• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Дэлхий дахинд галзуу өвчний өнөөгийн байдал


        Дэлхийн 150 гаруй оронд  галзуу өвчний улмаас жил бүр 59,000 гаруй хүн нас бардаг гэсэн тооцоо гарч байгаа бөгөөд үүний 95% нь Африкийн болон Азийн орнуудаар тохиолддог байна. Мөн зарим орны халдварт өвчний тохиолдлыг нийтэд мэдээлдэггүй эсвэл дутуу мэдээлсэн байдлаас хамаарч уг өвчний бодит нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байх магадлалтай юм. Галзуу өвчний гаралтын 99% нь нохойд уруулснаас үүдэлтэй бөгөөд хөгжил буурай орнуудын хүн амын дунд уг өвчний халдварт өртөх байдал  ихэнх хувийг эзэлдэг ба үүний  тал  хувийг 15-аас доош насны хүүхдүүд эзэлж байна.

Human deaths from rabies; B: Death rates per capita (per 100 000 population); countries shaded in grey are free from canine rabies (TRS 3rd report, 2017)

Зураг 1. Нохойгоор дамжсан  хүний ​​галзуугийн тохиолдол

        Баруун Европ, Канад, Америк, Япон болон Латин Америкийн зарим орнууд нохойд уруулснаас үүдэлтэй галзуу өвчинтэй тэмцэж чадсаны хүчинд уг өвчнийг  устгаж чадсан байна.  Австрали болон Номхон далайн   орнууд нохойд уруулснаас үүдэлтэй галзуу өвчнийг устгаж чадсан боловч халдвар тээгч  зэрлэг амьтдаар  дамжих галзуу өвчний тохиолдлыг нийтэд мэдээлж уг өвчний  халдварын тархалтыг хянахад  ихээхэн анхаарч байна.

Латин Америк ба Карибын орнууд

        Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Пан Америкийн эрүүл мэндийн байгууллага (PAHO)-ын хамтран бүс нутгийн хэмжээнд  тогтвортой хяналт тавьснаар хүн болон нохойд тохиолдох галзуугийн өвчлөл мэдэгдэхүйц буурсан юм. 2013-2016 оны хооронд нохойн галзуу өвчний тохиолдол зөвхөн 8 улсад бүртгэгдсэн байна. Гэвч Америк тивд галзуу өвчний үүсгэгч Лиссавирус (Lyssavirus)-ийг тээгч цус сорогч сарьсан багваахайгаар дамжих хүний галзуугийн тохиолдол дийлэнх  хувийг эзэлж байна. 

Ази

        Галзуу өвчин  Ази тивийн эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг бөгөөд жилд 35,172 хүн нас бардаг байна. Түүний дотор Энэтхэг улс уг өвчний тохиолдлын  тоогоор тэргүүлж байгаа бөгөөд нийт тохиолдлын  59.9%, нас баралтын 35% -ийг эзэлж байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд  Ази тив хамгийн өндөр зардал гаргадаг бөгөөд жилд 1,5 тэрбум ам доллар зарцуулж байна. Өнөөгийн байдлаар Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН) 2021 он гэхэд хүний галзуу өвчнийг устгах зорилготой бүс нутгийн хэмжээний стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

Африк

            Африк тивд нохойд уруулснаас үүдэлтэй галзуу өвчний улмаас жилд 21,474 хүний нас баралт бүртгэгддэг. Африк тивийн хувьд галзуу өвчнийг хянахад хамгийн бага хөрөнгө  зарцуулдаг, хөдөлмөрийн насны хүн амын дунд нас баралт  хамгийн өндөр хувьтай байсан ч  сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд  нохойд уруулснаас үүдэлтэй галзуу өвчний тохиолдол эрс буурч байна.

Төв Ази, Ойрх Дорнод

        Жил бүр Төв Азид 1,875 хүн, Ойрх Дорнодод 229 хүн галзуу өвчний улмаас нас бардаг гэсэн мэдээ байна. Эдгээр бүс нутгийн улс орнууд нь халдварт өвчний мэдээ баримтаа олон улсын байгууллагуудад явуулдаггүйн улмаас уг өвчний талаарх мэдээ хомс  байна. 

        Нохойд уруулснаас үүдэлтэй галзуу өвчний дэлхий нийтэд учирлуулж байгаа эдийн засгийн нийт зардлыг 8.9 тэрбум ам.доллар гэж тооцоолж байна. Латин Америкийг эс тооцвол уг өвчинбайнга гардаг  бүс нутагт нохойны дархлаажуулалтад  зарцуулах мөнгөний хэмжээ бага байна. Галзуу өвчний хяналтын хөтөлбөрийг олон оронд хэрэгжүүлж байгаа бөгөөд нохойг дархлаажуулалтад  заавал хамруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, мэдээ мэдээлэл, сургалтын  хүртээмжийг сайжруулснаар хүний нас баралт буурч  байна. Дэлхий нийтээр 2030 гэхэд нохойн галзуугийн   улмаас үүдэлтэй хүний нас баралтыг устгахыг зорьж байна.

Эх сурвалж: https://www.who.int/rabies/epidemiology/en/

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.