны аж ахуйд өргөн тархжээ. Иж балнад нь мал амьтан, шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон гадаад орчноос хүнд халдварлаж хүнсний хордлогот халдвар  үүсгэнэ. Ходоод гэдэсний өвчин, хоолны хордлогот халдвар, давсаг, савны үрэвсэл үүсгэхийн зэрэгцээ зүрх судас, амьсгалын замын халдварыг дамжуулагч болдог. Салмонелл нь байгаль дээр өргөн тархсан бөгөөд энэ нянг тээгч мал, амьтны гэдсэнд  оршин түүний  биеийн эсэргүүцэл,  дархлаа сулрах үед үүсгэгчийн эмгэг төрүүлэх чанар идэвхжин хоруу чанар нь нэмэгдэнэ.

2. Үүсгэгч: Гахайн ижбалнадэнтеробактерийн бүлгийн эмгэг төрүүлэгч нян болох Sal.choleraesuis, Sal.typhisuis – ээр үүсгэгдэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Салмонелл нь гадаад орчинд  тэсвэртэй бөгөөд амьд биетийн гадна үржих чадвартай,тохироо бүрдсэн нөхцөлд газар сайгүй амьдардаг ба 7–450С-т өсгөвөржинө. Салмонелл нь мах, махан бүтээгдэхүүнээс бэлтгэсэн  хоол хүнсэнд 8 сар хүртэл хадгалагдах ба гахайн мах, махан бүтээгдэхүүнийг давслах, утахад идэвхээ алдахгүй давсалсан болон утсан маханд 80 хоног, 700 С-д 30 мин, 800 C-д 10 мин амьд байх ба хөлдөөсөн болон хатаасан нөхцөл мөн газрын хөрсний тохиромжтой рН бүхий нөхцөлд 7 сар, хүүрэнд 160 хоног хүртэл хугацаагаар хадгалагддана. Үүсгэгч нян нь химийн бодисуудад мэдрэмтгий.

3. Халдвар тархах зам: Өвчилсөн буюу өвчлөөд эдгэрсэн нян тээгч, тэдгээрийн ялгадсаар бохирдсон гадаад орчин нь халдварын эх булаг болно. Өвчтэй ба өвчлөөд эдгэрсэн мэгжний зулбадас, хаг, буртаг, гахайн ялгадас зэрэг нь салмонеллыг агуулж гахайн байр, хэвтэр, гахай маллагчийн хувцас, тэжээл, усаар дамжин халдвар тархах нөхцлийг бүрдүүлнэ.Иж балнадаар өвчилсөн гахайнаас бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн (ялангуяа дотор эрхтэн, дутуу боловсруулж буруу хадгалсан хиам), салмонеллээр бохирдсон задгай ус, хөрс зэрэг нь халдвар тархах, хүн өвчлөх үндсэн шалтгаан болно. Үхсэн гахай, торойн хүүр сэг, түүнийг идсэн нохой, шувуу нь завсрын дамжуулагч бөгөөд тэдгээрийн ялгадас нь халдвар тараах аюултай.

