• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал амьтны галзуу өвчин, түүнтэй тэмцэх нь


Энэ жил Монголд мал, амьтны өвчний гаралт эрс нэмэгдэж ард иргэдийн анхаарлыг ихээхэн татаж байна. ДЭМБ–ын тодорхойлсноор галзуу нь хүн, мал, амьтанд байнгын аюул болон эдийн засгийн хохирол учруулдаг мал амьтнаас хүнд халдварладаг гол таван өвчний нэг юм. Дэлхийд энэ өвчнөөр жилд 55000 гаруй хүн нас барж 1 сая шахам мал, амьтан үхэж байна. Галзуу өвчин дэлхийн 110 гаруй оронд тархсан байдаг.

Галзуу өвчнийг эрт үеэс хүн төрөлхтний соёлын түүх үүсэж хөгжсөн тэр үеэс л мэддэг байжээ. Галзуу өвчний тухай Вавилоны (МЭӨ 2300 он) хуулинд дурдсан байдаг бол эртний Египетийн зурганд галзуурсан нохойг дүрсэлсэн, фараонууд галзуурсан нохойн шүлсийг ид шидийн хүчтэй холбон үздэг байжээ. Манай монголчууд ч эрт дээр үеэс энэ өвчний шинж тэмдгийн талаар тодорхой мэддэг, өвчний явцаар нь чөдөр болон улаан галзуу гэж хувааж үздэг, нууц үеийн хугацааг хаана хазуулснаас хамаардгийг хүртэл тооцсон байдаг. Малчид галзуу өвчнийг бусад мэдрэлийн шинж тэмдэг бүхий өвчнөөс ялгахын тулд аргалын утаагаар утахад галзуурсан бол шууд үхдэг ажээ.

Манай орон галзуу өвчний эрсдэлтэй орнуудын нэг юм. Д. Дандий, З. Адьяасүрэн, Г. Жамба (2006) нар манай орны ариун цэврийн бактери шинжилгээний институтын Пастерийн станцад 1935–1941 онд нийт 909 хүн галзуугаас сэргийлэх шингэн вакцин тариулсны 91 % нь нохойд тэгэхдээ 288 (31.7%) хүн галзуу нохойд, 448 (49.2%) хүн галзуугийн сэжигтэй нохойд хазуулж ноцуулсан байдаг тухай тэмдэглэсэн бол Д. Дандий, Г. Жамба (1969) нар 1957–1966 онд нийт тарилганд хамрагдсан хүмүүсийн 83 % нь нохойд, 14.1 % нь зэрлэг махчин амьтдад, 4.7 % нь малд хазуулж уруулсан байдаг ба 10000 хүн амд 0.3 хүн ямар нэгэн амьтанд хазуулж, хазуулсан, эдгээр хүмүүсийн 5.1 % буюу 2 жилд 1.5 хүн галзуугаар нас барсан тухай мэдээлжээ. Нас барсан хүмүүсийн 84 % нь нохой, чононд уруулснаас болсон, сэргийлэх тарилганд хожуу хамрагдсан шалтгаан нөлөөлсөн байдаг. 1972–2005 онд 34 хүн галзуу өвчнөөр нас барсны 44,8 % нь нохойд, 20,6 % нь чононд, 8.8 % нь үнэгэнд уруулсан бол 25,8 % нь шалтгаан тодорхойгүй байгаагийн дээр 52,9 %-ийг нь 16 хүртэлх насны хүүхэд, 58.8 % нь эрэгтэйчүүд эзлэж байна (Адьяасүрэн З., 2007).

Энэ хугацаанд галзуу өвчнөөр өвчилсөн малын 57,5 % нь чоно, зэрлэг амьтад, 9 % нь нохой, 33,4 % нь малаас малд халдварласныг тогтоожээ. Мал эмнэлгийн албан ёсны бүртгэлд мэдээнд 1950–иад оноос тусгагдаж Сүхбаатар аймгийн цөөн суманд бүртгэгдсэн байна.

