Орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйн практикт эмийг өргөн хүрээтэй ашиглаж байна. МАА-д эмийг олон зорилгоор хэрэглэдэг. Мал амьтдын өвчнийг эмчлэх сэргийлэх, малын тэжээлийн шингэцийг сайжруулах, малын өсөлтийг түргэсгэх, мал амьтдын стрессийг бууруулж тайвшруулах зэрэг зорилгоор ашигладаг. Бүх эмүүдийг эмчилгээний зорилгоор ашигладаггүй тул түүний хэрэглээний зорилго, аргыг үл харгалзан мал аж ахуйд ашигладаг бүх фармакологийн идэвхт бодисуудыг "малын эм" гэж нэрлэж хэвшсэн. Хүн болон мал эмнэлэгт ашиглах эмүүд нь улам хүчтэй ангилалд хуваагдан шинээр боловсруулагдсаар хүнсний зориулалттай мал амьтанд ашиглах эмийн нэр төрөл улам олширсоор байна: АНУ-ын ХАА-н департаментын (USDA) хүнсний аюулгүй байдал, хяналтын албанаас (FSIS) яг малын эм биш боловч мал амьтанд хэрэглэх боломжтой 400 орчим эмийн бодисын тооцоог гаргажээ.
Хүнсний зориулалттай мал амьтныг эмчлэх, сэргийлэх зорилгоор ашиглаж буй эмийн бодисуудыг ерөнхийд нь нянгийн эсрэг (антибактериал), дотор шимэгчдийн эсрэг (антигельминтик), кокцидын эсрэг (антикокцидиал), эгэл биетний эсрэг эм бэлдмэлүүд (антипротозоал) гэж ангилдаг. Дээрх бүлгүүдэд багтдаг эм бэлдмэлүүдийг ерөнхийд нь амаар, самшуу бус замаар, гадуур хэрэглэдэг. Зарим амаар олгодог эмүүдийг тэжээлд нь багаар нэмж өгч эмчилгээний журмаар ашигладаг. Хэдийгээр тэжээлд нь нэмж өгч байгаа ч үүнийг тэжээлийн нэмэлт гэдэг ойлголттой хольж болохгүй ба гол ялгаа нь хүнсний нэмэлт нь эмийг бага тунгаар тэжээлд нь хольж олгон тэжээлийн шингэц, өсөлтийг сайжруулан, кокцидиозоос сэргийлэх бол өвчтэй малд эмийг өндөр тунгаар тэжээлд нь хольж өгөх явдал юм. Эмчилгээний эм бэлдмэл нь малын эрүүл мэндэд чухал асуудал байдаг бол хүнсний нэмэлт нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой ажээ. Энэ нь малын эмийн зах зээлийн тэн хагасыг эзэлдэг. Тэжээлийн нэмэлтүүд гэсэн бүлэгт тусгай антибиотикууд, нийлэг антибактериалууд, антимикробиал өсөлт түргэсгэгчид, антикокцидиал бэлдмэлүүд ордог.
Малын эм нь МАА-н ердийн хэрэглээ болсон бөгөөд АНУ-ын хувьд л гэхэд бүх хүнсний зориулалттай мал амьтны 80% орчим нь амьдралын туршдаа эмчилгээний журмаар эмийг тогтмол хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Тиймээс хүнсний зориулалттай мал амьтанд хэрэглэхийг зөвшөөрсөн эм бэлдмэлүүдийг дэлхий нийтээр өргөн хүрээтэй ашиглаж байна. АНУ-ын мал амьтны эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан дүнгээс харахад хүнсний зориулалттай мал амьтны хэрэглээнд зориулсан эмийн худалдааны хэмжээ нь 1983 онд 2 тэрбум доллар давж, тэжээлийн нэмэлт нь түүний талыг эзэлж байжээ. 31.9 сая фунт антибиотик нийтдээ үйлдвэрлэсний 58% тетрациклин болон пенициллин Ж байжээ. Үүний хагасаас илүү нь малын тэжээлд хэрэглэгджээ. АНУ-д саалийн үнээний 75%, үхрийн 60%, гахайны 75%, шувууны 80% амьдралынхаа туршид нэг болон хэд хэдэн эмийг тэжээлтэйгээ цуг хэрэглэсэн гэсэн тооцоо гарсан байна. Мал амьтанд хэрэглэх хэрэглээний цар хүрээ хэмжээгээр тетрациклин болон пенициллин Ж тэргүүлэх бөгөөд дараа нь тилозин, сульфонамидууд, нитрофуранууд, нянгийн эсрэг өсөлт болон йонофор нянгийн эсрэг бэлдмэлүүд орж байна.
Мал амьтны төрөл, сүрэг дэх өвчлөлийн байдал, шаардлага, нягтаршил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хүнсний зориулалттай мал амьтны эмийн бодисын тун янз бүр байдаг. Малын эмийн худалдаанд ампул, үрэл, шахмал, түрхлэг, гель, мөхлөг, холимог, тосон түрхлэг, тосон уусмал, нунтаг, уусмал, суспенз, зутан, капсул, үтрээний спирал зэрэг маш олон төрлийн хэлбэрээр байдаг. Эмийн найрлага нь тухайн эмийн хэлбэрээр эрхтэн тогтолцоонд шингэх процесст ихээхэн нөлөөтэй. Маш олон өвчнүүдийн үед тогтсон нэг тунгаар эмчилдэг бол зарим онцгой нөхцөлд тунг ихэсгэж мөн багасгаж ч болох юм. Эмчилгээний тунг хэтэрхий багаар тооцон олгож зарим тохиолдолд оновчтой боловч ерөнхийдөө эмийн үйлчилгээг сулруулах хандлага ажиглагддаг. Заримдаа эмийн тунгын хэмжээ зөв боловч олгох давтамж хэтэрхий зайтай болж эмийн үйлчлэл тасалдах эсвэл давтамж зөв боловч олгох тун хэтэрхий доогуур байх тохиолдол байдаг. Мал амьтны эм бэлдмэлүүдийг маш олон төрлийн замаар олгодог бөгөөд чихээр, арьсан дор, дэлэнд нэвчүүлэх, булчинд, хамарт, гүзээн дотор, нүдэнд, үтрээнд, венийн судсаар, амаар, шулуун гэдсээр болон арьсан дор гм замуудаар олгодог.
Эх сурвалж. DRUG RESIDUES IN FOODS /Pharmacology, Food Safety, and Analysis/
Nikolaos A. Botsoglou
Dimitrios J. Fletouris
Aristotle University Thessaloniki, Greece