Зам, тээвэр аялал жуулчлалын сайдын 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 70 тоот тушаалын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь хилийн чанад руу болон Монгол Улсын хэмжээнд биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Энэ журмыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мөрдөнө.
1.3 Журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1.3.1 “Биоаюултай илгээмж” гэж илгээгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр хүн, амьтанд өвчин үүсгэгч бичил биетнийг агуулсан дээж материал, омог, хор, генетикийн материалыг илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг хэлнэ.
1.3.2 “Биобэлдмэл” гэж хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд эсээс үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд гаргаж авсан бүтээгдэхүүнийг хэлнэ.
1.3.3 Илгээгч, хүлээн авагч гэж Эрүүл мэнд, Мал эмнэлгийн байгууллагыг хэлнэ.
1.3.4 Тээвэрлэгч гэж Аймаг, нийслэл, орон нутгийн Засаг даргын тамгын газар, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч, Иргэний агаарын тээврийн компаниуд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, автотээврийн байгууллагыг хэлнэ.
1.3.5 Гурван суурьт савлалт гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Халдвартай зүйлс болон оношлогооны дээжүүдийг аюулгүй тээвэрлэх удирдамж”, Олон Улсын савлалтын зааварчилгааны 602, 650 дугаар шаардлагыг хангасан баглаа, боодлыг хэлнэ.
1.4 Баг, сум, тосгоноос аймаг хооронд илгээгчээс хүлээлгэн өгсөн биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тухайн аймаг, нийслэл, орон нутгийн Засаг даргын тамгын газар хариуцан тээвэрлүүлнэ.
1.5 Аймгаас хот хооронд биоаюултай илгээмж, биобэлдмэлийг Иргэний агаарын тээврийн компани, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, автотээврийн байгууллагуудтай байгуулсан илгээмж тээвэрлэх гэрээний үндсэн дээр шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч хариуцан тээвэрлүүлнэ.
1.6 Биоаюултай илгээмжийг хилийн чанадад шинжлүүлэхээр илгээхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Дэлхийн амьтны Эрүүл мэндийн байгууллага (OIE)-аас гаргасан “Халдвартай зүйлс болон оношлогооны дээжүүдийг аюулгүй тээвэрлэх удирдамж”, Дэлхийн шуудан холбооны конвенци (UPU)-ийн холбогдох заалтыг баримтлан тээвэрлүүлнэ.
1.7 Тус журам нь Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай”, “Эмийн тухай хууль“, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Шуудангийн тухай”, “Амьтан, ургамал, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хууль, Дэлхийн шуудан холбооны конвенциуд, бусад холбогдох эрх зүйн баримт бичигт нийцнэ.
1.8 Журмын хэрэгжилтийг хууль хяналтын байгууллага, аймаг, нийслэл, орон нутгийн Засаг даргын тамгын газар, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч зэрэг байгууллагууд хариуцан зохион байгуулна.
1.9 Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд үүсэх аливаа зөрчил, маргааныг 1.7-д зааснаас гадна бусад хууль тогтоомж, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ.
Хоёр. Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэгчид хүлээлгэн өгөх илгээгчийн эрх үүрэг
2.1 Төрийн захиргааны төв, олон улсын болон хууль хяналтын байгууллагаас баталсан хууль, дүрэм, журмын дагуу биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэгчид хүлээлгэн өгөх хүртэлх арга хэмжээг илгээгч хариуцан гүйцэтгэнэ.
2.2 Биоаюултай илгээмж, биобэлдмэлийн боодол, савлалт нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Халдвартай зүйлс болон оношлогооны дээжүүдийг аюулгүй тээвэрлэх удирдамж”, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Савлалтын зааварчилгааны 602, 650 дугаар зааврын шаардлагыг хангасан байна.
2.3 Илгээгч нь энэ журмын 2.2-д зааснаас гадна биоаюултай илгээмж, биобэлдмэлийн боодолд гурван суурьт савлалтын систем, халдвар хамгааллын дүрэм баримтлан ажиллах бөгөөд доорх байдлаар савлан тээвэрлэгчид хүлээлгэн өгнө. Үүнд:
Эхний сав: дээжийг агуулсан, гоожихоос хамгаалсан, ус нэвтрүүлдэггүй “А” гэсэн хаягтай сав. Энэ сав нь эвдэрч гэмтэх тохиолдолд шингэнийг шингээж авах материалаар хангалттай боож ороогдсон байна.
Хоёр дахь сав: Эхний савыг хамгаалах зорилготой бат бөх, ус нэвтрүүлдэггүй, гоожихоос хамгаалагдсан сав. Хэд хэдэн давхар боолт бүхий эхний савыг хоёрдахь саванд байрлуулна. Үүний тулд эхний савыг нэмэлт шингээх материалаар жийрэглэн ороож боосон байна.
Гурав дахь сав: Хоёрдахь савыг тээвэрлэлтийн үед гэмтэх, норохоос хамгаалах зорилготой гаднах саванд хийнэ.
2.4 Илгээгч нь биоаюултай илгээмж, биобэлдмэлийг дүрслэх, ялгах зорилгоор биоаюултай илгээмж, биобэлдмэлийн тухай мэдээлэл бүхий хүснэгт (хүн болон амьтанд нөлөөлдөг, халдвартай эсэхийг тодорхойлсон), таних тэмдэг, дагалдах баримт, бусад мэдээллийг гурав дахь савны гадна наасан байна.
