Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2017 оны 08-р сарын 7-17-ны хооронд ажиллав. Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байх Их нартын байгалийн нөөц газарт байгаа махчин шувуу болох тас шувууны нийт 50-н ангаахайд (90-120 хоногтой) үзлэг шинжилгээ хийж лабораторийн шинжилгээнд зориулан шаардлагатай дээж материалыг авах таг болон бөгж зүүх, биеийн үндсэн хэмжилтүүдийг хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэв. Ангаахайны биеийн жин дунджаар 9 кг, нэг талын далавчны урт 130 см, толгойн урт 150 мм, хөлийн урт 50 см, цээжний тойрог 65 см, биеийн халуун 102,7 F, амьсгалын тоо 40, зүрхний цохилт 110-150 байна. Тас нь үүрээ өндөр хадан дээр эсвэл өндөр модон дээр засдаг учраас үүрэн дээр нь гарч ангаахайг барьж аваад уутанд хийж бууж ирсэн ба хамгийн түрүүнд биеийн халууныг үзэж дараагаар нь амьсгалын тоо, зүрхний цохилтыг тоолсон. Түүний дараа биеийн хэмжилтүүдийг хийх, таглах, бөгж зүүх, цусны дээж, амны болон анусны арчдас, өдний дээж авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.Бүх ажил дууссаны дараа дахин биеийн халуун, амьсгалын тоо, зүрхний цохилтыг хэмжиж ангаахайг үүрэнд нь буцааж тавилаа. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд 1 ангаахайд 15-25 минут зарцуулсан.
Их нартын байгалийн нөөц газарт бороо их орсны улмаас модон дээрх шувууны үүр нурж унасан байсан. Үүний улмаас шувууны ангаахайд нүүрлэх эрсдэл өндөр байсан ба 4-н тасын ангаахай үүрэндээ даруулж үхсэн тохиолдолтой таарсан.
Тасын ангаахайнаас хүнд металлын шинжилгээнд зориулан цусны дээж 36, өдний дээж 20, томуу болон ньюкаслийн өвчнийг тандах шинжилгээнд зориулан амны хөндий, анусны арчдас, ийлдэсний нийт 93 дээж авсан.