• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Бог малын шөвөг яр өвчин


1. Тодорхойлолт: Хурга , ишигний амны хөндийн салст бүрхүүл, уруул, их бие, эх малын дэлэнгийн арьсыг гэмтээн бэлцэн цэврүү, яр, товх үүсэх, эд эс түрж ургах хэлбэрээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Поксвирусын язгуурт хамаарах ДНХ агуулсан зуувандуу хэлбэртэй, том вирус юм.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Бог малын шөвөр яр өвчний вирус малын арьсны хуурай хогжруунд 6–10 жил, өтөг бууцанд 1–2 жил хүртэл эмгэг төрүүлэх идэвхээ алдахгүй харин  чийглэг, нойтон орчинд 30 хоногоос илүүгүй хугацаанд идэвхээ алдана.

3. Халдвар дамжих зам: Шөвөг яртай малаас эрүүл малд хавьтлын замаар ихэвчлэн төл мал эхээ хөхөх үед халдварлана. Өвчин нэг сууриас нөгөө суурийн малд зөвхөн өвчтэй буюу өвчлөөд эдгэрсэн малаар дамжин халдварлана.  Малын биед вирус зөвхөн арьс, салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр нэвтрэн эмгэг үүсгэх бөгөөд төлийн шүд ургах, хатуу өргөст ургамал идэх, хатуу зүйл мэрэх үед арьс, салст бүрхүүлийн гэмтсэн хэсгээр вирус нэвтрэн орох аятай нөхцөл бүрдэнэ. Халдварын голомтыг устгахгүй бол нэг аж ахуй, нэг хот айлын малд хэдэн ч жил дараалан гарах магадлал өндөр байдаг. Нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх ч 4 хоногоос 10 сарын бойжилттой хурга, ишиг илүү мэдрэмтгий байдаг. Өвчний эх булаг нь өвчилсөн юм уу өвчилж эдгэрсэн тээгч мал байна. Хавар, намар ихэвчлэн гарна. Гувшаа төл юм уу тэлүүрдэг хонь, ямаа өвчин дамжихад их нөлөөтэй байна.
4. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 6–8 хоног бөгөөд цочмог, цочмогдуу, архаг явцтай байна. Амны, уруул их биеийн, бэлгийн эрхтний гэсэн хэлбэртэй байна. Өвчин эхлэхэд дундаа гүвдрүүтэй янз бүрийн хэмжээний улаан толбо үүсэх ба цаашид цэврүү, идээт цэврүү болно. Идээт цэврүү хагарснаас шархлаа үүсч хурдан хатаж тав тогтоно. Энэ үед мал номойрох, тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана. Уруул, их биеийн болон амны хэлбэрийн үед уруул, завьжинд цэврүү үүсч толгойн бусад хэсэг болох чих, хамар, хацар орчим болон биеийн арьсанд гарна. Хөл, туруу орчимд гарсан үед доголох, туруу, сагагны орчмоор эмзэглэх, турууны болон  бэрэвхий арьсанд цэврүү, идээт цэврүү үүсэж хагаран тав тогтоно. Биеийн арьсанд гарсан үед цэврүү хагарсны дараа үс бөөгнөрч шөвгөрхүү хэлбэртэй болсон тууралтууд тэмтрэгдэнэ. Хоёрдогч халдвар орсон үед арьсны үхжил юм уу үений үрэвсэл болно. Өвчин даамжирсан үед төлийн шүлс гоожих, уруул нь дорвойх, эхийгээ хөхөх, тэжээл идэхдээ эмзэглэх, өнгө зүс алдаж турах ба эмчлэхгүй бол улам хүндэрч бохирдон амнаас муухай үнэр гарах, идээтэй юм уу үхжсэн өтгөн шүлс гоожих, төвөнх багалзуур, улаан хоолойд үсэрхийлж хүндэрнэ.  Бэлгийн эрхтний үед дэлэн хөх, гуяны дотор тал, бэлэг эрхтний орчимд бэлцэн, идээт  цэврүү, шархлаа, тав үүснэ. Бэлгийн гадна уруул хавагнаж үтрээнээс шингэн гоожно. Үүссэн шархаар хоёрдогч халдвар орсноос хүндрэл гарна. Өвчин хэлбэр, явцаас хамаарч нэгээс таван долоо хоног үргэлжилнэ.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Тод илрэх хувиралтгүй бөгөөд үхжлийн болон шархлааны голомтууд илрэх ба ам, уруул, их бие, хөлний арьс яршиж шархласан байна. Хоёрдогч халдвараас хамаарч дотор эрхтнүүдэд идээт голомтууд үүссэн байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.4.2–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялгах ба БХ–ПГУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Хонь, ямааны цэцэг, хамуу, мөөгөнцөр, герпесвирусээр үүсдэг бусад  халдварт өвчнүүдээс ялгаварлан оношлоно.

7. Эмчилгээ: Өвчтэй төлийн уруул, амны орчмын  яр шархыг марганцын 1:1000, риванолын 1:500 уусмалаар угааж цэвэрлэнэ. Шархны гэмтэл гүнзгийрч нянгийн хоёрдогч халдвараар хүндэрсэн үед мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн фармазин, ципрофлаксицин зэрэг удаан үйлчилгээ бүхий антибиотокийг зааврын дагуу тарьж эмчилнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.