• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн цээж өвчин


1. Тодорхойлолт: Үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Үхрийн цээж өвчин нь мал амьтны халдварт өвчнийг ангилсан Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар гоц халдварт өвчинд багтдаг бөгөөд MYCOPLASMA MYCOIDES хүрээний MYCOIDES дэд хэв шинжийн SC (Small colony) буюу маш жижиг колони үүсгэдэг микоплазмаар (MmmSC) үүсгэгдэнэ.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Гадаад орчинд тэсвэр муутай. Тухайлбал, нарны шууд гэрэлд 5 цагийн дотор идэвхээ алддаг. Муудсан сүү, мах, бусад бүтээгдэхүүнд 9 хоног хүртэл идэвхтэй байх бөгөөд ердийн сэрүүн орчинд нэг жил хүртэл идэвхээ хадгалж чаддаг онцлогтой. Харин -300С-аас доошгүй хэмд хөлдөөгөөд хатаасан нөхцөлд 5 жил хүртэл идэвхээ хадгална. Үүсгэгч нь 580С-т нэг цаг идэвхтэй байж чаддаг ба 0,5%-ийн карболын хүчил үйлчилдэггүй.

3. Халдвар дамжих зам: Энэ өвчнөөр эвэртний аймгийн бүх амьтад өвчлөх бололцоотой. Өвчтэй амьтад нь уг өвчнийг тээгч болохоос гадна халдварын эх булаг болно. Өвчин агаар дуслын замаар дамжина. Өвчилсөн үхрийн салс, сүү, шээс болон тугалласан үнээний хээлийн шингэнээр үүсгэгч гадагшилна. Ердийн нөхцөлд халдвар хавьтлын замаар дамжина.Одос үхэр болон сарлаг энэ өвчинд илүү мэдрэмтгий. Зориуд халдаахад хонь, ямаа, цаа буга өвчилдөг боловч үхэх нь ховор бөгөөд цаашид уг өвчнийг дамжуулагч болно. Харин тайван бус нутгаас ирсэн хүнээр халдвар дамжсан тохиолдол байдаг.Эрдэмтдийн судлагаагаар уушигны цулын шингэний урсгал их саатдагаас, цээжний хөндийд шингэн их хуримталж, өвчилсөн үхрийн уушиг томорч зарим тохиолдолд 20 кг хүрсэн нь тэмдэглэгдсэн байна. 
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Нууц үе нь 2–4 долоо хоног байна. Өвчин цочмог, цочмогдуу, архаг явцтай, хэв шинжит болон хэв шинжит бус хэлбэрээр илэрч болно. Цээж өвчин ихэвчлэн архаг явцтай илрэх ба цахилгаан явцтай байх нь тун ховор. Цахилгаан явцтай үед биеийн халуун 410С хүрч хивэхгүй болж номойрно. Тасалдсан, уухичсан амьсгалтай болох ба заримдаа чацга алдана. Цээжний гялтан, уушиг богино хугацаанд үрэвсэж өвчилсөн үхэр 2–8 хоноод үхнэ. Цочмог явцын эхний үед хуурай, эмзэглэлтэй, огцом ханиалгаж биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Дараа нь зүрхний цохилт 80–100, амьсгалын тоо 55 хүрэх ба биеийн халуун огцом нэмэгдэж 41–420С болж үхтэл хадгалагдана. Үхрийн биеийн байдал эрс муудаж амьсгал өнгөц, хүчтэй бөгшүүлж ханиалгах ба хамраас салст идээт шингэн гоожно. Уушгийг тогшиход ихэвчлэн нэг талын бөглүү бүдэг дуу сонсогдох ба чагнахад цулцангийн юм уу гуурсны чанга амьсгал сонсогдоно. Заримдаа тодорхой хэсэгт амьсгалын чимээ сонсогдохгүй ба гялтан үрэвссэн үед хавиралдах мэт өвөрмөц чимээ, уушигны хөндийд дуслах дуслын дуу сонсогдоно. Өвчилсөн үхэр хөлөө алцайж амаа ангайж хүзүүгээ сунган зогсоно. Хавирганы завсраар дарах, сэрвээнээс барилахад маш эмзэглэлтэй байна. Омруу, хэвлий, хөл орчимд хавантай байна. Сүү нь татарч хээлтэй бол хээл хаяхын дээр 10–15 хоноод үхнэ.
