Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн оношилгоо, шинжилгээний ажил 2016 оноос, тандалтын мэдээллийн систем 2018 оноос цахим хэлбэрт шилжсэн билээ. Лабораторийн оношилгоо, шинжилгээний ажлын үр дүнг системтэй, эмх цэгцтэй болгох, дээж, сорьцын гарал үүсэл, дата мэдээллийг чанаржуулах, хариу, үр дүнг цахим хэлбэрээр солилцох, шийдвэр гаргагч албан тушаалтан, байгууллагуудад шуурхай хүргүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор системийг санаачлан 21 аймаг, нийслэлийн лабораторид нэвтрүүлсэн. Одоогоор тус лабораторийн цахим систем (vetlab.shinjilgee.mn)-д “Мал эмнэлгийн нэгдсэн систем”- MAHIS, “Экспортын нэг цонхны систем- SWS, Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ- IVC, “Махны үйлдвэрийн систем”- MFOS, “Нүүдэлчин утасны аппликэйшн”-ийг тус тус холбож, мэдээлэл солилцохоос гадна холбогдох байгууллагууд нь тус лабораторид хийгдсэн экспортын шинжилгээний хариуг шууд татан авч үйл ажиллагаагаа шуурхай явуулж байна.
Харин тандалтын систем (sur.shinjilgee.mn)-ийн хувьд Монгол Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний нөхцөл байдлыг хянах, өвчний халдвар хил дамнан нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар болон зэрлэг амьтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг холбож мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлсэн.
Энэ жилийн хувьд тус лаборатори нь урьд өмнө хөгжүүлсэн шинжилгээ ба тандалтын мэдээллийн цахим систем дэх дата мэдээллийг богино хугацаанд боловсруулах, дүн шинжилгээ хийх, үйлчлүүлэгчид болон шийдвэр гаргагч салбарын, салбарын бус байгууллагуудад УМЭАЦТЛ-ийн үйл ажиллагаа болох төрийн үйлчилгээг ойлгомжтой хэлбэрээр хүргэх, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Төсвийн Нэгдсэн Систем болох OpenGov (scvl.opengov.mn) системийг тун удахгүй нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.