• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Адуу, гахай, тахианы аскаридтах өвчин


1. Үүсгэгч: Адуу, гахай, тахианы аскаридтах өвчин нь нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг хатуу биетэй, савхан хэлбэртэй 2.6–30 см урт, хамгийн том бөөрөнхий хорхой болох аскаридаар үүсгэгдэнэ.

2. Халдвар дамжих зам: Аскарид нь гурван давхар бүрхүүлтэй өндөг гаргах ба өндөг баастай хамт гадагшилж гадаад орчинд өндгөн дотор 10-30 хоногийн турш авгалдай хөгжиж ус, тэжээлтэй хамт жинхэнэ эзэндээ залгигдан ходоод гэдсэнд нь орж өндөгнөөс авгалдай гарна. Адуу, гахайн аскаридын авгалдай цусны судсанд орж, зүрхээр дамжин уушгинд хүрээд хялгасан судасны ханыг гэмтээж мөгөөрсөн хоолойд орж цэртэй хамт залгиур хоолойд хүрч дахин залгигдан нарийн гэдсэнд очиж бэлэг боловсорсон аскаридууд болон хөгжиж нэ‎г жил орчим шимэгчилж амьдарна. Харин шувууны аскаридын авгалдай нь гэдэсний булчирхайнуудаар ярган орж хөгжин бэлэг боловсорсны дараа нарийн гэдэсний хөндийд шимэгчилнэ.

3. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Аскаридаар унага, даага, 2–5 сартай торой, 8–10 сар хүртэлх насны дэгдээхэй халдварладаг ба авгалдай зүрх, судас уушгаар яргаж байгаа үед чацга алдах, ханиах, түр зуур халуурах ба бэлэг боловсорсон аскарид нарийн гэдсэнд шимэгчилж байгаа үед мал, амьтан, шувууны өсөлт хөгжилт саатах, турж, эцэх, чацга алдах,  бие  сульдах буюу нарийн гэдэс бөглөрөх, цоорох үед үхэж хорогдоно.

4. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгийг үндэслэн оношлох боловч үхсэн буюу нядалсан амьтны нарийн гэдсэнд байгаа аскаридын тоо, унага, торойн уушигны үрэвсэл зэргийг харгалзана.  Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.9.12–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжинд дурандах шинжилгээ хийнэ.

5. Эмчилгээ: Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл гельминт судлалын өндөг, авгалдай,  бие гүйцсэн хорхой илрүүлэх шинжилгээ хийж онош тогтоосны дараа малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан хавар 4–р сарын 15 наас 5–р сарын 15 ны хооронд, намар 10–р сарын 15 наас 11–р сарын 15 ны хооронд эмчилгээний болон сэргийлэх туулгалтыг тогтмол хийнэ.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.