Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” (цаашид “үйлдвэрийн газар” гэх) улсын төсөвт үйлдвэрийн газар нь Малын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн мал сүргийн болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг хуулийн этгээд мөн.
1.2. Үйлдвэрийн газар нь Монгол Улсын Иргэний хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
1.3. Үйлдвэрийн газрын өмчлөгч нь төр байна.
1.4. Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Хоёр. Үйлдвэрийн газрын оноосон нэр, оршин
байгаа газар
2.1. Үйлдвэрийн газрын оноосон нэр нь “Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар, товчилсон нэр нь “УМЭАЦТЛ” ТӨҮГ байна.
2.2. Үйлдвэрийн газрын оршин байгаа газар нь: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж.
Гурав. Үйлдвэрийн газрын бэлгэдэл, тэмдэг
3.1. Үйлдвэрийн газар нь бэлгэдэл /эмблем/-тэй байхаас гадна албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэгтэй байна.
3.2 Тэмдэг нь албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлийг баталгаажуулна.
3.3 Тэмдэгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд хадгална.
Дөрөв. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зорилго,чиглэл,
үйл ажиллагаа явуулах хугацаа
4.1. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон Малын эрүүл мэндийн талаар талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд мал, амьтны элдэв өвчин, хордлогыг оношлох, гадаад, дотоодын зах зээлд борлуулах мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон хашаа байр, тэжээл, ус, хөрс, ургамалд ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, баталгаажуулан гэрчилгээ олгох, орон нутгийн мал эмнэлгийн шинжилгээний байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангахад оршино.
4.2. Үйлдвэрийн газар нь дотоод, гадаадын мал эмнэлгийн лабораториудтай сүлжээ байгуулан ажиллаж болох бөгөөд энэхүү дүрэмд заасан үйл ажиллагаагаа сүлжээний лабораториудаар дамжуулан бүрэн буюу хэсэгчлэн хэрэгжүүлж болно.
4.3. Үйлдвэрийн газар нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:
Мал, амьтны гоц халдварт өвчнийг биоаюулгүй нөхцлийн дор оношлох, тандах, дүгнэлт гаргах, оношийг шаардлагатай үед олон улсын лавлагаа лабораториор баталгаажуулах;
Мал, амьтны халдварт, паразиттах, халдваргүй өвчин, хордлогыг оношлох, тандан судлах, мал сүргийг эрүүлжсэний баталгаа гаргах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд лабораторийн аргаар хяналт тавих, малын өвчний гаралтад шалтгаалах гадаад орчны хүчин зүйлийг тогтоох, дүгнэлт гаргах
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрүүл ахуй, ариун цэврийн магадлан шинжилгээ, мал, амьтны эд эрхтэн, тэжээл, үр тариа, хүнсний ногоо, жимс, ус, хөрс, ургамалд биохими, мөөгөнцөр, цацраг, хор судлал, эм, химийн бодисын үлдэгдлийн, бэлчээрийн ургамал, ус, өвс, тэжээл, малын байранд эрүүл ахуйн шинжилгээ хийж үзүүлэлтүүдийг тогтоох, чанарын үнэлгээ өгөх, баталгаажуулах;
Малын өвчний гаралт, тархалт, онош, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйн үзүүлэлтийн талаар холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах, мал, амьтны өвчин, хордлогоос сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэх, сэрэмжлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх;
мал эмнэлгийн лаборатори, мал аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэл, худалдаа, үйлдвэрлэлийн аж ахуйн дэргэдэх лабораторийн шинжлэгч нарт сургах, дадлагажуулах, арга зүйгээр хангах, нарийн мэргэжлийн чиглэлээр богино хугацааны дамжаа, семинар, зөвлөлгөөн зохион байгуулах,
Эрхэлсэн асуудлаар хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухаан, технологийн болон болон технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, судалгаа хийх, бүтээл хэвлүүлэх;
Хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагаа эрхлэх;
4.4. Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
Тав. Үйлдвэрийн газрын үүрэг, эрх
5.1. Үйлдвэрийн газар нь дор дурдсан үүрэгтэй байна. Үүнд:
5.1.1. Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах;
5.1.2. Санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, улсын төсвөөс олгосон санхүүжилтийг батлагдсан хуваарь, зориулалтын дагуу зарцуулах, ажил, үйлчилгээний бүх орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх;
5.1.3. Мал, амьтны гоц халдварт, халдварт, паразиттах, халдваргүй өвчин, хордлогыг улсын хэмжээнд оношлох, тандах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн үзүүлэлтийг тогтоох шинжилгээ, судалгааны ажлыг Монгол улсын болон стандарт болон олон улсын жишиг аргаар шуурхай гүйцэтгэх, дүгнэлт гаргах, тэмцэх арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох, оношлогооны ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах;
5.1.4. мал эмнэлгийн лабораторийн мэргэшсэн боловсон хүчнийг хэтийн чиглэл, бодлоготойгоор бэлтгэх, дадлагажуулах, мэргэшүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх,
5.1.5. лабораторийн ажилтны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг шаардлагын хэмжээнд байлгаж ажиллагсдыг халдвар авах, гадагш халдвар тархахаас сэргийлэн биоаюулгүй ажиллагааны дэглэмийг чанд баримталж ажиллах
5.1.8. үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн маркетинг, менежментийн үр ашигтай, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
5.2. Үйлдвэрийн газар нь дор дурдсан эрхтэй байна.
