Ихэрлүүлэх хөтөлбөрийн тухай
УМЭАЦТЛ нь ДАЭМБ-ын санхүүжилтээр Япон улсын үндэсний шүлхий өвчин судлалын хүрээлэнтэй хамтран “ИХЭРЛҮҮЛЭХ” хөтөлбөрийг 2016-2018 оны хооронд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 2016, 2017 онд шүлхийн хээрийн омгоос ялгаж авсан вирусыг туршилтын үхэр, ямаа, гахайд халдааж эмнэлзүйн шинж тэмдгийг үе шатаар нь илрүүлэх, вирус гадагшлах хугацааг тооцох, эсийн өсгөвөр бэлтгэх, вакцин болон омгийн нийцэл шалгах вирус саармагжуулах урвалын арга зүй эзэмшүүлэх сургалтанд УМЭАЦТЛ -ийн шинжлэгч эмч Ө.Гэрэлмаа, М.Одончимэг, Х.Буянтогтох, Сүхбаатар аймгийн МЭАЦЛ-ийн шинжлэгч эмч Ц.Энхбаатар нарыг Япон улсын тус хүрээлэнд тус бүр 45 хоногийн хугацаатай сургав. Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд “Малын гоц халдварт шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, түүний үе шат (үлхийрэх үе шат), оношлогоо, вакцин, халдваргүйтгэл болон тэмцэх арга хэмжээ бүхий цогц систем бүрдүүлэх” болон “Гэрийн тэжээвэр мал амьтанд эмгэг эд судлалын задлан шинжилгээ хийх, хил дамжин халдварладаг зарим өвчний эмнэлзүй, эмгэг хувирал” сэдэвт сургалтуудыг Япон улсаас шүлхий судлагч, эмгэг судлаач нарын 5 мэргэжилтэн ирж УМЭАЦТЛ-д тус бүр 3-5 хоног, Дорнод, Дорноговь аймгийн МЭАЦЛ-д тус бүр 7 хоногийн сургалтыг зохион байгуулсан ба энэхүү сургалтанд 17 аймаг, сум, нийслэлийн лабораторийн шинжлэгч эмч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч-малын эмч, хувийн хэвшлийн малын эмч бүхий нийт 102 оролцогчдыг хамруулж аргазүйн удирдлагаар хангав.
Дараагийн ээлжит шүлхий өвчний мэдлэг олгох сургалтыг 2018 оны 6-р сард баруун болон төвийн бүсийн малын эмч, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулан явуулахаар хөтөлбөрт тусгасан ба сургалтыг УМЭАЦТЛ болон Хөвсгөл аймгийн МЭАЦЛ-т тус тус явуулахаар төлөвлөж байна.