Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайдын 2020 оны А-303 дугаар тушаалын хавсралт
МАЛ ЭМНЭЛГИЙН СҮЛЖЭЭ
ЛАБОРАТОРИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мал, амьтны өвчний оношилгоо, тандалт, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, үлдэгдлийн шинжилгээ хийх эрх бүхий өмчийн бүх хэлбэрийн мал эмнэлгийн лаборатори /цаашид “сүлжээ лаборатори” гэх/-ийн хоорондын харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго нь оршино.
1.2. Энэхүү журмыг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын мал эмнэлгийн лаборатори, тэдгээрээр үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээд, малын эмч, мал эмнэлгийн улсын байцаагч дагаж мөрдөнө.
Хоёр. Мал эмнэлгийн сүлжээ лаборатори, түүний хамрах хүрээ
2.1. Мал эмнэлгийн сүлжээ лабораторид мал, амьтны өвчнийг оношлох, тандах, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, үлдэгдлийн шинжилгээ, сорил, баталгаажуулалт хийх чиг үүрэг бүхий аймаг, нийслэл, сум, дүүргийн лаборатори хамрагдана.
2.2. Чиг үүргээр нь мал, амьтны өвчнийг оношлох, судлах, тандалт шинжилгээ хийх болон мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, үлдэгдлийн шинжилгээ, сорил, баталгаажуулалт хийх, үйл ажиллагааны хамрах хүрээгээр нь үндэсний, бүсийн, аймаг, нийслэлийн, сум, дүүргийн, аж ахуйн нэгж, байгууллагын; өмчийн хэлбэрээр нь төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэж ангилна.
2.3. Мал эмнэлгийн лаборатори нь оношилгоо, тандалт, судалгаа хийх болон мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, үлдэгдлийн шинжилгээ, сорил, баталгаажуулалт хийх чиглэлээр хосолсон, эсвэл аль нэг чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж болно.
2.4. Сүлжээ лабораторийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нэгдсэн удирдлагаар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори мэргэжил, арга зүйгээр тус тус хангаж ажиллана.
Гурав. Сүлжээ лабораторийн үйл ажиллагаа
3.1. Мал эмнэлгийн сүлжээ лабораториуд нь мал эмнэлгийн лабораторийн цахим мэдээллийн нэгдсэн системд оношилгоо, тандалт, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, үлдэгдлийн шинжилгээ, сорил, баталгаажуулалтын мэдээллийг тухай бүр бүртгэнэ.
3.2. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн баталгаажуулсан оношлуур, эм урвалж, цомог, шинжилгээний стандарт, стандарт ажиллагааны заавруудыг ашиглан шинжилгээ, сорил, баталгаажуулалт хийнэ.
3.3. Лабораторийн сайн дадал, зохих стандартыг сүлжээ лабораториудад үе шаттайгаар нэвтрүүлнэ.
3.4. Лабораторийн шинжилгээний бүх түвшинд биоаюулгүй ажиллагаа, биохамгааллын зааврыг мөрдөж ажиллана.
3.5. Оношилгоо, тандалт, магадлан шинжилгээ, сорил, баталгаажуулалтын үр дүнгийн үнэн зөвийг шинжилгээ хийсэн лаборатори бүрэн хариуцаж, хараат бусаар ажиллана.
3.6. Сүлжээ лаборатори нь дээд шатны лабораторид улирал тутам харьцуулалтын сорьц илгээн шинжлүүлнэ.
3.7. Лабораторийн ур чадварын сорилд жилд 2-оос доошгүй удаа хамрагдана.
3.8. Баталгаажуулах шинжилгээг доод шатны лабораторийн шинжилсэн аргаар болон олон улсын байгууллагын зөвлөмжилсөн мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй аргаар тус тус гүйцэтгэнэ.
3.9. Энэхүү журмын 3.8-д зааснаар хийсэн баталгаажуулах шинжилгээний үр дүн зөрсөн тохиолдолд нэг лабораторид нэг арга зүй ашиглан хоёр лабораторийн шинжээч зэрэгцээгээр шинжилгээг гүйцэтгэж шийдвэрлэнэ.
3.10. Сүлжээ лаборатори нь оношилгоо, тандалт, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, үлдэгдлийн шинжилгээ, сорил, баталгаажуулалтын жилийн ажлын тайланг 12 дугаар сарын 15-ны дотор харьяалах дээд шатны лабораторид албан бичгээр хүргүүлнэ.
