УМЭАЦТЛаборатори нь 2017-2019 оны хооронд ДМАЭМБ-ын лавлагаа лаборатори болох Англи улсын Пирбрайтын хүрээлэнтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд “Малын гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх арга хэмжээг сайжруулах, түүнд нөлөөх хүчин зүйлүүдийг судлах” ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд “Монгол орны шүлхий өвчинтэй тэмцэх бодлого, стратегид уг өвчинтэй тэмцэх арга хэмжээний нийгэм-эдийн засгийн үр нөлөөг харгалзах нь” сэдэвт уулзалт, семинарыг 2019 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Хэнтий аймагт, 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Семинарын үеэр “2017 онд шүлхий өвчин гарсан 8 аймгийн малчдын амьжиргаа, нийгэм-эдийн засаг дахь шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний нөлөөлөл” судалгааны ажлын үр дүнг танилцуулсан ба ХХААХҮЯам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн болон судалгаанд хамрагдсан 8 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, албадын дарга, лабораторийн эрхлэгч, хувийн мал эмнэлгийн эмч, малчдын төлөөллөөс оролцуулж хэлэлцүүлэг хийлээ. Түүнчлэн вакциныг үнэлэх аргууд, вакцинжуулалтын үр дүнд дүн шинжилгээ хийх, тандалтын дээжийн тоог тооцоолох арга зэрэг олон талт мэдээллийг оролцогчдод хүргэлээ.