ОХУ-ын Эрхүү мужид 2017 оны 3-р сарын 27-нд Гахайн африк мялзан оношлогдсон байна. Энэ өвчин ОХУ-д анх 2007 онд оношлогдож өнөөг хүртэл тус улсын 34 мужид тархаад байгаа бөгөөд нийт 677 тохиолдол бүртгэгдсэнээс гэрийн тэжээвэр гахайд 340, зэрлэг гахайд 299 тохиолдол байгааг ОХУ-ын “Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын алба”-аас мэдээлээд байна.
Зураг 1. Эрхүү мужид оношлогдсон ГАМ-н голомт Монгол улсын хилээс 170 км-т байна
Зураг 2. Эрхүү мужид оношлогдсон ГАМ-н зураглал -27/03/207 ДМАЭМБ
Манай орны хувьд: УМЭАЦТЛ болон аймгийн МЭАЦЛ-ийн мэргэжилтнүүд хамтран 2010 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр төвийн бүсийн болон гахай аж ахуй хөгжиж буй аймгуудад гахайн сонгомол мялзан, гахайн үржил амьсгалын замын хам шинж, гахайн африк мялзан зэрэг 7-10 өвчний ийлдсийн тандалт хийгдэж байна. Тухайлбал:
- 2010 онд Улаанбаатар хотын 5 дүүрэг, 1 сумын нийт 260 ийлдэс
- 2014 онд Улаанбаатар хотын 5 дүүрэг, 4 аймгийн нийт 696 ийлдэс
- 2015 онд Улаанбаатар хотын 5 дүүрэг, 5 аймгийн 19 сумын нийт 702 ийлдсийн дээжинд мөн УМЭАЦТЛ-д шинжлэгдэж буй гахайн эмгэгт эд, цусны ийлдсийн дээжинд ялгаварлан оношлох зорилгоор гахайн африк мялзангийн шинжилгээ хийгдэх зэргээр давхар оношлогоо, тандалтын ажил хийгдсээр байна.
Гахайн африк мялзан урьд өмнө манай оронд гарч байгаагүй ч хойд хөрш (ОХУ)-д Монголын хилд ойр (170 км) оношлогдсон нь гахайн аж ахуй эрхлэгчид болон гахай малалддаг иргэдэд сэрэмжлүүлэг, өвчний талаар мэдлэг, мэдээлэл олгох шаардлага тулгарч байгааг харуулав.
УМЭАЦТЛ-д уг өвчний үед ашиглах 3 төрлийн оношлуур, ялгаварлан оношлох өвчний арга зүй, цомог, хяналтыг нөөцлөн бэлэн байдлыг хангаад байна.
Зураг 3. Манай улсын гахай олноор төвлөрсөн хот, аймгууд.
Гахайн африк мялзан өвчин
Гахайн африк мялзан (ГАМ) нь хавьтлын замаар халдварлаж, өндөр халуурах, эд, эрхтнүүдэд үхжилт үрэвслийн голомтууд үүсгэн өвчлүүлдэг вирусын хурц халдварт өвчин юм. ГАМ-н үүсгэгч нь ДНХ агуулсан Асфавиридэе язгуурын Асфивирус төрлийн олон хэвшилт вирусээр үүсгэгддэг. 1903 оны үед өмнөд Африкт уг өвчний шинж тэмдэгтэй адил төстэй өвчлөлийн тухай анхлан мэдээлэгдэж байжээ. Халдвар авсан гахай ихэвчлэн толгой дараалан үхэх бөгөөд 1957 онд Европд анх оношлогдож байв.
Үүсгэгч вирус нь гадаад орчинд нилээд тэсвэртэй газрын хөрс, сэг зэмэнд 4 сар, мах, баас, гахайн байр, намаг балчигт 6 сар орчим идэвхтэй хэвээр хадгалагддаг. Бага температурт өндөр тэсвэртэй, харин 56̊С-д 120 минутын дотор идэвхээ алдана. Өвчин улирал хамаарахгүй гарч болох ба бүх насны гахайг өвчлүүлнэ. Үүсгэгчийг ялаа, махчин шувуу, чоно, нохой дамжуулдаг. Халдварын эх уурхай нь өвчтэй болон өвчилж эдгэрсэн вирус тээгч/2-4 жил/ гахай юм.
ГАМ хэт цочмог, хурц, хурцавтар, архаг хэлбэрээр өвчлүүлнэ. Хэт цочмог хэлбэрийн үед бараг шинж тэмдэг үзүүлэхгүйгээр үхнэ. Хурцавтар хэлбэрийн нууц үе голдуу 3-15 хоног байх ба 15-45 хоногийн дотор үхэл 30-70%-д хүрнэ. Хурц хэлбэрийн өвчлөлийн нууц үе 3-4 хоног байж 6-13 хоног эсвэл 20 гаруй хоноод 100% үхлээр төгсдөг. Архаг хэлбэрийн үед гахай сэлгэмэл халуурах, турах, амьсгалын тоо олшрох, үнхэлцэг үрэвсэх, арьсан дээр үхжлийн голомтууд бий болж доголох шинж тэмдэг үзүүлнэ. Өвчлөл 2-15 сар үргэлжлэх ба үхэл багатай төгсөх боловч аль ч хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн ч тээгч болох аюулыг дагуулдаг.
Өвчний үед нүдний зовхи хавдах, нүдний салт бүрхүүл үрэвсэж нуух гоожих, ханиах, амьсгаа давхцах, цусны хольцтой баах, салст бүрхүүлүүд хөх туяатай болж хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Үхсэний дараа хүүр богино хугцаанд хөшиж, цээж хэвлийн хөндийд цусархаг шингэн их хэмжээгээр хуримтлагдана. Ихэнх тохиолдолд үхсэн гахайн дэлүү 2-3 дахин томорсон байдаг. Гахайн сонгомол мялзангийн нэгэн адил бөөрний бүрхүүл хальсны дор цэг маягийн цус харвалт үүснэ.
ГАМ-г гахайн сонгомол мялзангаас ялгаварлан оношлох төвөгтэй. Гахайн үржил амьсгалын замын хам шинж, Эриспилазиоз, салмонеллёз, Ауэскийн өвчин(хуурамч галзуу), цусан халдварт зэргээс лабораторид тохирох дээжийг илгээж ялгаварлан оношлох шаардлагатай.
Өвчний эхний шатанд лабораторийн шинжилгээнд бүлэгнээгүй цус, бөөр, дэлүү, лимфийн булчирхай, гүйлсэн булчирхай авч 4̊ С-д аль болох богино хугацаанд тээвэрлэж лабораторид хүргүүлнэ. Ийлдсийн шинжилгээнд зориулж халдвар авснаас хойш 8-21 хоногийн дотор цус авна.
Уг өвчний халдвартай улс орноос амьд гахай, тэжээл, гахайн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд импортлохыг хориглоно. ГАМ нь эмчилгээ байхгүй голомтолсон аж ахуйн гахайг бүрэн устгаж эрүүлжүүлнэ.