1960–аад оны эхэн үед Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв, Дундговь, Булган зэрэг аймагт тархсан мэдээ байгаа бөгөөд зөвхөн 1965 онд гэхэд 2175 мал, 232 нохой, махчин амьтад өвчилж үхсэн байна. 1966 оноос галзуу өвчний голомт баруун тийш шилжиж Дундговь, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор зэрэг аймагт өвчлөл нэмэгдсэн байна. 1968 оноос Баян Өлгий, Ховд, Говь Алтай аймагт мэдээлэгдэх болжээ. 1970 оны эхээр галзуугийн голомт ахиад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт идэвхжиж 1970–2005 оны хооронд улсын хэмжээнд 21302 мал галзуугаар өвчилж үхсний 40.9% үхэр, 27.2 % тэмээ, 17 % хонь, 12.1 % ямаа, 2.9 % адуу байсан бөгөөд энэ өвчлөлийн 71.7 % нь 1970–1979 оны хооронд гарчээ. 1980–аад оноос мал, амьтны галзуу өвчний гаралт эрс буурч голомт нь баруун болон хангай бүсийн аймгуудад байх болсон юм. 1966–2005 онд 1311 мал, нохой өвчилж үхсний 25.4 % нь 2001 онд Говь Алтай, Ховд, Увс, Баян Өлгий аймагт оногдож байна.

Галзуу өвчний голомт 2008 оноос баруун талаас төвийн бүсэд шилжиж 2009 он гарсаар Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, баянхонгор 2010 оноос Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймагт идэвхжиж олон тооны мал өвчилж хорогдсон байна. Галзуу өвчний гаралт зөвхөн манай оронд төдийгүй дэлхийн олон оронд идэвхжсэн тухай мэдээлэл байгаа бөгөөд ОХУ – ын Москва хотод гэхэд 2009 онд 257 нохой галзуурсан нь өмнөх онуудынхаас 10 дахин их байна гэж мэдээлжээ.

Галзуу өвчин байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд чоно, үнэг зэрэг зэрлэг махчин амьтдын дунд эргэлдэж байдаг.

Мал амьтдыг галзуу өвчинд маш мэдрэг, мэдрэг, дунд зэргийн мэдрэг, тэсвэртэй гэж хувааж үздэг бөгөөд чоно, үнэг маш мэдрэг амьтдад тооцогддог.

Дорго, өмхий хүрнэ, муур, туулай зэрэг нь мэдрэг бүлэгт үхэр, адуу, тэмээ, нохой, хонь, ямаа дунд зэргийн бүрэгт хамаарагдана.

Д. Отгонбаатар, С. Цоодол (2006) нар Монгол дахь галзуугийн байгалийн голомт, тархвар судлалын хэв шинж нь өөрийн өвөрмөц онцлогийг агуулж байгаа төдийгүй хүний өвчлөлийн эх уурхайн зонхилох хэсгийг буюу 50 орчим хувийг чоно эзлэж байгаа нь өөр ямар ч улс оронд тэмдэглэгдээгүй, давтагдашгүй шинж болохыг дурдсан байдаг.

Мал эмнэлгийн албаны сүүлийн 10 жилийн мэдээнээс дүгнэлт хийхэд манай орны хувьд галзуу өвчний илрэл 3–6 дугаар сард дээд хэмжээнд хүрч байгаа бөгөөд 3 дугаар сард бүх тохиолдлын 30.9 %, 6 дугаар сард 17.5 % гарсан байна. Ер нь өвөл эхлэж хавар болтол үргэлжилж байгаа бөгөөд энэ үе нь зэрлэг махчин амьтдын ороотой давхцаж байгаа юм. Улсын мал эмнэлгийн албаны 1996–2005 оны галзуу өвчний мэдээгээр өвчилж үхсэн зэрлэг махчин амьтдын 41,9% нь 3 дугаар сард, 25,8% нь 5 дугаар сард байжээ.

Галзуугийн хэв шинжит хэлбэрийг номойрлын, хөөрлийн, саажилтын гэсэн гурван үед хуваан үзнэ.

