• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Адууны халдварт цус багасах өвчин


1. Тодорхойлолт: Өвчилсөн адууны зүрх судас, эрхтэн системийн үйл ажиллагаа хямарч тогтмол болон сэлгэх хэлбэрээр халуурах , цус төлжүүлэх эрхтнүүд гэмтсэнээс цусан дахь улаан эсийн тоо эрс цөөрөх,  аажмаар турах шинж тэмдэг илэрдэг ужиг явцтай халдварт өвчин юм. Өвчний тавилан ихэвчлэн үхлээр төгсдөг.
2. Үүсгэгч: Retroviridae аймгийн Lentivirus төрлийн РНХ агуулсан вирусээр үүсгэгдэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Өвчин үүсгэгч вирус нь бэлчээр, хадсан өвс, газрын хөрсөнд 9 сар, цэвэр усанд 160 хоног, нарны гэрэлд 2-3 цаг, бууцанд 2.5 сар , 0-оос доош хэмийн хүйтэнд 2 түүнээс олон жил хоруу чанараа хадгална.
3. Халдвар дамжих зам: Халдварын эх булаг нь өвчтэй болон вирус тээгч адуу бөгөөд дулааны улиралд хөх түрүү, дэлэнч, шумуул зэрэг цус сорогч шавьжууд өвчний тархалтанд голлох үүрэгтэй ч унага эхийн сүүгээр, азарга, гүү хээлтүүлгийн үед мөн цусны болон тариурын зүү, мэс заслын багаж хэрэгслээр халдвар дамжиж болно. Гол мөрний сав, ялаа, шумуул ихтэй нутагт тохиолдоно.
4. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Адууны тарга хүч, нас үүлдэр, уналга эдэлгээний байдлаас шалтгаалан өвчний нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй бөгөөд дунджаар 10–30 хоног, заримдаа 3 сар хүртэл үргэлжилнэ. Өвчний явц цочмог, цочмогдуу, архаг байна. Цочмог, цочмогдуу явцтай үед биеийн халуун 40–420С хүрч өвчтэй адуу тэжээл усандаа дуртай ч унаж эдлэхэд амархан эцэж ядрах, ижлээ гүйцэхгүй хоцрох, шогшуулах төдийд зүрхний цохилт огцом түргэсэх, хэвлийн хэсэг, хойд хөлийн бэрэвхий орчмоор хавагнах, турах, явахдаа гуйвж дайвах, хэвтэх шинж ажиглагдана. Нүдний салст бүрхүүл цагаан өнгөтөй болж цэгэн цус харвах бөгөөд налхи, хэлний хажуу талаар цус харвасан байх нь нилээд онцлог шинж тэмдэг юм. Өвчилсөн адууны 70 гаруй хувь нь архаг явцтай өвчилнө. Энэ явцын үед өвчилсөн адуу үе үе халуурах, хөлрөх төдий шинж тэмдэг илэрнэ. Ийм адуу тээгч байж жил гаран болох бөгөөд гаднын нөлөөгөөр хүндэрч үхнэ.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Цочмог, цочмогдуу явцтай үед хэвлий, цээжний болон хөлний орчмын арьсан дорхи эслэгт шүүрдэс хуримтлагдаж цус харвасан байна. Булчин мах цайвар өнгөтэй болсон байх ба том хэмжээний цэглэг болон тууш цус харвасан байна. Мөн тархины бүрхүүлд цус харвалт болсон байх ч цөөн байдаг. Уушиг хавагнаж цус харвасан байна. Зүрх томорч уг орчимд цус харвасан байх ба зүрхний булчин цайвар өнгөтэй болж мөн цус харвасан байна. Дэлүү 2–3 дахин томорсон байдаг бол бөөр, элэг томорч давсаг, нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүлд цус харвасан байна. Архаг явцтай үед үжлийн хувиралт ажиглагдахгүй зарим нэгэн эд эрхтэнд бүдэг илэрнэ.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.2.2–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид БХ–ПГУ, НТУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Тураал, ям, цусны паразит, эгэл биетнээр үүсгэгдэх өвчнүүдээс ялгаварлан оношлоно.
7. Эмчилгээ: Эмчилгээний эм, бэлдмэл мал эмнэлгийн ажил үйлчилгээнд нэвтрээгүй.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.