2013 оноос БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамнаас хамтран Монгол Улсын баруун таван аймаг /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/ -ийн хувьд үхэр, хонины түүхий маханд шүлхийн хоригийг тогтоосон. Тэгвэл энэхүү хоригийг цуцалсан тухай 2015 оны 140 дугаартай албан мэдэгдлийг 12 дугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газрын цахим хуудаст албан ёсоор нийтэлсэн байна.
Түүнчлэн БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамны шинжээчдийн баг өнгөрсөн 10 дугаар сард Монгол улсад хийсэн шүлхийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсын баруун таван аймгаас үхэр, хонины мах БНХАУ-д экспортлохыг зөвшөөрсөн талаар албан мэдэгдэлд дурдсан байна.
Ингэснээр Монгол Улсаас БНХАУ-д үхэр, хонины түүхий мах экспортлоход хоёр улсын мэргэжлийн байгууллагын хооронд протокол байгуулж, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загварыг баталгаажуулсны дараа хоёр талын худалдаа эхлэх боломж нээгдэх юм.