Номойрлын үед мал, амьтны зан авир өөрчлөгдөж тодорхой шалтгаангүйгээр тогтворгүй байдалд орно. Заримдаа гэрэл, дуу чимээнд мэдрэг болж нүдний хүүхэн хараа өөрчлөгдөх, хоол тэжээлдээ дургүй болох, биеийн халуун нэмэгдэх шинж ажиглагдана.

Хөөрлийн үед догшин, түрэмгий, ууртай болох, биеийн халуун нэмэгдэх, олдмол рефлексүүд өөрчлөгдөх, мэдрэл алдах, зажуурын болон залгиурын булчингийн саа, гариг саа болно. Өвчилсөн мал, амьтны шүлс их гоожих ба хүүхэн хараа нарийсах, байн байн шээс алдах, баах ба заримдаа бөөлжих шинж илэрнэ. Эхэндээ амьтны бэлгийн сэрэл өдөөгдөнө. Өвчний шинж тэмдгийн үргэлжлэх хугацаа, тоо нэмэгдэж мэдрэх чадвар нь муудан сульдана.

Саажилтын үед өвдөлт мэдрэхгүй болж залгиур, төвөнх, хэл, нүд, зажуурын булчин саажна. Биеийн халуун буурна. Дараа нь хөлний болон их биеийн булчин саажна. Цусны эргэлтийн болон амьсгалын төв саажснаас болж үхнэ.

Мал, амьтны галзуутай тэмцэх, сэргийлэх арга хэмжээ нь өвөрмөц байна. Галзуу өвчний нийгмийн эрүүл мэндийн холбогдол, өртөгсдийн таагүй тавилан зэрэг өөрийн гэсэн онцлогууд байдаг.  Галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд мал эмнэлгийн алба төдийгүй эрүүлийг хамгаалах, онцгой байдал, байгаль орчин, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг олон байгууллагууд хамтран ажиллана. Мал эмнэлгийн алба нь галзуугийн тархвар судлалын байдал, лабораторийн оношлогоо, урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээ, хүн рүү дайрч довтолсон, гэмтэл учруулсан мал, амьтанд тавих хяналт, сэрэмжлүүлэг, таниулах ажлыг зохион байгуулна. Галзуу байгалийн голомтот өвчин гэдгийг сайтар таниулах шаардлага их байгаа бөгөөд энэ жилийн зудын улмаас хорогдсон малын хүүр сэгнээс болж галзуу гарсан гэж ташаа ойлгох явдал ч байна.

Нохой, муур, зэрлэг амьтдад илүү анхаарал тавих ёстой. Нохой нь галзуугийн вирусын эргэлтийг аяндаа үүсгэх, халдварын эх булаг, тээгч төдийгүй дэлхийн олон оронд суурин газрын галзууг нөхцөлдүүлэгч гэж үздэг. Эзэнтэй нохой, муур 2006 оны байдлаар  зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 47 380 нохой, 872 мууртай гэсэн тоо баримт байна. Галзуугаас сэргийлэх зорилгоор хүн ам төвлөрсөн хот, суурин газар болон малчдын хотны нохойг галзуугаас сэргийлэх вакцинаар тогтмол вакцинжуулахаас гадна муурыг хамруулна. Хот суурин газар байгаа эзэнгүй, золбин нохой, муурыг устгах арга хэмжээг тухайн нутгийн төр, захиргааны байгууллага зохион байгуулж байнга явуулах ёстой. Улаабаатар хотод галзуурсан зэрлэг махчин амьтад орж ирэхгүй гэсэн батлагаа байхгүйг дараах хоёр жишээ батлана. 2008 онд хавар ХУД – т галзуурсан чоно орж ирээд алуулсан бол энэ 3–р сард БЗД–д галзуурсан үнэг 3 айлын хашаа дамжиж ноходтой ноцолдож алуулсан байна. Хот суурин газрын иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюул байгааг дээрх баримтууд харуулж байна.