5.2.1. өөрт олгогдсон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж баталгаажуулан гэрчилгээ олгоход шаардагдах санхүүжилт, төлбөр авах;;
5.2.2. мал, амьтны зарим нэрийн өвчин, хордлогын онош баталгаажуулах, хүнсний эрүүл ахуй, үлдэгдэл бодисыг тодорхойлох эрх бүхий үндэсний лавлагаа лабораторийн эрхтэйгээр ажиллах;
5.2.3. Өвөрмөц онцлогтой бичил биетний өсгөвөр, удамшлын материал, шимэгч хорхойг бүртгэлд авч нарийвчлан судлах, оношийн бэлдмэл (эсрэгтөрөгч, ийлдэс), хяналтын стандарт эерэг, сөрөг дээж бэлтгэх, тэдгээрийг лабораториудын ур чадварыг шалгах болон оношлогоо, тандалтын ажилд ашиглах;
5.2.4. Шинжилгээ, оношлогооны ажил гүйцэтгэх зорилгоор холбогдох байгууллагын тусгаарлагдсан байрыг шаардлагатай үед ашиглах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мал, амьтанд амин сорил, туршилт явуулах;
5.2.4. шаардлагатай техник хэрэгсэл, оношлуур, материалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаад, дотоодын нийлүүлэгчээс гэрээ байгуулан худалдан авч ашиглах, монгол орны өвөрмөц нөхцөлтэй уялдан гардаг өвчнүүдээс сэргийлэх, эмчлэх эм, бэлдмэлийг зохион бүтээх, үйлдвэрлэх, туршин нэвтрүүлэх;
5.2.5. малын элдэв өвчин, лабораторийн оношлогоо, урьдчилан сэргийлэлтийн талаар стандарт, заавар, ном, товхимол, зөвлөмж боловсруулах, орчуулах, батлуулах, хэвлэн нийтлэх, ашиглах;
5.2.6. үйлдвэрийн газар нь үндсэн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бусдад худалдах, шилжүүлэх, түрээслэх, устгах асуудлыг Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар уламжлан Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэх;
5.2.7. Монгол Улсын болон гадаад орны ижил төстэй байгууллагуудтай эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах
Зургаа. Үйлдвэрийн газрын удирдлага
6.1. Үйлдвэрийн газрын захирлыг Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналын дагуу Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
6.2. Үйлдвэрийн газрын дэд захирлыг Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж Үйлдвэрийн газрын захирал томилж, чөлөөлнө.
6.3. Захирал нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль” бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрэм болон Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан “Контрактын ” гэрээнд заасан эрх хэмжээний дотор үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
6.4. Захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй. Үүнд:
6.4.1. Үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод төлөөлөх;
6.4.2. Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, гэрээнд заасан эрх хэмжээ, Төрийн өмчийн хороотой байгуулсан “Өмч эзэмшигчийн гэрээ”-нд заагдсан хүрээнд эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
6.4.3. Үйлдвэрийн газрын стратеги болон бизнес төлөвлөгөө, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хянуулж, Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж биелэлтийг хангах;
6.4.4. Үйлдвэрийн газрын орон тоо, цалингийн санг батлуулж мөрдөх;
6.4.5. Ажилтнуудын цалин хөлсийг ажлын эцсийн үр дүнтэй уялдуулах журмыг хамтын гэрээнд заасны дагуу тогтоох;
6.4.6. Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, лиценз, эрхийн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллах;
6.4.7. Үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг батлаж мөрдөх;
6.4.8. Хөдөлмөрийн дотоод журам, салбарын дүрмийг батлан хэрэгжилтэнд нь хяналт тавих;
6.4.9. Анхан шатны бүртгэл хөтлөлт, ня-бо бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах зэрэг ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг биечлэн хариуцах;
6.4.10. Маргаантай асуудлаар шүүх, арбитрын байгууллагад Үйлдвэрийн газрыг төлөөлөх;
6.4.11. Захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар баталж, биелэлтийг нь зохион байгуулж, үр дүнг тооцох;
6.5. Өдөр тутмын болон шуурхай үйл ажиллагааны талаар захиралд зөвлөх эрх бүхий захирлын зөвлөл ажиллана. Захирлын зөвлөлийн ажиллах журмыг Үйлдвэрийн газрын захирал батална.