Дөрөв. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
4.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.1.1. Мал эмнэлгийн бүх шатны лабораторийг сүлжээгээр ажиллуулах, нэгдсэн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;
4.1.2. Олон улсын болон бүс нутгийн төвшинд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг хүлээн зөвшөөрүүлэх, итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.1.3. Сүлжээ лабораторийг чадавхижуулах, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, аргачлалыг итгэмжлэгдсэн лабораторид мөрдүүлэх, итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, лабораторийн шинжээчдийг давтан сургах, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.1.4. Сум, дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй лабораторийн чадавхийг бэхжүүлэх, шинжээчдийг давтан сургах, мэргэшүүлэх, шинжилгээний хүрээг өргөтгөх, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.1.5. Сүлжээ лабораторийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
4.1.6. Сүлжээ лабораторийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын чиглэлийг тодорхойлох, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрт хамруулах;
4.1.7. Төрийн өмчийн лабораторийн тариф, нормативын мөрдөлт, орлого төвлөрүүлэлтэд хяналт тавих.
Тав. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн бүрэн эрх
5.1. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5.1.1. Сүлжээ лабораторийн хэмжээнд оношилгоо, шинжилгээ, тандалт судалгааны нэгдсэн арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийг чадавхижуулах, заавар зөвлөмжөөр хангах;
5.1.2. Сүлжээ лабораториудад стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, арга аргачлалыг нэвтрүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
5.1.3. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр сэжигтэй болон эерэг үр дүн үзүүлсэн сорьцыг тухай бүр шинжлэн баталгаажуулах, шинжилгээний хариуг шуурхай хүргүүлэх;
5.1.4. Экспорт, импортын зориулалттай мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, эмийн үлдэгдлийн шинжилгээ хийх;
5.1.5. Монгол улсын нутаг дэвсгэрт урьд өмнө нь гарч байгаагүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулахуйц, онош тодорхойгүй өвчин, эмийн үлдэгдлийн шинжилгээ, байгаль орчноос шалтгаалсан болон хордлогот өвчин, шимэгчтэх өвчнийг оношлох, оношийг баталгаажуулах;
5.1.6. Оношилгоо, тандалт, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, эмийн үлдэгдлийн шинжилгээ, сорил, баталгаажуулалтын хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын эхний 7 хоногт, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сард багтаан Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахимаар болон албан бичгээр хүргүүлэх.
5.1.7. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг сүлжээ лабораторийн нэгдсэн мэдээ, тайлангаар шуурхай хангах;
5.1.8. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношлуур, эм урвалж, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн дараа оны захиалгыг авч, дүн шинжилгээ хийж, нэгдсэн захиалгыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулагад эхний хагас жилд багтаан хүргүүлэх;
5.1.9. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийн үйл ажиллагаанд батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу хоёр жил тутамд үнэлгээ хийж, энэхүү журмын 6.1.10-д заасан тайлантай нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах, шийдвэрлүүлэх;
5.1.10. Мал, амьтны гоц халдварт өвчний оношийг дэлхий, бүс нутгийн лавлагаа лабораторид сорьц илгээн баталгаажуулах, шинжилгээний дүнг хүлээн авсан даруйд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулах;
5.2.11. Оношилгоонд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын "Лабораторийн шинжилгээний гарын авлага"-д малын өвчин тус бүрээр заасан "үндсэн" эсхүл түүнийг "орлуулах" аргыг баримтлах;
5.2.12. Онош баталгаажуулахдаа сорьц авах, хүргэх үйл ажиллагааг холбогдох журам, стандарт, стандарт ажиллагааны зааврын дагуу хэрэгжүүлэх, тээвэрлэх;
5.2.13. Монгол улсын хэмжээнд ашиглах оношлуур, цомог, эм, урвалжийг баталгаажуулах, шинжилгээ хийхдээ үндэсний, олон улсын лавлагаа омог, эерэг, сөрөг хяналтын сорьц ашиглах;