Цочмогдуу явцтай үед цочмог явцын үеийнхтэй адил шинж тэмдэг ажиглагдах бөгөөд түр зуур илрэхгүй болно.
Архаг явцтай үед хааяа ханиалгах, идээтэй цэр гарах, турах, салст бүрхүүлүүд цайх хөл, хүзүү, хэвлий орчмоор хавагнах, чацга адлах, үе үе халуурах шинж тэмдэг илэрнэ. Чагнах, тогших аргаар үзлэг хийхэд уушгинд сахуулайт үрэвсэл болсон байна. Өвчин 6 сар орчим хугацаанд үргэлжилнэ.
Далд хэлбэрийн үед эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд зөвхөн ийлдэс судлалын шинжилгээгээр илэрнэ.
Хэв шинжит бус хэлбэрийн үед түр зуур халуурах, хааяа ханиалгах, тэжээл, усандаа дургүй болох зэрэг шинж илэрнэ. 
5. Э
мгэг бие бүтцийн хувиралт: Гол өөрчлөлт нь уушгинд илрэх бөгөөд уушигны гэмтсэн хэлтрүүд томорч маш хатуу болсон байна. Зүсэж үзэхэд амархан бүлэгнэх усавхи шингэн гоожно. Огтлолын гадаргыг харахад уушигны гэмтсэн хэсгүүдийг бусад хэсгээс тусгаарласан хэлтэр хоорондын холбогч эдийн холбоос хүчтэй нэмэгдэж цагаан саарал өнгөтэй болж өргөссөн байна. Тунгалгийн судсууд тунгалаг шингэнээр дүүрсэн байх ба уушигны үрэвслийн элэгжилтийн явцаас хамаарч уушиг цагаан, улаан цагаан, хүрэн улаан  өнгөтэй болж гантиг шиг алагласан байна. Уушигны элэгжсэн хэлтрүүдэд холбогч эдээр бүрхэгдсэн үхжсэн эд бүхий үхжлийн том голомтууд илэрнэ. Энэ голомтууд гадаад талдаа зөөлөн, барзгар байдаг бол дотроо хатуу, нягт байна. Тэдгээр голомтонд үүсгэгч удаан хугацаагаар хадгалагдаж малын биеийн эсэргүүцэл буурах үед уушигны эрүүл эдийг гэмтээж өвчлүүлнэ. Цээжний гялтанд ширхэгэнцэрт өнгөр үүсэх бөгөөд тунгалгийн зангилаанууд томорч хавагнасан, жижиг үхжлийн голомтууд үүссэн байна. Заримдаа уушиг, гялтан, үнхэлцэг, зүрх хоорондоо холбогч эдээр наалдаж нийлсэн байдаг. Эдгээр хувиралт архаг явцтай үед  ажиглагдана.
Цочмог явцтай үед уушгинд улаан, цагаан элэгжилтийн шатанд олон тооны үхжлийн голомтууд үүсч хэлтэр хоорондын холбогч эд их өргөссөн байх ба цээжний хөндийд усавхи ширхэгэнцэрт шингэн хуримтлагдсан байна. Эдгээр шинж тэмдгүүдийг төвлөрсөн болон хувиар нядалсан үхрийн уушгинд илэрсэн тохиолдолд онцгой анхаарч онош тодруулах шаардлагатай. 
6. Онош: Үхрийн цээж өвчнийг тархвар судлалын байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн урьдчилсан онош тогтоож лабораторийн шинжилгээний дүнгээр  батлагаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.3.2–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид үүсгэгчийг ялган авах болон ПГУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Цусан халдвар, сүрьеэ, халдваргүй гаралтай сахуулайт үрэвсэл зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай. 
7. Эмчилгээ: Хийдэггүй. Шинжилгээгээр мөн болох нь тогтоогдвол шууд устгана.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ:Үхрийн цээж гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ. 
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.