6.6. Захирал нь дараахь шалгуурыг хангасан байна. Үүнд:
6.6.1. Малын эмч мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, удирдлагын зохих мэдлэг, дадлага, туршлагатай байх;
6.6.2. Удирдлагын ёс зүйн хэмжээг зөв ойлгож, хэрэгжүүлж чаддаг, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй;
6.6.3. Удирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс уг албан тушаалаасаа өөрчлөгдөж байгаагүй;
6.6.4. Төрийн, хувийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэдэг хүмүүс уг ажлаасаа түдгэлзсэн байх.
6.7. Захирал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
Долоо. Үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтны
хүлээх хариуцлага
7.1. Үйлдвэрийн газрын захирал, ерөнхий эмч, хэлтэс, салбарын дарга, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаал эрхэлдэг этгээдийг эрх бүхий албан тушаалтанд тооцно.
7.2. Эрх бүхий албан тушаалтан нь Үйлдвэрийн газрын дүрэм, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан үүргийг биелүүлж, үйлдвэрийн газрын ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана. Захирлын зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллагын нууц, дотоод мэдээллийг гурав дахь этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.
7.3. Эрх бүхий албан тушаалтан нь санаатайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцана.
Найм. Санхүүгийн тайлан, тэнцэл, бүртгэл
8.1. Үйлдвэрийн газрын тухайн жилийн орлого нь дараахь санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
8.1.1. Улсын төсвийн санхүүжилт
8.1.2. Ажил, үйлчилгээнээс орсон бүх орлого
8.1.3. Олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олох үйлчилгээний орлого
8.1.4. Хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж
8.1.5. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр
8.2. Үйлдвэрийн газрын санхүүгийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
8.3. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланд дараахь зүйлийг тусгана. Үүнд:
8.3.1. Баланс
8.3.2. Орлогын тайлан
8.3.3. Мөнгөн гүйлгээний тайлан
8.3.4. Төсвийн зардлын тайлан
8.3.5. Тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүнгийн хамт
8.3.6. Байгууллага, иргэд, ажилтнаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц
8.4. Үйлдвэрийн газрын санхүү, аж ахуйн хэлтэс, нягтлан бодогч нар хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан зохион байгуулж дүнг гаргах, захирлын зөвлөлд танилцуулан Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
8.5. Төсвийн орлого зарлагын мэдээ, мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн гүйцэтгэлийг улирал, жилээр гаргаж аудитаар баталгаажуулж Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн өмчийн хороо, Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.
8.6. Эд хөрөнгийн дотоодын тооллогыг хугацаанд нь явуулж жилийн тайлан тэнцэлд тусгана.
8.7. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөний төслийг санхүүгийн жил эхлэхээс гурван сарын өмнө гаргаж Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зардлын дээд хязгаарыг батлуулна.
8.8. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө хариуцна.
Ес. Хяналт шалгалт
9.1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтанд тавих хяналт шалгалт нь Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлэх мэргэжлийн хяналт шалгалт, Үйлдвэрийн газрын дотоодын хяналт шалгалтаас бүрдэнэ.
9.2. Үйлдвэрийн газрын захирал нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг удирдах дээд байгууллагын өмнө хариуцна.
9.3. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.
Арав. Үйлдвэрийн газрын бичиг, баримтыг хадгалах
10.1. Үйлдвэрийн газар нь дараахь бичиг баримтыг хадгална.
10.1.1. Үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт, Үйлдвэрийн газрыг байгуулах тухай холбогдох газруудын шийдвэр, тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх лиценз, тусгай зөвшөөрөл, сертификатууд,
10.1.2. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд, түүнд хийгдсэн аудитын дүгнэлт, зөвлөмжүүд,
10.1.3. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн нотлох бичиг баримтууд,
10.1.4. Үйлдвэрлэл, технологи, үйл ажиллагааны холбогдолтой дүрэм, журам, заавар, стандартууд, холбогдох баримт бичгүүд,
10.1.5. Хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан тушаал, шийдвэрүүд,
10.1.6. Бусад ач холбогдол бүхий баримт бичгүүд.
10.2. Дээрх бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг Үйлдвэрийн газрын эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ.
Арван нэг. Үйлдвэрийн газрыг татан буулгах
11.1. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль болон бусад хуульд заагдсан үндэслэл, журмыг баримтална.
Арван хоёр. Бусад
12.1. Энэхүү дүрэм нь Монгол улсын УБЕГ-ын Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.