ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн. Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүсийн хамт энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийлээ.
Тэрээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзахдаа экспортолж буй мах, махан болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцан тохиролцоонд хүрч чаджээ.Тухайлбал, Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийхээр тогтлоо. Тэгэхдээ Монголын экспортлох мах эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангавал нийлүүлж чадах хэмжээгээр импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров хэлсэн байна.
Харин энэ ажлыг эхлүүлэхийн тулд Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С-В ангилалд оруулах, мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг мэдээллийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тогтжээ. Тус улсаас ч манай улсын зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлыг ойрын үед Гаалийн холбооны улсуудтай зөвшилцөн хариуг нь өгнө. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин аттестатчилахаар талууд тохиролцсон байна. Цаашдаа Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтойгоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров онцлоод ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэхээ амласан аж.
Ямартай ч, талууд уулзалтын үеэр Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар шатны хөтөлбөрийг шинэчлэхдээ үйл ажиллагаа, хамрах хүрээг нь тодорхойлох Оросын талын экспертийн багтай энэ оны арваннэгдүгээр сараас хамтран ажиллаж, 2015 оноос хэрэгжүүлэхээр тогтжээ. Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах, тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал зарчмын хувьд дэмжсэн байна. Цаашдаа Европ, Зүүн хойд Азийн улс орнуудаас амьд мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, импортлох үеийн дамжин өнгөрөх хорио цээрийн асуудлаар Оросын талтай хамтран ажиллахаар болов. Уулзалтаар хоёр улсын хөдөө аж ахуйн сайдууд махны экспортоос гадна Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы шинэ сортыг үржүүлэх, нутагшуулах хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллах эхлэлийг тавьж чадлаа. Энэ хүрээнд ч Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургахаар болсон байна.
Мэдээллийн эх сурвалж: Мал Эмнэлэг Үржлийн Газар