• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Адууны ям өвчин


1. Тодорхойлолт: Ямаар битүү туурайтан амьтад (адуу, илжиг, луус, хулан, тахь), муурны төрлийн махчин амьтад (арслан, бар, муур, чоно, үнэг), хүн өвчлөх ба уушиг, хамрын салст бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу үүсэх шинжээр илэрдэг мал, амьтнаас хүнд халдварладаг ужиг халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Өвчин үүсгэгч Burcholderia mallei 1-5 мкм урт, 0.3-0.8 мкм өргөн, грам сөрөг, хөдөлгөөнгүй, үзүүр нь мөлүү, шулуун савханцар. Үрэнцэр, бүрээс үүсгэдэггүй, аналины будгуудаар сайн будагддаг. Ямын үүсгэгч хэлбэр зүйн хувьд их хувьсамтгай бөгөөд индол үүсгэхгүй, хүхэрт устөрөгч, шүвтэр үүсгэнэ.

3. Үүсгэгчийн тэсвэрт чанар. Үүсгэгч ус ба ялзарч муудсан материалд 30 хоног хүртэл, хамрын хатсан гоождсонд 15 хоног, 800С хүртэл халаахад 5 мин, нарны гэрэлд 1 хоног амьдрах чадвартай. 5%-ийн хлорын шохой, 2%-ийн карболын хүчил, 1%-ийн натрийн шүлтийн үйлчилгээнд амархан үхнэ.

4. Халдвар дамжих зам: Өвчин үүсэх эх булаг нь өвчтэй адуу бөгөөд түүний нус, хамрын шингэн, арьс салст бүрхүүлийн идээ гоождсоор үүсгэгч гадагшилж ус тэжээл, тоног хэрэгсэл зэргийг бохирдуулах бөгөөд хоол тэжээл, амьсгалын болон бэлгийн зам, мөн гэмтсэн арьсаар халдварлана. Үүнээс гадна дулаан улиралд цус сорогч ялаа, шумуулаар дамжиж тархаж болно. Ер нь мэдрэмтгий амьтдын дунд аажмаар тархан дэлгэрэх бөгөөд архаг, далд хэлбэрийн үед өвчний үүсгэгч байнга гадагшлаад байдаггүй. Ям өвчин байран маллагааны нөхцөлд бэлчээрийн маллагаатайг бодвол хурдан тархана. Монгол адуу ихэвчлэн далд хэлбэрээр өвчилнө.

5. Эмнэлзүйн шинж тэмдэг: Ям цочмог болон архаг явцтай өвчин бөгөөд эмгэгийн байршлаар хамрын ба арьсны мөн далд хэлбэрийн гэж ангилна. Бэлчээрийн монгол адуунд голдуу архаг, далд хэлбэрээр илэрнэ. Цочмог хэлбэрийн үед биеийн халуун 41-42оС хүрч, мах, булчин чичрэх, уушиг нь гэмтснээс амьсгаадах, ханиалгах, номой байдалтай болж тэжээлдээ дургүй болох, судасны лугшилт удаашрах, сулрах, салст бүрхүүлүүд улайх зэрэг шинж илэрч, 10-аад хоноод үхэх ч бий.

Архаг хэлбэрийн үед хамрын салст бүрхүүл дээр идээгээр дүүрсэн өөх шиг цагаан ёроолтой, зах нь идэгдсэн өвөрмөц яр үүсэж зах нь идэгдсэн од хэлбэртэй сорви тогтох, толгой, хүзүү, гуяны дотор талын арьсанд яршилт үүсэх, уушиг үрэвсэж хавагнах, эрүүний доод булчирхай томорч хатуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Ямын халдвар авсан адуунд эхний 4 долоо хоног буюу түүнээс ч удаан хугацаанд  ямар нэгэн ил шинж тэмдэг илрэхгүй. Гэхдээ халдвар авснаас хойш 2-3 долоо хоног болоход ямлуурын сорилд урвал үзүүлж эхэлнэ. Махчин амьтдын ям голдуу архаг явцтай илэрч үхлээр төгсөнө.

6. Эмгэг бие бүтцийн хувиралт: Ямын илрэх хэлбэр, явцаас шалтгаалан харилцан адилгүй байна. Арьс ба хамрын хөндийд ямын зангилаа, яршилт үүссэн байна. Ямтай адууны 84-97% хувь нь уушиг, 65-84% нь мөгөөрсөн хоолойн булчирхай, 25-56% нь хамрын таславч, 19-50% нь дэлүү, 21-53% нь элэг, 12-40% нь эрүүний булчирхай, 15-37% нь залгиурын арын булчирхай, 0.8-13.1% нь арьс, 10-56% нь төвөнх, багалзуурт эмгэгт хувиралт үүсгэнэ. Өвчний цочмог явцтай үед уушгинд шил мэт цэнхэр өнгөтэй зангилаат булдруунууд үүсэж гадна талаараа цусархаг, улаан цагирган бүслүүртэй болно. Ужиг явцтай үед гадуураа шохойжсон бүрээстэй болсон байна. Мөн уушгинд олон, цөөн тоотой идээт буглаа гарч уушгинд хөндий үүсч цоорно. Тунгалгийн зангилаа томорч зүсэж үзэхэд үхжлийн жижиг голомтууд  ажиглагдана. Харин хамрын хөндийд янз бүрийн хэлбэртэй, цагаан шаргал өнгө бүхий ямын зангилаат булдруунууд ажиглагдана. Ил ямтай монгол адууны уушгинд цацсан шар будаа шиг олон тоотой шаргалдуу зангилаа, булдруунаас гадна идээт буглаа үүсэх ба уушигны хэвийн хэмжээ нэлээд томорч цайвар ягаан өнгөтэй болдог.

7. Онош: Адууны ямыг шинж тэмдгийн үзлэг хийж хамрын салст бүрхүүлийн өвөрмөц яр, сорвийн илрэлт,  нүд, арьсны харшил сорилын болон ХХУ–ын шинжилгээ хийж оношлоно. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.2.1–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын арга, ПГУ–ыг ашиглана. Цусны ийлдсэнд ХХУ тавьж шинжилгээ хийнэ.

8. Ялгаварлах онош: Ям өвчнийг хуурамч ям, сахуу, хулгана яраас ялган оношлох ёстой. Хуурамч ям үүсгэгч R хэлбэрийн колони үүсгэх бөгөөд хөдөлгөөнтэй байхаас гадна туулай, цагаан хулгана, сармагчин, нохой, хонь, ямааг туршлагын журмаар халдварлуулахад хялбархан өвчлүүлнэ. Сахуугаар ихэнхдээ унага, даага өвчлөх ба 3-аас дээш насны адуу өвчлөх нь тун ховор. Унага, дааганы сахуу 7-10  дугаар сард элбэг тохиолдоно. Сахуугийн үед хамрын хөндийд яргүй идээт үрэвсэл, эрүүний доод тунгалгийн зангилаанд буглаа үүснэ. Хулгана яраар голчлон 1-5 насны адуу, илжиг, луус өвчлөх бөгөөд үе мөчний тунгалгийн зангилаа, судсыг дагаж цуварсан байрлалтай идээ, товруутсан буглаа үүсдэг онцлогтой.

9. Эмчилгээ: Ям өвчтэй адууг эмчлэх арга боловсрогдоогүй байна. Иймээс харшил сорилын шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн адууг ялгаж тусгаарлан нядлана. ХХУ – аар эерэг урвал үзүүлсэн болон ил шинж тэмдэгтэй адууг устгана.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.