4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Гахайн иж балнад өвчинд 2–3 долоо хоногоос 4–6 сарын бойжилттой торой мэдрэг бөгөөд ходоод гэдэсний замын архаг үрэвсэл, үжил үүсгэх ба  гэдэсний салст бүрхүүл шархлах, хүндэрсэн үед уушигны үрэвсэл, үжил  хэлбэрээр илэрнэ.
Гахай цочмог, цочмогдуу, архаг явцтай өвчлөх ба торойн үхэл 10-90% хувьд хүрдэг бол нас гүйцсэн гахайд бага байна. Хөхүүл торойд цочмог явцтай, тэжээлд орсон торойд архаг явцтай илэрнэ. Өвчний нууц үе 10–20 хоног үргэлжилнэ. Хөхүүл торойд нууц үе богино  байна.
Цочмог явцын үед биеийн халуун 41–420С хүртэл нэмэгдэж хөхөх рефлекс алдагдаж зарим үед чацга алдана. Мөн бөөлжих, нүд үрэвсэж улайх шинж тэмдэг үзүүлнэ. Гахайн чих, цавь, гэдэс, хэвлий орчмын арьс хэсэгчлэн улайна. Нийт торойн 50–80% нь 3–7 хоногийн дотор үхнэ.
Цочмогдуу явцтай үед цочмог явцтай адил шинж тэмдэг ажиглагдах ч энэ нь сулавтар илэрнэ. Цочмогдуу явц 15–20 хоногийн турш үргэлжилнэ. Зарим гахай үе үе чацга алдана. Өвчтэй гахай турж арьс нь саарал өнгөтэй болж нугалаа үүснэ. Зарим нь уушигны үрэвс‎элээр хүндрэх ба үхэл, хорогдол 40%-д хүрэх бөгөөд амьд үлдсэн торойн биеийн өсөлт хөгжилт зогсож давжаа болно.
Архаг явцтай үед эмнэлзүйн шинж тэмдэг сул илрэх бөгөөд 3 долоо хоногоос сар хүртэл хугацаанд үргэлжилнэ. Өвчтэй гахай чацга алдах, богино хугацаагаар халуурах, уушиг үрэвсэх, турах, нүд улайж үрэвсэх шинж тэмдэг үзүүлнэ. Архаг явцын үед байнга хоёрдогч халдвараар хүндэрнэ. Энэ тохиолдолд гахай үхэж хорогдох бөгөөд амьд үлдсэнийх нь өсөлт хөгжилт зогсоно. Нас гүйцсэн гахай  ихэвчлэн тодорхой эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхгүй архаг явцтай өвчилж улмаар нян  тээгч болж үлдэнэ.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Гахайн нас, өвчний явцаас хамаарна.Цочмог явцтай үед тэжээл боловсруулах болон амьсгал, судасны тогтолцоонд эмгэг хувиралт тод илэрнэ. Ходоод, гэдсэнд салст, заримдаа салст цусархаг үрэвсэл болсон байхын дээр цутгалан, өлөн гэдсэнд өвөрмөц хувиралт ажиглагдана. Тунгалгийн зангилаанд усавхи заримдаа цусархаг үрэвсэл болсон байна. Дэлүү томорсон байх ба тэжээл боловсруулах зам, үнхэлцэг, бөөр, цээжний гялтанд цэглэг цус харвалт ажиглагдана. Цуллагийн эрхтнүүдэд мөхлөгт сөнөрөл болсон байдаг бол уушгинд салст идээт үрэвсэл, гялтан, үнхэлцэгний ширхэгэнцэрт үрэвсэл тохиолдоно. Хоншоор, чих, хөл, гэдэс, хэвлийн арьсанд хураагуур судасны цочмог цус ихдэлт тохиолдоно.
Цочмогдуу явцын үед олгой болон хотронхой гэдсэнд өвөрмөц хувиралт ажиглагдахын дээр цуллагийн эрхтнүүдэд сөнөрлийн явц хүчтэй илэрч уушигны үрэвсэл байнга тохиолдоно. Нарийн болон бүдүүн гэдсэнд яршилт гүвдрүү үүсэх ба тунгалгийн зангилаа, дэлүү үрэвсэж бөөр, элгэнд сөнөрөл болсон байна.
Архаг явцтай үед бүдүүн гэдсэнд голомтлосон юм уу түгмэл үрэвсэл болж өнгөрөөр хучигдсан яршил үүссэн байна. Ходоод, гэдэс, тунгалгийн зангилаа үрэвссэн байна.

6. Эмчилгээ: Гахайн салмонеллёзыг эмчлэх зорилгоор тетрациклины бүлгийн антибиотик, сульфаниламид ба нитрофурины бэлдмэлийг дангаар юм уу хослуулан хэрэглэнэ. Мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн амикацин, гентамицин, неомицин, апрамицин, сефтиофур, триметоприм, сульфонамид зэрэг антибиотикийг зааврын дагуу хэрэглэх нь үр дүнтэй. Мөн  өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт тохируулан сонгож хэрэглэх нь зохимжтой бөгөөд антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлсны үндсэн дээр сонголтыг хийнэ.Эмчилгээний зорилгоор олон цэнэт хэт дархлаат ийлдэс хэрэглэнэ.

7. Онош: Гахайн аж ахуйд иж балнад гарсан тохиолдолд эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн урьдчилсан онош тавьж лабораторийн шинжилгээгээр оношийг эцэслэн тогтооно. Онош тавихад нян судлал, люминесцент микроскопын болон ийлдэс судлалын шинжилгээ голлох үүрэгтэй.
Ялгаварлан оношлох: Гахайн иж балнадтайтөстэй эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлдэг ходоод гэдэсний халдваргүй үрэвсэл, мялзан, цусан суулга, вирусийн гастроэнтерит, бруцеллёз, листериоз, колибактериоз, диплококкийн халдвар, тэжээлийн хордлогоос ялгаварлан оношлоно.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.