5.2.14. Өвчнийг оношлох, баталгаажуулах шинжилгээний сорьц шаардлага хангахгүй, эсхүл дахин сорьц авах шаардлага гарсан тохиолдолд сорьц, нэмэлт мэдээллийг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газраас шаардаж авах;
5.2.15. Сорьцыг холбогдох зааврын дагуу биоаюулгүйн шаардлагад нийцүүлэн хадгалах, өөр байгууллагад шилжүүлэх, эсхүл устгах;
Зургаа. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн бүрэн эрх
6.1. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллагын дарга харьяа нутаг дэвсгэрт сүлжээ лабораторийн журмын хэрэгжилтийг хангуулах талаар мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, үр дүнг тооцох;
6.1.2. Харьяа мал эмнэлгийн лабораторийн бүртгэл хөтөлж, тэдгээрийг мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, зөвлөмж өгөх;
6.1.3. Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг энэхүү журмын 8.1-т заасан бичиг баримтын дагуу хянан үзэж, сүлжээнд нэгдэн орсныг баталгаажуулах;
6.1.4. Харьяа сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт гаргасан лабораторид стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, аргачлалыг мөрдүүлэх, лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, итгэмжлэлийн хүрээнд санал өгөх;
6.1.5. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-08 дугаар тушаалаар баталсан “Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын лабораторид нэгдсэн индекс дугаар олгох, шинжилгээний хүрээ тогтоох, өргөтгөх;
6.1.6. Шаардлагатай тохиолдолд сум, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр сэжигтэй болон эерэг үр дүн үзүүлсэн сорьцыг тухай бүр баталгаажуулах;
6.1.7. Харьяа нутаг дэвсгэрт мал, амьтны халдварт, шимэгчтэх, халдваргүй өвчний онош тогтоох, экспорт, импортын зориулалттай болон дотоодын мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд баталгаажуулалтын шинжилгээ хийх;
6.1.8. Харьяа доод шатны лабораторид хийгдсэн шинжилгээний дүн, мэдээ тайланг нягтлах, үнэлгээ өгөх, шинжилгээний арга зүй, лабораторийн үйл ажиллагааны стандарт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангах;
6.1.9. Харьяа доод шатны лабораторитой жил бүр гэрээ байгуулж, үр дүнг тооцох;
6.1.10. Харьяа лабораторийн улирал, хагас жил, жилийн эцсийн үйл ажиллагааны нэгдсэн тайланг дээд шатны лабораторид хүргүүлэх;
6.1.11. Харьяа мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаанд батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу үйл ажиллагааны үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дээд шатны лабораторид тухайн жилдээ багтаан хүргүүлэх, шийдвэрлэх;
6.1.12. Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар болон ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А-34 дүгээр тушаалаар баталсан мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний онош, тэдгээрийн тандалт шинжилгээний сэжигтэй болон эерэг сорьцыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид тухай бүр илгээн үр дүнг баталгаажуулах;
6.1.13. Оношилгоо, тандалт, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, үлдэгдлийн шинжилгээ, сорил, баталгаажуулалтын жилийн ажлын тайланг 12 дугаар сарын сүүлийн 7 хоногт багтаан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид цаасаар болон цахимаар албан бичгээр хүргүүлэх;
Долоо. Сум, дүүрэг, аж ахуй нэгжийн мал эмнэлгийн лабораторийн бүрэн эрх
7.1. Сум дүүргийн аж ахуйн нэгжийн мал эмнэлгийн лаборатори дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. Үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг, хариуцлагыг тусгасан дүрмийн дагуу стандарт, ур чадварын шаардлага хангах;
7.1.2. Хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлгийн лаборатори нь удирдлага, санхүү, зохион байгуулалтын хувьд үйлдвэрлэгч, борлуулагч, санхүүжүүлэгч байгууллагаас хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулах;
7.1.3. Үйлдвэр болон сүлжээ дэлгүүрийн дэргэдэх мал эмнэлгийн лаборатори нь сүлжээ лабораторийн нэг хэсэг байх ба зөвхөн тухайн байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториос мэргэжил, арга зүйн удирдлагаар хангагдах;
7.1.4. Энэхүү журмын 7.1.2 болон 7.1.3-д заасан лаборатори нь аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториос шинжилгээний хүрээг тогтоолгох ба лабораторийн үнэлгээ, ур чадварын сорил, харьцуулалтад хамрагдаж, үр дүнг тайлагнах;
