• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Бог малын туузан хорхойтох /аноплоцефалтах/ өвчин


1. Үүсгэгч: Мониезтэх өвчин нь Moniezia төрөлд хамаарах, хивэгч малын нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг 10 м хүртэл урт туузан хорхойгоор үүсгэгдэнэ. Уг үүсгэгч нь үе бүхэндээ хоёр хос бэлэгтэй, нэг үеийн 2 талд бэлгийн сүвтэйгээрээ бусад төрлийн туузан хорхойноос ялгаатай.
Тизаниезтэх өвчин нь хонь, ямаа, үхрийн нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг 4 м хүртэл урт, үе бүхэндээ нэг хос бэлэгтэй,  бэлгийн сүв нь үеийн аль нэг талд байрладаг Thyzaniezia төрлийн туузан хорхойгоор үүсгэгддэг.
Авителлинтэх өвчин нь хонь, ямаа, үхэр, тэмээ болон бусад хивэгч амьтдын нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг Avitellina төрөлд хамаарах, харьцангуй богино биетэй, маш нарийхан үетэй (3.2 мм), үе хоорондын зааг бараг мэдэгддэггүй, бэлгийн сүв нь зөв бус дараалалтай туузан хорхойгоор үүсгэгддэг.

2. Халдвар тархах зам: Moniezia нь Орибатид төрлийн, хөрсний жижигхэн хачгийн оролцоотойгоор хөгжинө. Мониезтэх өвчин манай орны аль ч бүс нутагт өргөн тархсан бөгөөд уг өвчнөөр ихэвчлэн хавар, зун, намрын улиралд голдуу төл мал өвчилнө.
Тизаниезтэх өвчнөөр 6-8 сартай хурга, төлөг зонхилон өвчилдөг бөгөөд манай зарим аймагт уг өвчин үүсгэгчээр илүүтэй халдварласан байдаг. Намрын улиралд тизаниез, мониезтэй хам шимэгчилж, намар, өвлийн улиралд эрчимжил ихэснэ.
Авителлинтэх өвчин үүсгэгч нь колленбол шавьжийн оролцоотойгоор хөгжинө.

3. Эмнэлзүйн шинж тэмдэг: Мониезтэх өвчний үед нас гүйцсэн малд тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бол нялх төлд хүнд хордлогын, хөрвөжсөн төлд хөнгөн хордлогын шинж илрэхээс гадна гэдэс чихэлдэж орооцолдож болно. Хүнд хордлогын үед хөхүүл хурганы бие сульдаж эцэж турах, баас шингэрч залхагтай чацга алдах ба баасанд туузан хорхойн үеүд үзэгдэж цус багасах, хэвтэх зэргээр өвчилж 1–2 долоо хоноод үхнэ. Хөнгөн хордлогын үед хөрвөжсөн төл турж эцэх, баас шингэрэх, туузан хорхойн үеүд үзэгдэх зэргээр өвчилж 3–4 долоо хоногийн дараа эдгэрнэ. Хоёроос дөрвөн сарын бойжилттой хурганы гэдэс ороолдох, чихэлдэх явдал үзэгддэг бөгөөд хэвлий рүүгээ харах, гэдсээ тийрэх, хүчтэй цовхрох зэрэг шинж тэмдэг үзүүлж, улмаар үхнэ. Мэдрэлийн хэлбэрийн үед хурга гэнэт эргэлдэн унаж, тийчилсээр 1–2 цагийн дараа үхдэг байна.
Авителлинээр 6–аас дээш сарын бойжилттой хурга голдуу халдварлаж, намар, өвлийн эхэнд олноороо өвчилдөг бөгөөд мэдрэлийн шинжээр илэрч сүргээсээ хоцорч өөр зүгт явах, толгойгоо унжуулан зогсох, номой байдалтай болж салст бүрхүүл цайх, шил татах, татганах, чичрэх, шүдээ хавирах зэрэг шинж тэмдэг үзүүлж хэдхэн цагийн дараа үхнэ.

4. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, хүүр задлалтыг үндэслэн, малын баасанд туузан хорхойн үе болон өндөг илрүүлэх, үхсэн малын нарийн гэдсэнд туузан хорхой илрүүлж, онош тогтооно. “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ.

5. Эмчилгээ, сэргийлэлт: Туузан хорхойн бэлгийн хөгжил гүйцэж  малын баасаар гадагшлахаас өмнө 5 дугаар сарын 25–наас 6 дугаар сарын 10–ны хооронд бог малыг,  харин  6 сараас дээш бойжилттой хургыг намар туулгана (хорхойгүйжүүлнэ). Мал сүргийг цагаан хорхойтох өвчнөөс эмчлэх, сэргийлэх туулгалтад бэлтгэх, эмийн бэлдмэл хэрэглэх зааврыг баримтлах, тусгай зориулсан хашаанд туулгахыг анхаарна.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.