2.5 Биоаюултай илгээмжийг хилийн чанад руу илгээхийн өмнө хүлээн авагч лабораториос импортлох зөвшөөрлийг урьдчилан авч, илгээмжийн гаднах дугтуйд дагалдах бичиг баримтын хамт хийнэ.
2.6 Энэ журмын 5 дугаар зүйлд заасан шаардлагуудыг илгээгч зайлшгүй хангасан байна.
Гурав. Тээвэрлэгчийн хүлээх эрх, үүрэг
3.1 Тээвэрлэгч нь журмын 2.3-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэхгүй байх эрхтэй.
3.2 Илгээгчид тээвэрлэлттэй холбоотой зааварчилгаа, баримт бичгүүдийг бөглөж өгнө.
3.3 Илгээмжийг шуурхай, аюулгүй байдлыг хангасан маршрутаар тээвэрлэхээ илгээгчтэй зөвшилцөн баталгаа өгнө.
3.4 Илгээгчээс тээвэрлүүлэх биоаюултай илгээмж, биобэлдмэлийг хүлээн авч тээвэрлэх үүргийг тээвэрлэгч байгууллага хүлээнэ.
3.5 Тээвэрлэгч нь зам тээврийн осол болон түүнтэй адилтгах бусад осол аюулын үед Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн заалтыг баримталж, галын тусламжийн дуудлага өгөх, илгээгчид энэ тухай мэдэгдэх, ослын аюултай талбайг тэмдэглэн зааглаж гадны хүмүүсийг өртөхөөс хамгаалах, цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг ирэх үед тээж яваа ачааны хор хөнөөлийн талаар таниулах үүргийг хүлээнэ.
Дөрөв. Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх
4.1 Аюулгүй тээвэрлэлтийн нөхцөл нь олон улсын тээвэрлэлтийн адил бөгөөд материалын боодол хаяж гээгдэхээргүйгээр тээвэрлэлтийн зөв горимыг хангасан байна.
4.2 Биобэлдмэлийг яаралтай хүргэх зорилгоор буухиа зэрэглэлийн шуудангаар илгээж болно.
4.3 Тээвэрлэгдэх биоаюултай илгээмжийн халдварын аюулын зэрэг, тээвэрлэлтийн онцлог (температур, хагарч гэмтэх, чийг уснаас хамгаалах)-ийг харуулсан тусгай тэмдэг (биоаюулгүйн тэмдэг) зэргийг илгээгч нь ховхорч унахааргүй наасан байна.
4.4 Биоаюултай илгээмжийг тээвэрлэгч байгууллагуудад хүлээлгэн өгөхөөс өмнө уг илгээмжийн биоаюулгүй байдал, тэдгээрийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийг Эрүүл мэнд, Мал эмнэлгийн холбогдох байгууллага хариуцна.
4.5 Биоаюултай илгээмжийг хилийн чанад дахь лабораторид шинжлүүлэхээр явуулахдаа хилээр нэвтрэхэд шаардагдах бичиг баримтын иж бүрдлийг илгээгч хариуцан гүйцэтгэнэ.
4.6 Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хууль, хяналтын байгууллагууд хариуцан хэрэгжүүлнэ.
4.7 Биоаюултай илгээмж, биобэлдмэлийн тээвэрлэлт, бүрэн бүтэн байдал, нууцлалыг илгээгч, тээвэрлэгч, хяналтын байгууллагууд хариуцна.
Тав. Биоаюултай илгээмж, биобэлдмэлд тавигдах шаардлагууд
5.1 Гурван суурьт савлалтын системийг дараахь нэмэлт тодорхойлолт, шошгын шаардлагуудын хамт хэрэглэнэ. Эхний савны багтаамж дээд тал нь 500 мл байх ба нийт багтаамж нь гаднах боолтын дотор 4 литрээс ихгүй байна.
5.2 Тээвэрлэх биоаюултай илгээмжийн гаднах боодол дахь хаягийн шошго нь дараахь мэдээллийг агуулсан байна. Үүнд:
Илгээгч болон хүлээн авагчийн нэр, хаяг, утасны дугаар
Осол аваар гарах, эвдэрч гэмтэх үед яаралтай холбоо барих эрүүл мэндийн эрх бүхий байгууллага, хариуцлагатны нэр хаяг, утасны дугаар
Тээвэрлэгчийн нэр, хаяг, утасны дугаар
Дээжийн нэр
Баглаа, боодлын зааварчилгааны 650-ийн шаардлагыг хангасан гэсэн мэдүүлэг
Огноо
5.3 Тээвэрлэгчийн мэдвэл зохих тээвэрлэлтэнд шаардлагатай баримт бичгийг гадна талын баглаа боодол дээр наасан байна.
5.4 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу тээвэрлэлтийн явцад асгарвал шингээх материал, хлорын ариутгах уусмалыг шүршигчийн хамт, гоожихоос хамгаалсан уут, ариутгасан амны хаалт, резинэн бээлий, ус нэвтэрдэггүй цаас, галын хор зэргийг илгээгч нь биоаюултай илгээмж, биобэлдмэлийн хамт тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.
5.5 Баглаа, боодол нь дотор агуулагдах зүйлийг ямар ч тохиолдолд гадагшаа алдагдахгүй байх, тээвэрлэлтийн жирийн нөхцөлд төдийгүй доргилт, температур, чийг, даралтын өөрчлөлтөөс сэргийлж чадахуйц байхаар аюулгүй байдлыг илгээгч хангасан байна.