Хариуцан маллаж байгаа мал, амьтан, нохой, муур нь зэрлэг махчин амьтдад юм уу нохой, мууранд уруулж хазуулсан тохиолдолд харъяалагдах мал эмнэлгийн алба, малын эмчид даруй мэдэгдэж өвчний сэжигтэй юм уу уруулж хазуулсан мал, амьтныг найдвартай ялгаж тусгаарлах ба эрүүл мал, амьтанд сэргийлэх вакцин тариулна.

Малын эмч галзуу өвчний сэжигтэй зэрлэг махчин амьтан, нохойд уруулсан малд нэг бүрчлэн үзлэг хийж сэжигтэй мал бүрийг тусгаарлана. Галзуу хавьтал халдваргүй зөвхөн уруулж хазуулсан мал, амьтан өвчилдөг учир үзлэгийн ач холбогдол их. Үзлэг муу хийж уруулж хазуулсан малыг бүрэн ялгаж чадаагүйгээс өвчин олон сараар үргэлжлэн гарах нөхцөл бүрдэнэ. Өвчний шинж тэмдэг илэрсэн мал, амьтныг шууд устгана.

Малын эмч нар галзуу өвчин оношлогдсон болон мал, амьтан уруулж хазуулсан тохиолдол бүрт тухайн орон нутгийн хүн эмнэлэг юм уу байгалийн голомтот өвчинтэй тэмцэх газарт мэдэгдэнэ. Малчид, иргэдийн дунд вирусээр үүсгэгддэг галзуу өвчнийг сэтгэцийн өвчинтэй хольж хутгах явдал байдаг бөгөөд вирусийн галзуугаар өвчлөөд өвчний шинж тэмдэг илэрсэн бол ямар ч авралгүй, ямар ч эм тариа хэрэг болохгүй гэдгийг онцгой анхаарвал зохино.

Зэрлэг амьтдын сэжигтэй өвчлөл, үхлийн талаархи малчид, иргэдийн мэдээлэл галзуу өвчинтэй тэмцэх, хугацаа алдалгүй илрүүлэхэд чухал үүрэгтэйн дээр байгаль орчин, онцгой байдлын байгууллагууд ч өвчний тархалтыг таслан зогсооход үүрэг гүйцэтгэнэ. Зэрлэг махчин амьтад хүнээс айхгүй, хүн, мал руу дайрч довтлох юм уу үхсэн байвал мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэнэ. Зэрлэг махчин амьтдын дунд галзуу гарч байгаагийн илрэл нь махчин амьтдын хүүр, сэг таарах, өвчтэй юм уу сэжигтэй амьтад айлын хот юм уу мал руу дайрах, хүнээс айхгүй болох мөн мал өвчлөх байдлаар ажиглагдах бөгөөд тухай бүрд нь галзуу мөн эсэхийг магадлаж лабораторийн шинжилгээ хийлгэнэ.

Үхсэн амьтны хүүр сэгтэй харьцахдаа маш хянуур, болгоомжтой харьцана. Зарим гадаадын оронд байгалийн голомттой нутгийн зэрлэг махчин амьтдад өгөөш вакцин байнга хэрэглэж байна. Энэ талаар ч манай эрдэмтэд судлаачид, вакцин үйлдвэрлэгч нар анхаарах хэрэгтэй байгаа юм.

Манай оронд сүүлийн үед чонын тархийг хүний мэдрэлийн гаралтай өвчний үед хэрэглэх явдал нилээд түгээмэл байна. УМЭАЦТЛ–д 2004–2007 онд эмчилгээний зорилгоор хэрэглэх 68 чонын тархи шинжлэхэд 6 буюу 8.8 % нь иммунофлюресценцийн шинжилгээгээр эерэг урвалтай гарч байв (Н. Туяа., нар 2007). Энэ нь ард, иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулга болох ёстой. Хүнийг боддоггүй ашиг хайсан хүмүүс байдаг гэдгийн байнга анхаарч явахад илүүдэхгүй гэж үзэж байна.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.