7.1.5. Сүлжээ лаборатори нь шинжилгээний стандарт, стандарт ажиллагааны зааврын дагуу шинжилгээ хийх ба баяжуулах;
7.1.6. Мал эмнэлгийн лабораторийн цахим сүлжээнд заавал холбогдож мал эмнэлгийн гэрчилгээ, шинжилгээ мэдээллийг бүртгэх, шинжилгээний протокол, сорьц авсан, шинжилсэн, устгасан журнал, бүртгэлийг тухай бүр хөтлөх, архивын нэгж бүрдүүлэх;
7.1.7. Шинжилгээний үр дүнгийн баталгаат байдлыг бүрэн хариуцаж, үр дүнг хэвлэмэл хуудсанд шинжээч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулах;
7.1.8. Сум, дүүрэгт мал эмнэлгийн лабораторийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд дундаа байгуулж болно;
7.1.9. Энэхүү журмын 7.1.8-д заасан лаборатори нь тус журмын 7.1.10-д зааснаас гадна орон нутгийн хэмжээнд хийгдэх халдварт өвчингүй, тайван байдлыг нотлох, хадгалах тандалт шинжилгээ, халдваргүй болон хордлогот өвчин, шимэгчтэх өвчний оношилгоо шинжилгээг гүйцэтгэж болно;
7.1.10. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч болон сум дүүрэг, аж ахуйн нэгжийн лабораторийн шинжээч нь Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнээс сорьц авч шинжлэх;
7.1.11. Энэхүү журмын 7.1.10-д заасны дагуу хийсэн шинжилгээний үр дүнг мал эмнэлгийн гэрчилгээнд хавсаргах;
7.1.12. Сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын мал эмнэлгийн лаборатори нь харьяа нутаг дэвсгэр, байгууллагын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийг батлагдсан заавар, журмын дагуу хэрэгжүүлэх;
7.1.13. Лабораторийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нь тухайн лабораторийн шинжээчийг сургах, мэргэшүүлэх;
7.1.14. Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-34 дүгээр тушаалаар баталсан мал, амьтны халдварт, гоц халдварт өвчний сорьцыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторид тухай бүр илгээн шинжлүүлэх;
7.1.15. Лабораторийн ажил, үйлчилгээний холбогдолтой баримт бичиг, улирал, хагас жил, жилийн эцсийн мэдээ, тайланг Монгол Улсын Архивын тухай болон холбогдох бусад хууль, тогтоомж, стандартын дагуу хадгалах.
Найм. Мал эмнэлгийн сүлжээний хувийн хэвшлийн лаборатори байгуулахад бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл.
8.1. Мал эмнэлгийн лаборатори шинээр байгуулсан аж ахуйн нэгжүүд лабораторийн сүлжээнд нэгдэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж харьяа аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт ирүүлнэ. Үүнд:
8.1.1.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүсэлт албан бичгээр;
8.1.2.Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лабораторийн дүрмийн хуулбар;
8.1.3.Лабораторийн техникийн нөхцөлийн танилцуулга;
8.1.4.Ажиллах боловсон хүчний танилцуулга, диплом, итгэмжлэлийн хуулбар;
8.1.5.Шинжилгээний хүрээний төсөл;
8.1.6.Шинжилгээний стандарт, стандарт ажиллагааны зааврын жагсаалт;
8.1.7.Байр түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээний хуулбар;
8.1.8.Сум, дүүргийн мал эмнэлгийн лаборатори нь хүсэлтээ Мал эмнэлгийн тасгаар дамжуулан гаргана.
Ес. Сүлжээ лабораторийн санхүүжилт
9.1. Сүлжээ лаборатори дахь төрийн өмчийн лаборатори /УМЭАЦТЛ, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори/-ийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх ба батлагдсан норматив, тарифын дагуу төлбөр авч, улсын төсөвт төвлөрүүлэх;
9.2. Сум, дүүргийн мал эмнэлгийн лабораторид хийгдэх орон нутгийн халдварт өвчингүй, тайван байдлыг нотлох, хадгалах тандалт шинжилгээ хийхэд хэрэглэгдэх эм урвалж, хэрэглэгдэхүүний зардлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.2, 34.2.2.1, 33.1.3-д заасантай нийцүүлэн улс, орон нутгийн төсвөөс;
9.3. Мал, амьтны өвчнийг оношлох, онош баталгаажуулах шинжилгээ, шинжилгээнд хэрэглэгдэх эм урвалж, хэрэглэгдэхүүний зардлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.2, 34.2.2.1, 33.1.3-д заасантай нийцүүлэн улс, орон нутгийн төсвөөс;
9.4. Мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээний төлбөрийг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж хариуцна.
Арав. Хариуцлага.
10.1. Энэхүү журмыг зөрчсөн хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----o0o----